Байгуулагдаад удаагүй Тахарын албыг татан буулгах асуудал өнгөрөгч долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар орж ирсэн ч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Тахарын албыг Хууль зүйн сайдын чиг үүрэгт оруулах гэсэн санал гаргасан нь 79.7 хувийн дэмжлэг хүлээснээр Тахарын алба хэвээр үлдээд байгаа. Энэ цаг үед Тахарын албаны Гэрч, хохирогчийг хамгаалах газрын дарга М.Ичинноровоос зарим асуултад хариулт авлаа.
-Тахарын алба байгуулагдаад жил ч болоогүй байтал татан буулгах асуудал яригдлаа. Танайхан хэсэг бужигнав уу?
-Айл гэр болж тоглодог гэдэг шиг улстөрчид улс орноороо, ард түмнэрээ тоглож байгаагийн нэг илрэл, шулуухан хэлэхэд. Гэрч, хохирогчийг хамгаалахгүйгэрээ шударга ёс тогтоно гэж байхгүй, хэрэг үнэнээр шийдэгдэхгүй, эрхзүйн шинэтгэл хэрэгжих блломжгүй. Ийм нөхцөлд гэрч, хохирогчийг хамгаалах хуультай болоод, хэрэгжих механизм буюу Тахарын алба байгуулагдаад хөл дээрээ зогсох гээд явж байхад нь татан буулгах асуудал яригдсан нь дэндүү ухвар мөчид санагдаж байгаа. Бид өөрсдийнхөө албан тушаалыг хамгаалж байгаа хэрэг огт биш. Энд ажиллаж байгаа 700 гаруй хүмүүсийн амьдрал, хувь заяаны асуудал төдийгүй, хүний эрхийн асуудал. Хүний эрхийг төр хэрэгжүүлж, төр хангах үүрэгтэй. Тэр тогтолцоо, тэр механизм өнөөдөр нугарч хугарах ёсгүй. 2012-2016 оны Засгийн газрынх нь мөрийн хөтөлбөрт гэрч хохирогчийг хамгаалах системийг бэхжүүлэх зорилго байгаа шүү дээ. Тэр зорилгоо хамгаалах ёстой. Тахарын алба гэж анхнаасаа нэрийг нь өгөхдөө хүртэл татагнасан, харамласан. Уг нь олон улсын нэршил нь Маршалын алба юм. Тахар гээд ойлгомжгүй нэр томъёо өгсөн. Гэхдээ бид Тахарын албыг Маршалын албаны хэмжээнд ажиллуулна гээд зориглоод, сэтгэл гаргаад ажиллаж байгаа. Тахарын албыг татан буулгах үндэслэлийг төсөв хэмнэх гэж тайлбарлаж байсан. Би үүний эсрэг байгаа. Энэ бол төсөв хэмнэж байгаа хэлбэр ердөө биш. Энэ албанд батлан хамгаалах, цагдаа, шүүхийн шийдвэр, хууль сахиулах бусад байгууллагуудаас ажлаа хийж байсан залуусыг шилжүүлж томилсон. Өөрөөр хэлбэл цоо шинээр хүмүүс ажилд аваагүй. Нөгөө талөөс бид шинэ байгууллагыг шинэ тогтолцоо, эрхзүйн шинэ харилцааг шинэ арга барилаар төлөвшүүлэхийг зорьж, итгэл үнэмшил өвөрлөж яваа. Жишээ нь Гэрч, хохирогчийг хамгаалах газарт харьяалагдаж буй залуустаа “Хэн ч орж ирсэн туслаад гаргана” гэдэг зарчим баримталж, энэ хандлагыг хэвшүүлэхийн төлөө явж байгаа. Өнөөдөр ийм хандлага цагдаагийн байгууллагад төлөвшөөгүй л байгаа шүү дээ. Урьд өмнө гэр, хохирогчид төрийн хамгаалалт, сэтгэл зүйн, эрүүл мэндийн туслалцаа байгаагүй. Төр туслалцаа үзүүлэх нь ямар чухал вэ гэдгийг манайд ирж туслалцаа авч байгаа ядарсан, хохирсон, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн нүднээс харж болно. Ингэж үгүйлэгдэж байсан системийг эвдэж болохгүй, эвдүүлэхгүйн төлөө дуугарч, үгээ хэлж байна.
-Тахарын албаны чиг үүргийг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх гаарт шилжүүлэх боломжтой гэж яригдсан. Ийм боломж бий юу?
-Цагдаагийн байгууллага энэ ажлыг хийж чадахгүй. Чадахгүй гэдэг нь өнгөрсөн цаг үед харагдсан. Цагдаагийн байгууллага цалин хөлс бага, ачаалал их, боловсон хүчний дутагдалтай. Тахарын албаны чиг үүрэгт гэрч, хохирогчийн хамгааллыг оруулаад энэ чиг үүргийг хэрэгжүүлэх цоо шинэ боловсон хүчний хангалт хийгээд, шилдэг залуусаас бүрдсэн Аюулгүй байдлын хэлтэс, түүн дотор элит батлион байгуулж, тэр хүмүүсээ тусгай сургалтанд хамруулж ажиллаж байгаа. Гол нь тусгай сэтгэл зүй шинэ үйлчилгээний хандлагаар ажиллаж байгаа. Нэг л жишээ дурдая. Эхнэрээ байнга зодсоор байгаад сэтгэцийн өвчтэй болгочихсон. Эхнэр нь сэтгэцийн эмнэлэгт хэвтэх хооронд хүүхдүүдээ зодож хүчирхийлдэг. Тэгээд цагдаад дуудлага өгөхөөр “Энэ хүн согтуу биш учраас авч явахгүй” гээд яваад өгдөг гэж байгаа. Тэгэхээр цагдаагийн байгууллагын өнөөдрийн тогтолцоо, хуулийн хүрээнд “Согтуу биш бол гэмт хэрэг” биш юм байна л даа. Ийм сэтгэлгээтэй, ийм тогтолцоотой цагдаагийн байгууллагад ийм эмзэг асуудлыг хариуцуулна гэдэг үнэхээр бүтэхгүй. Жирийн хэрэг дээр ингэж хандаж байгаа юм чинь гэрч, хохирогчийг хамгаална гэдэг үлгэрийн далай л болох байх даа.
-Гэрч, хохирогчийг хамгаалах хуульгүй, төр хамгаалалтандаа аваагүй байхад энэ ажлыг цөөн хэдэн Төрийн бус байгууллага сэтгэлээрээ хийж байсан. Гэхдээ л үр дүн хангалтгүй байсан шүү дээ?
-Төрийн бус байгууллага хамгаална гэхээр хүчирхийлэгчид, гэмт этгээдүүд үнэндээ тоодоггүй л байхгүй юу. Төрийн нэрийн өмнөөс, төр дардастай, тусгай чиг үүрэгтэй Маршалын алба гэрч, хохирогчийн хамгаална гэдэг өөрөө их чухал ойлголт. Гэр бүлийн хүчирхийлэл, хүчингий хэргийн тухайд жишээ татая л даа. Айлагн сүрдүүлээд, дарамталж байсан хүмүүсийн хулхи нь буудаг гэдгийг богинохон ч гэсэн өнгөрсөн хугацаанд харлаа. Тэр хүмүүст урьдчилан сануулах арга хэмжээ аваад, дахиж дарамт, хүчирхийлэл үзүүлбэл эрүүгийн хариуцлагад татна, бид энэ хүнийг төрийн нэрийн өмнөөс хамгаалалтад авлаа, та энэ хүнд халдах эрхгүй гээд гарын үсэг зуруулж байна. Төр гэдэг төмөр нүүрээ харуулахдаа харуулж, зөөлөн гараа сунгах үедаа сунгадаг органик тогтолцоо. Энэ тогтолцоо маань дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу ядарсан зовсон тэр хүмүүст л нэмэртэй. Нөгөө талаас зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигын хэргийн гэрчүүд хэзээ ч ил гардаггүй. Яагаад гэхээр тэдний аюулгүй байдал хамгийн баталгаагүй байдаг учраас. Гэрч, хохирогчийг хамгаалах эрхзүйн соёл нь олон улсад анхнаасаа тусдаа явж ирсэн системтэй. Манай байгууллага ердөө хүнд суртал, эрх ямбатай байгууллага биш. Цагдаа, прокурор, шүүхийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үйлчилгээний “зарц” байгууллага шүү дээ.
-Гэрчийг хуулиар далайлгаж мэдүүлэг өгүүлдэг хэрнээ хамгаалах асуудал нь орхигдож ирсэн гэж зарим гишүүд шүүмжилж байна лээ?
-Тэр үнэн. Энэ байдлаараа явбал гэрч болох хүн олдохгүй. Гэрчийг гэмт хэрэгтэн болгочихдог учраас л амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр болсон нь дээр гэдэг үг гарсан байх. Мэдүүлэг өг гэж шаардаад, мэдүүлэг өгснийх нь дараа гэмт хэрэг хийсэн хүмүүстэй нь хамт хорьдог. Ийм бүдүүлэг тогтолцоо хэрэгжүүлж байгаа цагдаа яаж гэрчээ хамгаалах юм бэ. Би цагдаагийн байгууллагыг муучлах гэсэндээ ийм зүйл яриагүй. Угаасаа бүтэц, тогтолцоо нь ингэж явсаар ирсэнтэй л холбоотой. Тогтолцоог хүмүүс бүрдүүлдэг. Гэтэл тэр хүмүүс нь хүний эрхимйн үүднээс хандаж сурах болоогүй байна. Өнгөрсөн тавдугаар сараас хойш манай байгууллага хар тамхины, гэр бүлийн хүчирхийллийн, хүчингийн хэргийн нийт 33 хүнийг хамгаалалтандаа авч, сэтгэл зүйн эрүүл мэндийн туслалцаа үзүүлсэн байна. Заримыг нь биечилсэн хамгаалалтад авч, аюулгүй газар байрлуулах үйлчилгээ үзүүлсэн.
-Төсөв хэмнэх гэж байна гэдгийг хэрхэн хүлээж авч байгаа вэ. Тахарын алба тийм их төсөвтэй байгууллага уу?
-Хүний эрхийг хангах тухай ойлголт нь төсөв хэмнэх асуудал байж болохгүй л дээ. Төсвийг хэмнэх өөр арга аргачлал, дарга нарын тоог цөөлөх, эрх ямба эдэлдэг тогтолцоогоо багасгах зэргээр. Түүнээс хүний эрхийг хамгаалах тогтолцоогоо хумиж алга болгосноор төсөв хэмнэгдэхгүй. Нэг ийм чухал ойлголт байгаа. Одоо Гэмт хэргийн зөрчлий тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн процессын хуульд өөрчлөлт орохоор эргээд Тахарын алба шиг хэрэгтэй байгууллага байхгүй юм байна гээд амаа барина. Тиймээс л тооцоотой, судалгаатай хандах хэрэгтэй байна.
-Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах гээд өөр чиг үүргүүд Тахарын албанд бий. Эдгээр чиг үүргийн ач холбогдлын тухайд товчхон хариулт өгөхгүй юу?
-Шүүхийн аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах энэ үүрэг нь шүүгчид биш иргэдэдээ шүүхийн соёлтой үйлчилгээг үзүүлж байгаа хэлбэр болохоос шүүгчийн эрх ямбыг хангаад байгаа хэрэг биш. Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах чиг үүргийн мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж байгаа ажил. Цагдаагийн байгууллагын олон жил олоогүй гэмт хэрэгтнийг Тахарын албаны мэргэшсэн залуус баривчилсан. Энэ бол мэргэшсэн боловсон хүчин, шинэ бүтцээр ажиллаж байгаа гэдгийг харуулж байна.
-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Тахарын албыг татан буулгах хэрэгтэй гэж удаа дараа хэлж байсан шүү дээ. Шүүмжилж байгаа үндэслэлээ ч тайлбарласан?
-Улстөрийн мөргөлдөөн байх шиг байна. Гэрч, хохирогчийг хамгаалах хууль байх хэрэгтэй гэдгийг Ц.Нямдорж гишүүн өөрөө Хуульзүйн сайд байхдаа ярьж явсан хүмүүсийн нэг. Энэ хууль чухал гэдгийг хуульчийнхаа хувьд хамгийн сайн мэдэж байгаа хүний нэг гэж бодож байна. Шинэ тутам хөл дээрээ зогсох гэж яваа байгууллага шүү дээ. Хүүхэд эхээс төрөөд шууд гүйдэггүй биз дээ. эхлээд мөлхөнө, бүдэрч унана, дараа нь нэр хоёр алхана, тэгээд гүйнэ. Үүнтэй л адилхан. Аливаа шинэ байгууллагын ажил жигдрэхэд тодорхой хугацаа хэрэгтэй, алдаа байвал залруулах боломж олгох хэрэгтэй. Байгууллага гэдэг хүмүүсээс бүрддэг аьд организм. Ажлаа хийхийн тулд төсөв зардал хэрэгтэй болно. Тиймээс энэ мэт боломжийг нь олгож, ажлынх нь үр дүнг харах л ёстой.
С.ОТГОНСҮРЭН