Т.Ганболд өөрөө тайлбар хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.12.08-нд нийтлэгдсэн

Т.Ганболд өөрөө тайлбар хийнэ

Алтан Дорнод Монгол компанийг хэн нэгэн албан тушаалтнаас худалдаж аваагүй

Сүүлийн үед хуулийн байгууллагын өндөр албан тушаалтан хувийн хэвшлийнхнийг дарамталдаг тухай Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин твиттер хуудсандаа бичсэнээс үүдэн Алтан Дорнод Монгол компанийн нэр хэвлэлийн хуудаснаа дурдагдах болсон билээ. Тус компанийн эзэмшигч Т.Ганболдыг хуулийн өндөр албан тушаалтанд 4 сая доллларын авилга өгсөн хэмээн хэвлэлүүд таамаглан бичиж байгаа юм. Бид энэ талаар тус компанийн хуулийн зөвлөхөд хандан тодруулга авлаа. Тэд өнөөдөр 12.30 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлгэх юм.

-Алтан Дорнод Монгол компани дөрвөн сая ам. долларын  авилга өгсөн компани мөн юм уу. Хэвлэлүүд ингэж  бичсэн байх юм?

-Юуны өмнө хэлэхэд Алтан Дорнод Монгол компани ямар нэгэн байдлаар хэн нэгнийг авилгын хэрэгт буруутгасан мэдээлэл өөрсдийн зүгээс хийгээгүй. Хэвлэлд гарсан баримтад Ерөнхий захирал  өөрөө тайлбар өгөх байх. Бизнесийнхнийг дарамтлах, элдэв хэрэгт өөрсдийн үзэмжээр хандаж хорих цагдах үйл явдал байгааг бүгд мэдэж байгаа. Хэвлэлд гарсан энэ мэдээллээс болж харин компанийг дарамтлах, элдэв хэрэгт гүтгэх  явдал гарах юм бол бид Монголынхоо хэвлэл мэдээлэл, цаашлаад олон улсын хүний эрхийн байгууллагууд руу хандахаас аргагүй болно.

-Хэвлэлд гарсан их өндөр мөнгөн дүнтэй шилжүүлгийг Алтан Дорнодыг  худалдан авах төлбөр байсан гэж хүмүүс жиргэсэн байна лээ. Үүнд тайлбар хийх үү?

-Алтан Дорнод Монгол компанийг бид хэн нэгэн албан тушаалтан эсвэл Монгол улсын аж ахуйн нэгжээс худалдаж аваагүй. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Түүний эзэн ОХУ-ын бизнес эрхлэгч Паушокоос олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүх хууль дүрмийн дагуу гэрээ хэлцэл хийн худалдан авч бүх төлбөрийг барагдуулсан. Гэрээ хэлэлцээр, төлбөр хийсэн баримт бүрэн эхээрээ хадгалагдаж байгаа.  Олон улсын санхүүгийн бүх дүрэм журмын дагуу. Тэгэхээр хэвлэлд гарсан  баримт бол Алтан Дорнод Монголыг худалдаж авсан төлбөрийн баримт огт биш гэдгийг онцолж хэлэхийг хүсч байна. Ер нь цаашдаа  янз бүрийн гүтгэлэг, дайралт, дарамт  ирвэл бид өөрсдийгөө хамгаалуулахаар олон нийтэд хандаж, өөрсдөд байгаа бүх материалаа хэвлэлээр дэлгэх болно. 

Б.БУД


"Алтан дорнод Монгол" компани мэдээлэл хийлээ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудаснаа 4 сая ам.долларын гүйлгээний баримтыг дэлгэсэн нь багагүй шуугиан тариад байгаа юм. Энэ гүйлгээг "Алтан дорнод Монгол” компанитай холбоотой гэх асуудал хэвлэлээр гарч байгаатай холбогдуулан тус копманиас мэдээлэл хийлээ. Хурлын үеэр "Алтан дорнод Монгол" компанийн тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэлээс дараах асуултад хариулт авлаа.

-Хууль зүйн сайдын дэлгэсэн 4 сая ам.долларын гүйлгээг танай компанитай холбоотой гэх мэдээлэл гарч байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

Энэхүү 4 сая ам.долларын төлбөрийн баримтыг дэлгэснээр манай компанитай холбогдох хувьцааг нь худалдан авсан мөнгөний эх үүсвэр, компанийг хэн, хэрхэн худалдан авсан талаарх зөрүүтэй мэдээлэл багагүй гарч байна. 4 сая ам.долларын төлбөрийн баримт нь "NRI" гэдэг компаниас хийгдсэн гүйлгээ юм. Тус компани нь "Алтан дорнод Монгол" компанитай ямар ч холбоо хамааралгүй. Энэ компани нь Т.Ганболд гэдэг хүний хамаарал бүхий компани юм. Энэхүү 4 сая ам.долларыг төлбөрийг хэзээ, хэнд, ямар зориулалтаар, яагаад шилжүүлсэн болохыг Т.Ганболд захирал өөрөө тайлбарлана. Өнөөдрийн хуралд эрүүл мэндийн шалтгааны улмаас ирж чадсангүй.

– Т.Ганболд нарыг "Алтан дорнод Монгол" компанийг хууль бусаар авсан, шалгана гэхмэтчилэн мэдээлж байгаа?

-Т.Ганболд нарын тус компанийг худалдан авсан мөнгө нь цэвэр мөнгө эсэхийг Хууль зүйн яам, Сангийн яам, Тагнуулын ерөнхий газар зэрэг газрууд бүх бичиг баримтыг шалгаж ямар нэгэн хууль зөрчсөн, бохир мөнгөтэй холбоогүй гэдгийг тогтоосон.

-Тус компанийг яг хэдэн төгрөгөөр, хэрхэн худалдаж авсан юм бэ?

-"Алтан дорнод Монгол" компанийг 1999 онд С.В.Паушок байгуулсан ОХУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани байсан. С.В.Паушоктой холбоотой иргэний болоод эрүүгийн байгагүй маргаан үүсч, энэ асуудлаар олон улсын Арбитрийн шүүхэд хандсан. Энэ бүхний эцэст Арбитрийн шүүхээс татварын өрийг энэ компани төлөх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсны дараа С.В.Паушок компаниа худалдсан. Энэ худалдсан гэрээг 2011 есдүгээр сард худалдагч талаас С.В.Паушокоос худалдан авагч Т.Ганболд нар гарын хооронд гэрээ хийгдэж, Т.Ганболд худалдан авсан байдаг. Энэ гэрээний дагуу ОХУ-ын  ЭСЯ-ны Консулаас "Алтан дорнод Монгол" компани хуулийн дагуу компанийг худалдан авсныг нотолсон байдаг юм. Энэ компанийг авахдаа нийт 300 сая ам.долларыг зарцуулсан. Энэ мөнгөн дүнд улсад төлөх их хэмжээний өр, нийгмийн даатгалын өр, ажиллагсдад дөрвөн жил өгөөгүй цалин, "Итошу" корпорацид төлөх өр, ОХУ-ын банкинд төлөх өр болон манай улсын арилжааны банкуудаас авсан өр төлбөр багтсан байсан. "Алтан дорнод Монгол" компанийн хувьцааг нийт 18 сая ам.доллараар худалдан авсан. Энэ бол ганцхан төлбөрийн даалгавар. Энд ямар ч 4 сая ам.долларын тусдаа төлбөр, гүйлгээ байхгүй юм.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж