Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Төлбөрийн даатгал

Тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн зам тээврийн осол гаргаж, өрөөлийн (гуравдагч этгээдийн) амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан бол ямар ч тохиолдолд түүнийг төлж барагдуулах ёстой. Жолоочийн өмнөөс өөр хэн ч төлөх ёсгүй. Энэ бол ардчилсан нийгэмд заавал байх ёстой харилцаа бөгөөд холбогдох хуулийг баталж, ягштал мөрдүүлэх нь төрийн үндсэн үүргийн нэг. Төр угаасаа иргэдийн эрх, эд хөрөнгө, аюулгүй байдлыг хамгаалах гуравхан үүрэгтэй. Энэ үүргээ хэрэв боломжтой бол хувийн хэвшлийнхээр хийлгүүлж, боломжгүй бол Засгийн газраар хийлгэх ёстой. Учир нь Засгийн газар аль ч ажлыг хувийн хэвшлээс хэд дахин өндөр зардлаар гүйцэтгэдэг учир төр өөрөө хийх нь сүүлчийн сонголт байвал дээр. Монголын төр засаг “Мартсанаас мал мэнд үү” гэдэг шиг хааяа нэг үндсэн үүргээ гэнэт санадагийн тод жишээ нь өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж эхэлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөл. Уг нь энэ хууль аль хэдийнэ гараад хэрэгжиж байх ёстой юм. Ямар ч гэсэн хэлэлцүүлэг эхэлж байгаа нь сайн хэрэг.

Оройтсон нь оргүйгээс дээр ч гэдэг. Ер нь бол тээврийн хэрэгслийн ослоос болж учирсан хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын гэмтэл, хохирлыг хэн төлөх ёстой гэдэг нь ойлгомжтой энгийн асуудал. Мэдээж хэн буруутай этгээд л төлөх ёстой. Буруутныг нь тогтоож, хохирсон талын хохирлыг түрүүлж төлөөд, хохируулсан талаас нь дараа нь гаргуулан авдаг үүргийг даатгалын компани гүйцэтгэдэг ганцхан аргыг хүн төрөлхтөн одоогоор олсон юм. Даатгалын хэлбэр, төрөл, үнэ улс орнуудад ялгаатай ч зарчмын хувьд хоёр төрлийн даатгал байдаг. Нэгдүгээр төрөл нь заавал байх ёстой даатгал. Энэ даатгалыг даатгуулагч (анхдагч тал), даатгагчаас (хоёрдогч тал) өөр аль нэг талаас (гуравдагч) даатгуулагчийн тээврийн хэрэгсэлтэй холбогдон гарсан хохирлыг төлүүлэхээр нэхэмжилж болох хувилбараас сэргийлэх зорилгоор энэ даатгалыг хийлгэдэг. Энэ даатгалыг тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулсны улмаар гарч болох хохирлын төлбөрийн даатгал буюу “автомашинаар гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг барагдуулах өр төлбөрийн даатгал” (a motor third party liability insurance) гэдэг. Энэ даатгалыг тухайн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг авахдаа эзэмшигч худалдаж авах ёстой. Энэхүү хуулиар баталгааждаг албан даатгалаар хэрэв тухайн машины жолооч осол гаргаж бусдыг шархдуулж, бэртээсэн, урдаа явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн, эсвэл гэрэл дохионы шон дайрсан гэх мэтээс болж гарсан хохирлоос даатгуулдаг.

Тээврийн хэрэгсэл бүрээр хохирлыг хариуцах тодорхой доод төвшнийг тогтоодог бөгөөд манайд энэ босгыг 5.0 сая төгрөгөөр тогтоох санал гаргасан юм байна. Жолооч нэг л удаа хураамж төлөх бөгөөд тэр нь 300-400 мянган төгрөг байж болох юм. Энэ төвшин тээврийн хэрэгслийн төрөл ангиас хамаарч өөр өөр байж болно. Энэ албан даатгалыг тээврийн хэрэгсэл эзэмшигч ганцхан удаа төлөх бөгөөд тухайн хэрэгслийн эзэмшил өөр хүнд шилжих хүртэл хүчин төгөлдөр байна. Хоёр дахь төрлийн даатгал бол авах нь ашигтай ч, хүн бүр авсан байхыг заавал шаарддаггүй өөр нэг даатгал билээ. Энэ бол хохирлын төлбөрийн төвшнийг өндөр болгох, эзэмшигч болон тухайн хэрэгслийг жолоодох эрхийг бичигтэй хэн нэг хүнд давхар үйлчлэх даатгал юм. Энэ даатгалыг жил жилээр сунгах бөгөөд жилийн төлбөр нь тухайн хүний нас, туршлага, тээврийн хэрэгслийн хэлбэр, загвар, төрөл, ангиас хамааран ялгаатай байдаг. Ялгааны хэмжээг тухайн орны олон жилийн статистикийн дүнд үндэслэн тогтоосон байдаг. Жишээ нь 40 гарсан, 20 жил машин барьсан хүний жилийн төлбөрийн хэмжээ 20 гарсан, гурван жил жолоо барьсан хүнийхээс хямд байдаг.

Эдгээр үнийн жишгийг даатгалын компаниудын холбоо нь тогтоодог. Энэхүү заавал авах ёстой даатгалын хуулийн цаад утга нь хүн бүр юугаараа явах нь хувь хүний эрх боловч тэгж явахдаа өөр хүний эрх чөлөө, эд хөрөнгөнд хохирол учруулжсан бол бусдын эрх, эрх чөлөө, эд хөрөнгөнд халдаж байгаа хэрэг мөн учир тийм халдлагаас таныг болон бусдыг хамгаалах зорилготой юм. Зарим улсад даатгалыг осол гарсан үед л байлгахыг шаарддаг. Хэрэв даатгалгүй бол үйлдсэн гэмт хэргийнхээ хохирлыг төлж барагдуулах хүртэл машины дугаар ба жолооны эрхийг хурааж авдаг. Хуулийг хэрхэн нэрлэсэн, машин-жолооч хоёрын алийг нь дагуулж даатгахаас үл хамааран иргэд бидний хоолой дээр тулчихаад байгаа тээврийн хэрэгслийн ослын хохирлын төлбөрийн асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай байна. Монголчууд бид дугуй дахин бүтээх шаардлагагүй бөгөөд бусад орнууд энэ асуудлаа яаж шийдсэнийг судалж, түүнийг бүтээлчээр хэрэгжүүлэх цаг ирчихээд байна.

http://djargal.blogmn.net/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж