Ерөнхий сайд томилогдсоноос хойш хоёр долоо хоног өнгөрч, Засгийн газрыг байгуулах өдөр өнгөрсөн баасан гаригаар эцэслэх байсан ч чадсангүй. Зөвхөн Шадар сайдыг хуульд заасан хугацаанд нь багтааж томилсныг эс тооцвол 17 сайд хугацаа хэтэрч томилогдох болов.
Төсвийн алдагдал зузаарч, хувийн хэвшлүүд хийх ажилгүй болж, зогсолт хийж буй энэ үед Засгийн газрыг цаг алдалгүй байгуулах нь УИХ-ын үүрэг байсан ч яаж ч зүтгээд барсангүй. МАХН гэж “том” нөхдүүдийн улстөрөөс болж сайдад нэр дэвшигчийг нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг баасан гаригийн орой бүтэн дөрвөн цаг хүлээв.
Эцэст нь, Ерөнхий сайд 16 сайдынхаа нэрийг УИХ-ын даргад өргөн мэдүүлж, чуулган хуралдаж эхлэхэд МАХН-ынхан хоёр сайдаа тодруулав. Тус намын хувьд УИХ-ын гишүүн Ц.Цолмоныг Батлан хамгаалахын сайдад, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг Эрүүл мэндийн сайдад тус бүр нэр дэвшүүлсэн юм. Ийм сонголт хийх зааврыг намын дарга нь БНСУ-аас өгсөн гэх мэдээлэл байна.
Уг нь МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдах үед Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн хүн удирдах ёстой гэсэн саналыг олон гишүүн илэрхийлж, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Л.Жамбалжав, “Элэгний” гэх тодотголтой Ж.Хатанбаатар нарыг нэр дэвшүүлэх боломжтой гэж үзсэн байна. Мөн мэргэжлийн хүмүүс томилохгүй гэж үзэж байгаа юм бол одоогийн сайдаа хөдөлгөөд хэрэггүй. Хүний амь настай холбоотой салбараар улстөр хийж таарахгүй гэх байр суурьтай гишүүд цөөнгүй байсан ч намын даргынхаа зааврыг дагахаас аргагүй байсан бололтой.
Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигчийг тодруулахад ч МАХН-ын гишүүд дуугүй суугаагүй байна. “Тооноор орж ирсэн торгон дээлт минь чамд хэчнээн дээл хэрэгтэй юм бэ” гэх үгийг чулуудаад амжжээ. Энэ мэтээр гишүүд нь талцаж сайд тодруулахад цаг нэлээд авсан байна.
Харин УИХ-аар сайд нарыг хэлэлцэж эхлэхэд МАХН-ынхан хоёр сайдад нэр дэвшигчийг бусад нэр дэвшигчтэй хамт хэлэлцэхгүй бол УИХ-ын чуулганы хуралдаанаас завсарлага авна гэж “бойкот” зарласан байна. Танхимаа байгуулахын тулд Ерөнхий сайд хоцорсон хоёр нэр дэвшигчийн нэрийг УИХ-д өргөн мэдүүлэхгүй байж чадсангүй.
Ингээд асуудал нэг тийш болж, Шадар сайдаар УИХ-ын гишүүн асан УХүрэлсүхийг томилж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн С.Баярцогтыг томилох болоход дахиад асуудал үүсч, чуулганы хуралдааныг хаахаас аргагүй болжээ.
Учир нь УИХ-ын гишүүн Н.Батбаяр УИХ-ын даргад хатуухан үг чулуудсан нь эцсийн дүндээ чуулганы хуралдааныг хаахаас аргагүйд хүргэж, зөвхөн Шадар сайдыг томилсноор ажлаа өндөрлүүлсэн байна.
Маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарласан байгаа, сайд нарын томилгоо сунжрахгүй л батлагдаасай даа.
Дөрвөн яам ерөнхий чиг үүргийнх байна
1. Гадаад хэргийн яам
2. Сангийн яам,
3. Хууль зүйн яам
4. Байгаль орчин, аялал жуучлалын яам
Чиглэлийн яамд
5. Аж үйлдвэрийн яам
6. Барилга, хот байгуулалтын яам
7. Батлан хамгаалах яам
8. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
9. Зам, тээврийн яам
10. Уул уурхайн яам
11. Хөдөлмөрийн яам
13. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
14. Хүнс, хөдөө аж ахуйн яам
15. Эрчим хүчний яам
16. Эрүүл мэнд, спортын яам
АН-аас нэр дэвшсэн сайдууд.
1. ЗГХЭГ-ын дарга: С.Баярцогт
2. Хууль зүйн сайд: Д.Дорлигжав
3. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд: С.Эрдэнэ
4. Хүнс хөдөө аж ахуйн сайд: Р.Бурмаа
5. Аж үйлдвэрийн сайд: Д.Эрдэнэбат
6. Уул уурхайн сайд: Р.Жигжид
7. Эрчим хүчний сайд: Д.Зоригт
8. Гадаад харилцааны сайд: Л.Пүрэвсүрэн
9. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд: Л.Гантөмөр
МАН-аас нэр дэвшсэн сайдууд.
1. Шадар сайд: У.Хүрэлсүх
2. Сангийн сайд: Ж.Эрдэнэбат
3. Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайд: Д.Оюунхорол
4. Хөдөлмөрийн сайд: С.Чинзориг
5. Зам тээврийн сайд: Н.Төмөрхүү
6. Барилга хот байгуулалтын сайд: Д.Цогтбаатар
“Шударга ёс эвсэл”-ээс нэр дэвших сайд.
1. Монгол Улсын сайд: М.Энхсайхан /МҮАН/
2. Батлан хамгаалахын сайд: Ц.Цолмон
3. Эрүүл мэнд, спортын сайд: Г.Шийлэгдамба
Г.ДАРЬ