“Ролан Гаррос” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

“Ролан Гаррос” эхэллээ

Талбайн теннисний хамгийн том дөрвөн цувралыг нэг “Ролан Гаррос”-ын нээлттэй тэмцээн эхэллээ. Тэмцээн эхлэхийн өмнө түрүүлэх магадлалтай хүмүүсийн жагсаалтад Рожер Федерерийн нэр байхгүй байв. Мэдээж энэ нь түүний сүүлийн үеийн тоглолтуудын формтой холбоотой биз. Гэхдээ л Федерерийн нэрийг түрүүлэх хүмүүсийн жагсаалтад оруулаагүйд олон хүн гайхаж байна. Нэг талаараа энэ бол яах аргагүй сенсаац юм. Францын нээлттэй тэмцээнийг гайхалтай эхлүүлсэн тэрбээр хагас шигшээ хүртэл ногоон гэрлээр явах биз. Харин яг энэ шатанд Новак Жоковичтой таарах магадлалтай болохыг мэргэжилтнүүд урьдчилан таамаглаад байгаа. Ер нь бол энэ тэмцээнд оролцож буй Муррей, Давыденко, Дел Потро Гаске, Надаль зэрэг шороон замын лидерүүд өрсөлдөгч бүрээ ялсаар хагас шигшээд хоорондоо учрах магадлал өндөр байна. Их Британийн теннисчин Муррейгийн хувьд өнгөрсөн “Их дуулга”-ын цомыг атгаад алдсан. Францын тэмцээний тэргүүн теннисчдээр нэрлэгдсэн тамирчид хэдийнэ ялалтаа байгуулж эхэлжээ. Эмэгтэйчүүдээс тааруу чансааныхаа буянг эдлэх боломжтой өөр нэг хүн бол Шарапова юм. Тэрбээр шөвгийн наймын шатнаас нааш том теннисчинтэй өрсөлдөхгүй. Польшийн Радванскад дэгээдүүлчихгүй л бол бусдыг нь хожоод  гараад ирэх чадвар түүнд байна, бас форм байна. “Мастерс” зэрэглэлийн Римийн тэмцээнд үүнийгээ харуулсан. Тус тэмцээн шороон талбайд зохиогддог тул Мариягийн дээрх амжилт олны анхаарлыг гойд татсан. Гэвч нэг зүйл дээр олонх эргэлзэж байна. Тэр бол Клийстерсийг хожиж чадах уу? гэсэн асуулт. Орос бүсгүй бельги эмэгтэйтэй шөвгийн наймд уулзана. Ким түүнийг формтой үед нь ч хождог элдэвтэй тул энэ уламжлалаараа шат ахиж мэднэ гэлцэх дүгнэлтийг тоймчид өгч байгаа аж. Мэдээж Шараповаг өндөр амжилт гарган, урьдын төвшиндээ эргэн гараасай гэж үзэх олон теннис сонирхогч, ивээн тэтгэгч компани бий. Өнгөрсөн улирлын баатар Возняцкийн тухайд хэлэхэд, айхтар эсэргүүцэлтэй тулгарах нь ээ. Түүний бүсэд Хантухова, Пир гэсэн гандан бууршгүй бүсгүйчүүд байгаагаас гадна Кузнецова, Бартоли, Штосур нарын топ теннисчид багтжээ. Дани бүсгүй тэднийг хождог юмаа гэхэд хамаг хүчээ шавхсан байдалтайгаар хагас шигшээд тоглох нь ээ. Гэтэл энэ шатанд түүнтэй үзэлцэх боломжтой хүмүүс нь Янкович, Петрова, Скьявони нар байгаа юм. Юутай ч “Ролан Гаррос” тойрог бүртээ дуулиан дагуулах нь тодорхой байна.

Зохиогчийн эрх: “Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж