С.Дэмбэрэл халаагаа өгөх үү?

Хуучирсан мэдээ: 2014.12.07-нд нийтлэгдсэн

С.Дэмбэрэл халаагаа өгөх үү?

МҮХАҮТ-ын XIX их хурал маргааш болох гэж байна. Баялаг бүтээгч хувийн хэвшлийнхнийг олон жилийн турш нэгэн туган доор жагсааж чадсан, бас чиг гэж Хятадын хөрөнгө оруулалт татан томоос том ордонтой болоод амжсан МҮХАҮТ гэдэг бага газар биш. Хувийн хэвшлийнхэн, тэр дундаа гишүүн байгууллагуудынхаа хувьд өмөг түшиг болсоор ирсэн  тус танхимын ээлжит их хурлаар шийдэх нэгэн чухал асуудал нь МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгчөө сонгох юм.

Тус байгууллагыг 1997 оноос өнөөг хүртэл толгойлж ирсэн хүн бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл юм. Тэрбээр 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болон сонгогдсон ч МҮХАҮТ-ын дарга гэсэн албан тушаалаа орхиогүй, хэн нэгэнд халаа сэлгээгээ өгөөгүй өнөөдөртэй золгоод байна. Түүний энэхүү үйлдлийг буруутган буруушааж, Үндсэн хуулийн Цэцэд хүртэл хандсан тохиолдол гарч байсан.  Хуулийнхаа дагуу бол УИХ-ын гишүүнийг давхар ямар нэг албан тушаал хашихыг хориглодог. Гэтэл С.Дэмбэрэл 2012 оноос хойш УИХ-ын гишүүн, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга гэсэн хоёр албан тушаалыг хамтад нь хашиж ирсэн нь хууль зөрчиж байна хэмээн үзсэн МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат Үндсэн хуулийн цэцэд  хандсан юм. Харин Цэцээс МҮХАҮТ нь төрийн бус байгууллага учраас маргаан үүсгээд шалгаж нягтлаад байх шаардлагагүй гэсэн шийдвэрийг Дунд суудлын хуралдаанаасаа гаргасан байдаг.  Гэвч төрийг төвхнүүлэх их ажлын хажуугаар баялаг бүтээгчдийнхээ эрх ашгийг хамгаалах амаргүйн дээр нэгэнт энэ байгууллагын нэрээр /хэдийгээр ИЗНН-аас нэр дэвшсэн ч МҮХАҮТын дарга гэсэн албан тушаал, бизнес эрхлэгчдийн итгэл үнэмшил УИХ-д сонгогдоход  илүүтэй нөлөөлсөн гэж хүмүүс үздэг /төрийн өндөр дээд албан тушаалд очсон С.Дэмбэрэлийн хувьд залуу, шинэ боловсон хүчинд халаагаа өгөх болсон гэсэн яриа  гарчээ. Үнэн бол, бизнесийнхэн МҮХАҮТ-ыг удирдаж буй  толгойдоо салхи оруулах  нь бололтой.
Улс орны эдийн засагт хямрал нүүрлэснийг дээр дооргүй хүлээн зөвшөөрсөн. Хямрал хувийн хэвшилд хамгийн хүндээр тусч байгаа. Арга ядсан бизнесмэнүүд, тэр дундаа үндэсний үйлдвэрлэгчид  “Хямралыг хямдралаар туулъя” гэсэн уриаг дэвшүүллээ. Харин МҮХАҮТ-ынхан хямрал огт болоогүй мэт, болсон ч тэдэнд хамаагүй мэт нүдэн балай, чихэн дүлий өнөөдөртэй золгоод байгаагаас  баялаг бүтээгчид шинэ дарга, шинэ ерөнхийлөгчийн эрэлд мордсон байхыг үгүйсгэх аргагүй.  Ямартай ч маргааш Сочлын төв өргөөнөө баялаг бүтээгчид чуулж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг сонгох нь. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл халаагаа өгөх болов уу?

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж