-Танд Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын мэнд хүргэе.
-Баярлалаа. Ардчилалаар овоглосон Танай сонины хамт олонд болон Ардчилсан намын гишүүд дэмжигчид, монголын нийт ард түмэндээ Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
-25 нас гэдэг хүнээр бол ид ажил амьдралаа төвхнүүлж эхэлдэг үе. Монголын ардчилал 25 жилийн хугацаанд алдаатай, оноотой түүхэн цаг үеийг туулж ирсэн. Энэ хугацаанд Монголын ардчилал монголчуудад юуг өгч чадав. Бас юун дээр бид алдав. Дүгнэх үе нь өнөөдөр мөн үү?
-25 жил улсын хувьд бага хугацаа, хүний хувьд хуучин монголчуудын дундаж наслалт бага байхад бол насных нь тал нь. Зуун жилээр бодвол дөрөвний нэг гээд янз бүрээр дүгнэж болно. Ардчилсан хувьсгалын хувьд 5 биш, 10 биш 25 жил учраас алдаа оноогоо дүгнэх, цаашид хэрхэх вэ гэдгээ ярилцах цаг мөн үү гэвэл мөн. Тэгээд 1989 оны 12 дугаар сарыг 2014 оны 12 сартай харьцуулахад ямар байна вэ гэдгийг төсөөлөөд бодох хэрэгтэй. Өнөөдрийн нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа шинэ юм бүхэн монголын ардчиллын монголчууддаа өгсөн үр дүн. Бас нүдэнд харагдаж, гарт баригдахгүй оюун санааны өөрчлөлтийг хэлж баршгүй.
-Ардчиллын үнэ цэнийг ойлгоогүй хүмүүс ардчиллын тухай хамгийн их ярьдаг гэх шүүмжлэл байдаг. Ардчилал гэдгийг та өөрийнхөөрөө тодорхойлохгүй юу?
-1990 оноос өмнөх нийгэмд 2000 он гэхэд коммунизмд орно, тэгээд чадлынхаа хэрээр ажлаа хийнэ, хүссэнээрээ авч хэрэглэнэ. Эсвэл зүгээр сууж байгаад сайхан амьдарна гэдэг ч юм уу тодорхой зорилготой явдаг байж. Бүр тэдэн онд тэгнэ, ингэнэ гэдэг. 1970 онд социализмын материал техникийн баазыг барьж дуусгана, 2000 онд зүгээр суугаад сайхан амьдардаг болох учраас тэрний төлөө өнөөдөр сайн ажилла гэдэг зорилготой нийгэм байсан. Тэр нь худлаа болсон. Учир нь тийм зүйл байдаггүй. Зүгээр суугаад мөнгө төлөхгүйгээр дэлгүүрээс зүгээр авдаг тийм нийгмийг байгуулахаар зүтгэж байсан үе бий гээд ярих юм бол 1990 онд төрсөн хүүхдүүд “Энэ Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга юу яриад байна аа. Ийм юм байх боломжгүй” гэж хэлнэ. Түүнтэй нэгэн адил хүмүүс ардчиллыг ойлгоод байна. 2004 он гэхэд ардчилалд орно, шилжиж дуусаад бүх юм сайхан болно гээд өөрсдөөсөө салангид төсөөлдөг. Ардчиллыг социализм шиг ойлгоод байна. Ардчилал гэдэг дээрх шиг ухагдахуун биш, зүгээр бидний амьдрах арга. Социализм, коммунизм шиг тодорхой хугацааны дараа зүгээр сууж байгаад сайхан амьдардаг ийм зүйл дэлхий дээр байхгүй. Үүнтэй адилхан ардчилал ялсан уу, яг одоо хаана явж байна, бүр мөсөн орчихсон уу гээд хуучин нийгмийн үнэлгээгээр үнэлээд асуулт тавиад байгаа учраас надаас хариулт гарахгүй. Тэгэхээр социализм, коммунизм шиг зорилт байхгүй. Улс орны хөгжил бол тодорхой зорилттой. Бид тэдэн он гэхэд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 50.000 ам.доллар болгоно, эсвэл бүх айлыг орон сууцанд оруулна ч гэдэг юм уу. Энэ бол хөгжсөн орнуудын хамгийн дээд хэмжээ. Ийм тодорхой шалгуурууд байна. Үүн шиг ардчилал гэдэг бол өөрөө шалгуур биш. Хувийн өмч дээр тулгуурласан, зах зээлийн өрсөлдөөн явагдаж байдаг, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй, олон намууд өөрийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, түүгээрээ сонгуульд оролцож, төрийг тодорхой хугацаагаар удирдах эрх авдаг тогтолцоо 1990 оноос өмнө байгаагүй. Одоо энэ тогтолцоо нэгэнт бий болчихсон. Өнөөдөр бид үг хэлэхдээ дарга юу гээд бодчих бол, зөв болов уу, буруу болов уу гэж бодохгүйгээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Шашин шүтэх хориотой байсан бол одоо шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй. Хувийн өмчтэй байх нь чөлөөтэй боллоо. Өнөөдөр авьяас чадвар нь байдаг бол юу ч хийгээд түүнийгээ зараад хэн ч гэсэн сайхан амьдарч болно. Янз бүрийн хязгаарлалтууд байхгүй боллоо. Сонгуульд чөлөөтэй оролцоод, тухайн эрх барьж буй нам сайн ажиллах юм бол дөрвөн жилээр хугацааг нь сунгаж болдог, муу ажиллах юм бол өрсөлдөгч намыг нь сонгож болно. Өмнө нь бид ганцхан телевизийн суваг үздэг байсан бол одоо зуу гаруй суваг үзэж байна. Энэ мэтээр маш их материаллаг болон оюун санааны өөрчлөлтүүд гарсан. Ардчилал өөрөө үйл явц болохоос маргааш хүрэхээр төлөвлөсөн зорилго биш л дээ. Энэ талаас нь харах юм бол алдаа нь юундаа байна, оноо нь юундаа байна, хэрхэн сайжруулах вэ гэдэг нь асуудлын гол гогцоо болж байгаа юм. Мэдээж төгс төгөлдөр нийгэм гэж байхгүй. Коммунизм гэдэг шиг хүн зүгээр дээшээ харж хэвтээд хүссэн зүйлээ дэлгүүрээс авчихдаг ийм нийгмийг Карл Маркс ч юм уу Ленин мөрөөдөж байсан байх. Гэхдээ энэ боломжгүй учраас бүтэлгүй туршилт болсон. Бүхэл бүтэн дэлхийн хэдэн арван орны, хэдэн зуун сая хүнээр хийсэн туршилт байлаа. Тэр туршилт одоо дууссан. 2000 онд коммунизмд шилжинэ гэж боддог байсан хүмүүст хандан хариулахад ардчиллыг бид сонгосон, буцалтгүй үйл явц болчихсон, тэр дунд та амьдарч байна, таныг хэн ч албадаж хөдөө явуулахгүй. Та хотод амьдарна уу, хөдөө амьдарна уу таны л эрх. Малаа маллана уу, талхаа хийнэ үү, Нарантуул зах дээр худалдаа эрхэлнэ үү чөлөөтэй. Ажил мэргэжил, амьдрах газраа чөлөөтэй сонгох гээд энэ бүхэн бол ардчиллын бодит үр дүн. Амьдрал дээр мал маллах хэцүү байна гээд гомдол ярьдаг зарим хүмүүс хөдөө байдаг л даа. Буцаад 1990 оны өмнөх шиг малыг улсынх болгож, танд мал малласан гээд хэдэн төгрөг өгчихье гэхээр “тийм юм байхгүй шүү. Энэ бол миний хувийн өмч” гэж хэлдэг болсон. Тэгэхээр энэ бол эргэлт буцалтгүй явагдаж буй үйл явц. Ардчилал өөрөө өөрийгөө засаад явж байдаг процесс. Цаашид улам л сайжрах ёстой. Энэ нь бас өөрөө сахилга, хариуцлагын тухай ойлголт. Ажил хийж байгаа хүн бүхэнд 8 хувийн зээл аваад олон жилийн турш буцааж төлөх нөхцөлтөйгөөр орон сууцанд орох боломжийг төр иргэддээ олголоо. Энэ бол та ажилтай байж гэмээн гэр бүлтэйгээ тохилог орон сууцанд сайхан амьдарч болно гэж өөрт нь хариуцлага хүлээлгэж байгаа юм. Түүнээс биш ардчилал гэхээр юу дуртайгаа хэлж, хийж, замбараагүй байхын нэр огт биш. Ардчилал хөгжсөн орнуудад хамгийн сайн хэрэгждэг зүйл бол хууль. Монгол Улс хуулиа өөрөө мэдэж гаргадаг болсон хэлий ч хэрэгжүүлэх тал дээр асуудал байгаа. Гэхдээ жил ирэх тутам хуулийн хэрэгжилт сайжирч байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.
-Манай улс ардчилсан хувьсгалыг харьцангуй тайван замаар хийсэн гэж ойлгодог. Хийх болсон шалтгаан, нөхцөл нь ч гэх юм уу, тухайн үеийн нөхцөл байдал гээд бусад улс оронд ардчилсан хөдөлгөөн үүссэнээс Монгол улсын ардчиллын үйл явц ямар ялгаатай байсан гэж та дүгнэх вэ. Монголын ардчилсан хувьсгалыг дэлхий нийт хэрхэн үнэлдэг бол?
-Хамгийн тайван замаар хийсэн. Нэг ч цонх хагараагүй. Улс төр болон нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийг нэгэн зэрэг хийснээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Нэг гараанаас эхэлсэн дундад Азийн орнуудтай харьцуулахад тэнд бол хуучны авторитари дэглэм үргэлжилж байна. Харин бид өнөөдөр эрх чөлөөтэй улс болсон байна. Зүүн Европын орнууд, дундад Ази, Монгол, Орос гэх мэт орнууд 1990 оноос шилжилт хийсэн гэх юм бол улс орны хөгжлийн түвшин, ардчиллын хөгжлийн түвшин нь янз бүрийн байдалтай байна. Бид ардчилсан хувьсгалыг нэгэн зэрэг хийснээрээ, нэг ч цонх хагараагүй, нэг ч хүн үхэж үрэгдээгүй гэдгээр бахархдаг. Дэлхий нийт ч энэ үзүүлэлтээр нь өндөр үнэлдэг.
-Ардчилсан нийгэмд шилжснээр хувь хүн болоод улс орны нийгэм, эдийн засагт маш их өөрчлөлт авчирсан. Гэтэл үзэл бодол, сэтгэлгээ, эдийн засаг гээд бүгдийг нэг дор огцом өөрчилсөн нь оновчтой биш алхам байсан гэж тайлбарлах зарим судлаачид бий. Таны бодлоор бүх өөрчлөлтийг зэрэг эхлүүлсний алдаатай болон оносон талууд нь юу вэ?
-Бид материаллаг болон оюун санааны өөрчлөлтүүдийг зэрэг хийж шилжилтийн үеэс хурдан гарсан нь дээр байсан. Яахав, 1990 онд ингэж үздэг хүмүүс байсан. Өмч хувьчлах цаг болоогүй, гэрээ түрээсийн хэлбэрээс болгоомжтой эхэлье, улс төрийн эрх чөлөөг өгөх цаг нь болоогүй. Үүнийг харж байж, бага багаар нь өгье ч гэдэг юм уу. Монгол Улсад тэрийг бодоод, төлөвлөөд, хүлээгээд байх цаг байгаагүй. Манай улсын социализм, коммунизмаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилт бол зөвлөлтийн тусламж нэг өдөр гэнэт зогссонтой холбоотой. Урьд нь улсын төсвийнхөө ихэнх хэсгийг Зөвлөлтийн тусламжаар нөхдөг байсан улс. Нөгөөх нь алга болчихоор төсөвт нь маш том цоорхой үүссэн. Хоёрдугаарт, манайд үйлдвэрлэдэг байсан бүтээгдэхүүнүүдийг авдаг байсан зах зээл нэг л өдөр хаагдсан. Цахилгаан станцууд зогсохдоо тулсан, энэ мэт олон зүйлийн давхцал болсон. Яваагүй зам бүхэн сайхан гэдэг үг бий. Тэгэхээр 1990, 1991, 1992 онд үүнийг бодож, төлөвлөх гэж хүлээх цаг байгаагүй. Тэгээд ч шилжилтийн үе хурдан өнгөрч тэр хэрээр цаг хугацаа хожиж хохирол багатай туулсан.
-Сүүлийн үед зарим ардчиллын анхны зүтгэлтнүүд, партизанууд “Миний хүссэн ардчилал, бидний зорьж тэмүүлэн тэмцэж явсан ардчилал энэ биш. Бид ийм нийгэм хүсээгүй” гэж ярих тохиолдол гарч байна. Анх тэмцэж байхдаа тавьж байсан зорилт, тэмүүлэлдээ хүрч чадсан уу. Чадаагүй бол хэзээ зорилгодоо хүрэх вэ. Зорилгодоо хүрэхийн тулд бид юу хийх хэрэгтэй вэ
-Зарим нэг хүн ингэж ярихыг үгүйсгэхгүй. Гэхдээ социологийн судалгаа хийгээд үзэхэд монголын ард түмний дийлэнх буюу 80-90 хувь нь сонгосон замдаа сэтгэл хангалуун байдаг. Цаг зуурын бэрхшээл бүх асуудалд тулгардаг, зарим хүн өөр ч юм бодож байсан байх. Нэг л өдөр коммунизм шиг ардчилал гэдэг сайхан нийгэмд орохоор ажил хийхгүй гэдсээ илээд хэвтэж байгаад өндөр цалин авна гэж бодсон хүн байхыг ч үгүйсгэхгүй. Тийм бодол хэрэгжих боломжгүй. Мэдээж бид хуулийн байгууллагын реформыг хийж чадаагүй байна, шударга ёс сайн хангагдсан гэж хэлэхгүй. Саяхан цуг амьдардаг залуудаа зодуулсны улмаас нас барсан эмэгтэйн тухай хэвлэлээр их бичиж байна. Шүүх эмнэлэгийн тогтоосноор нөхөр нь зодоогүй өвчнөөр нас барсан гэж дүгнэлт гаргаад байдаг, тэрийг нь шалгаад үзэхээр шүүх эмнэлгийнхэн хахууль аваад буруу дүгнэлт гаргаад, зөвхөн тэр ч биш иймэрхүү үйлдлээрээ нэлээд олон хүнийг хохироож байсан харагдаж байна. Энэ болгоныг бид цэвэрлээд явах ёстой болохоос биш, энэ өөрөө ардчилал буруу байна, сонгосон зам маань буруу байна гэж бүхэлд нь дүгнэх үндэслэл болохгүй. Одоо тэр авлига авсан эмч нар хуулийн дагуу хариуцлагаа хүлээгээд, дараагийн шүүх эмнэлгийн ажилтнууд ийм үйлдэл гаргахгүй байх зэргээр системээ л сайжруулах ёстой. Түүнээс биш нэг юм болохоор л шударга бус нийгэм, миний хүссэн ардчилал энэ биш гээд байх нь харьцангуй ойлголт. Хүсээд байгаа нийгмээ бүтээхийн тулд хөдөлмөрлөх ёстой. Социализм шиг хүссэн бүхнийг чинь ямар нэг улс төрийн товчоо авчраад өгөхгүй. Тиймээс иргэд дараагийн сонгуульд санал өгөхдөө нөхцөл байдлыг сайтар тооцож аль намд хэн нэгэнд санал өгөхөө шийдэх хэрэгтэй. Жишээ нь дээрхи тохиолдолд авилгатай тэмцэж шударга ёс тогтоож чадах намдаа санал өгөх хэрэгтэй.
-Анх ардчилсан хувьсгалыг хийхэд хүмүүс үзэл бодлоороо нэгдэж байсан. Явцын дунд нам байгуулан хэдэн хэсэг хуваагдсан ч 2000 онд ардчиллын төлөөх таван нам нэгдэж, зорилгоо нэгтгэсэн түүх бий. Тийм ч болохоор АН-ыг нэгдмэл байж чаддаггүй, удахгүй зарим хэсэг нь салж явна гэх байдлаар өдөөн хатгасан аястай дүгнэх мэдээлэл гардаг боллоо. Ардчиллын төлөөх таван нам нэгдэн нийлсний ач холбогдол мэдээж олон байгаа байх?
-1989 оны 12 дугаар сараас эхлээд Монголын ардчилсан холбоо, Шинэ дэвшил холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Монголын оюутны холбоо гээд дөрвөн үндсэн холбоо байгуулагдсан. Эдгээр нь өнгөрсөн хугацаанд нам болж төлөвшөөд, гэрчилгээгээ авч, 1992 оны сонгуульд орж ялагдсан. 1996 оны сонгуульд эвсэл болж ороод Улсын Их Хурлын 76 суудлын 50-ыг нь авч ялалт байгуулж байлаа. 2000 онд ялагдсан. Гэхдээ тухайн үеийн сонгуулийн хуулийн онцлог болох багахан хувь илүү авсан нь бүгдийг авдаг сонгуулийн тогтолцооноос болж ялагдал хүлээсэн. Тэр үед МАН нийт сонгогчдын 52 хувийн санал авсан байсан ч Улсын Их Хурлын 76 суудлын 72-ыг авсан. Сонгуулийн тогтолцооны ийм гажуудлаас болж ардчиллын төлөө намууд 50 суудлаасаа 4 суудалтай үлдэх хүртлээ ялагдаж байсан түүх бий. Үүний үр дүнд ардчиллын төлөөх 5 нам нэгдэж, үүнээс хойш нэг нам болсон. Энэ нэгдлийг сална гэж мөрөөддөг хүмүүс бий, харин бид салахгүй. Мэдээж таван нам нэгдэхээр сонгуульд саналаа хуваахгүй болсон, хамгийн том ач холбогдол нь энэ. 2000 оноос хойш сонгуульд ялж ч явна, ялагдаж ч явна. Одоо бол хамгийн олон суудалтай нам. Сая Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцроход АН хоёр, гурван нам болж сална гэж хэвлэл мэдээллээр яригдаж байлаа. Гэхдээ АН эрийн цээнд хүрснээ харуулж, доторх зөрчлөө даван туулж чадсан. Одоо Ерөнхий сайдаа томилоод, шинэ Засгийн газраа байгуулчихлаа. Сайд нараа томилох ажил дээр явж байна. Бид хагарч бутрахын зовлонг үзсэн нам. Улс орны өмнө хүлээж буй хариуцлага бидэнд бий. Тэр нийлсэн намуудын жижиг эрх ашгаас илүү нэгдсэн АН-ын гишүүдийн зорьж байгаа зорилго том. Тийм учраас бид төлөвшиж чадсан улс төрийн хүчин.
-Ардчилсан хувьсгалын үр шимийг хүртэж яваа ч тэртээх өдрүүдэд хэрхэн тэмцэж, яаж зүтгэж явсан хөдөлмөрийг төдийлөн ойлгохгүй байгаа зарим залуу үеийн төлөөлөл байна. Тэдэнд ардчилсан хувьсгалын талаар бодитой мэдээллийг өгөхийн тулд МоАХ болон АН юу хийх ёстой вэ?
-Мэдээж энэ талаар өвгөн партизаны яриа гэдэг шиг хуучнаа дурсаад, яриад суух нь үр дүнд хүрэхгүй болсон. Хийх арга, хэлбэр их байна. Яагаад олон намууд байдаг, хоорондоо ямар ялгаатай юм, тэрийгээ бид сонгууль болсон ч бай, үгүй ч бай нийгэмдээ сурталчилдаг, бид ийм зүйлд зорьж явдаг улс юм, та бүхэн дэмжээрэй гэдэг ажлыг байнга хийх ёстой. Манай намууд хийж амжихгүй байна. Санхүүгийн бололцоо ч байхгүй байна. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүд болон Орон нутгийн хурлын гишүүд тойрогтоо ажиллаж, хурал цуглаан хийхдээ үүнийг тайлбарлаж явах ёстой. Яагаад АН ийм алхам хийгээд байгаа юм, яагаад гэвэл бид улс орноо ингэж хөгжүүлнэ. Засгийн газрын оролцоо бага, хувийн хэвшил эдийн засгаа үүрч явна гэдэг ч юм уу. Нөгөө тал нь, нийгмийн хамгаалал илүү байх ёстой гэж үздэг Зүүний нам байна. АН бол илүү баялаг бүтээж, баялаг бүтээгчдээ дэмжих замаар улсын төсвөө бүрдүүлж, баялаг бүтээх чадваргүй хүмүүстээ халамж үзүүлэх замаар ажиллаж амьдарна гэдэг хоёр өөр үзэл бодол байгаа. Үүнийгээ бид залуу хойч үеийнхэнд тайлбарлах ёстой. Хуучны социализм, коммунизмийн ажил хийхгүй зүгээр суугаад сайхан амьдардаг тийм нийгэм байна гэж итгүүлдэг, түүний төлөө зүтгэдэг байсан хүмүүсийн талаар ярихад 1990 оноос хойш төрсөн хүүхэд ойлгохгүй. Манай нийгэм өнгөт зурагт гэж ярихаар өнгөгүй зурагт гэж байсан юм уу гэж асуудаг хүүхдүүдтэй болчихоод байна. Тэгэхээр 25 жилийн өмнө юу болсон, тэр үед ямар нийгэм байгуулахыг зорьж тэмцсэн, одоо бид ийм байдалтай байна, цаашид ингэнэ гэдгийг тайлбарлах боломж ой тэмдэглэх явцад тохиож байна. Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэж, дүгнэж цэгнэж, цаашдаа хэрхэх талаараа ярилцах нь өөрөө ардчиллын талаар хүмүүст ялангуяа залууст мэдээлэл өгөх боломж юм. Баярын хурал хийж байгаа нь үзэл бодлоо олон нийтэд тайлбарлаж байгаа хэлбэр. Түүнээс биш хуучин ямар байснаа санагалзаад, хэдэн хүн цуглаад, тэрнийхээ дараа концерт үзээд байгаа нь хэлбэр төдий боловч ийм байсан гэж үнэлгээ дүгнэлт өгөөд, ингэж байхдаа оносон нь энэ, алдсан нь ийм байна, цаашид ийм ажлыг хийнэ гэдэг зарчмаар явна. Ардчилал өөрөө тасралтгүй процесс. Намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлснээрээ өрсөлддөг, өрсөлдөөн дундаас ард түмэн сонгуулийн үед аль сайныг нь сонгож цаашаа явдаг. Өрсөлдөөн байхгүй бол нийгэмд хөгжил байхгүй. Өрсөлдөөн өөрөө хөгжлийн үндэс гэдгийг бид мартаж болохгүй.
-Хэн дуртай нь ардчиллыг өмчилдөг гэдэг ойлголт байдаг. Ардчилал бол зөвхөн Ардчилсан холбоо, АН-ын түүх, өмч биш гэж ч байна. АН-ынхан Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж, төв талбайг Чингисийн талбай болголоо. Харин МАН-ынхан үүнийг эсэргүүцэж, Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг. Зүгээр л энгийн зүйлээс харахад энэ мэтээс эхлээд нийгэмд хуваагдал байнга ажиглагддаг. Энэ их хуваагдал, намуудын талцал, хагаралаас гарах арга замыг олж харж байна уу
-Энэ их буруу юмаа. Ардчилсан намынхан Чингисийг өмчлөөд, Ардын намынхан Д.Сүхбаатарыг өмчлөөд байгаа юм байхгүй. Монгол Улс нэг л түүхтэй. Нэг түүхэнд эдгээр хүмүүсийн байгуулсан гавьяа бий. Сүхбаатар гэдэг хүнийг Монголчууд бүгд мэднэ, Чингис гэдэг хүнийг дэлхий даяараа мэднэ. Тэгэхээр бид ядаж түүхэндээ хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. 13-р зууны үеийн Монгол бол дэлхийн тэргүүлэх гүрэн, одоогийнхоор бол АНУ юм уу даа. Дэлхийд өөрийн үзэл баримтлалыг тулган хүлээлгэж, тэрний дагуу дэлхийн хөгжил тодорхой шатанд очсон байгаа. Битгий цайз дотроо амьдраад бай, гарч худалдаа наймаа хий, аялал жуулчлал хийцгээ, Торгоны замаар яв, дипломат харилцаа хий гэж. Та нар манай элчийг хороож болохгүй, алт, мөнгөн гэрэгэ бол энэ хүний тайван амгалан ажлаа хийх баталгаа болно гэх мэтчилэн бодлогыг хэрэгжүүлж байж. Амбан сайд гэдэг үг нь өнөөдөр амбасадор болж хэрэглэгдэж байна. Монгол Улс дэлхийд мандан бадарч явсан түүх ч бий, мөхөөд устахын босгон дээр ирсэн үе ч бий. Энэ бүхнээ зөв үнэлэхгүй юм бүхнийг 1921 оноос эхэлсэн хэмээн маш олон төрлийн 90 жилийн ойн баярыг монголчууд тэмдэглэдэг. Гэтэл Монгол Улс 2200 гаруй жилийн түүхтэй, 1921 оны хувьсгал тэр 2200 жилийн түүхийн өчүүхэн нэг хэсэг нь болохоос биш, цор ганц үнэн нь биш. Асуудлыг томруулан харах юм бол намууд түүх өмчилдөг байдлаа болино. Миний хувьд, 11 дүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрөөр Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн. Энэ бол Улсын Их Хурлын хийдэг л ажил. Үүнийг ийм маягаар туйлшрал болгож болохгүй, эв найртай байх хэрэгтэй. Аль аль нь түүхэнд өөрийнхөө ул мөрийг үлдээсэн. Түүх түүхээрээ л үлддэг.
-Ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгааг Ц.Элбэгдорж АН-ын дарга байхдаа “Эдийн засгийн хувьсгал” гэж байсан. Гэвч энэ нь дорвитой үр дүнд хүрээгүй. АН-ын даргын хувьд Ардчилсан хувьсгалын дараагийн давалгаа юу байх ёстой гэж бодож байна вэ?
-Үйлдвэржилт Монгол Улсад нэн даруй хэрэгтэй. Эдийн засгийн хувьсгалын үргэлжлэл ч гэж болно. Манай улс Манжийн дарлалаас салснаас хойш 103 жил болж байна. Бид нэгэнт дэлхийн тэргүүлэх гүрэн байхаа больсон, аж үйлдвэр гэх юмгүй, хүн ам цөөрсөн. Энэ хооронд дэлхийн орнуудад аж үйлдвэржилтийн хувьсгал явагдаж, олон үйлдвэр байгуулагдаж манай улс их хоцрогдсон. Социализмийн жилүүдэд хөнгөн, хүнсний үйлдвэрүүд хөгжиж, хүнд үйлдвэрийн сураг байхгүй байсан. 1990 оноос хойш Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс өөр эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэр байхгүй л байна. Гэтэл төмрийн хүдэр, зэсийн баяжмал, жонш гээд маш их баялгийг боловсруулахгүйгээр гадаад орнууд руу экспортлож байна. Энэ болгоныг үйлдвэр болгож чадах юм бол хүнд үйлдвэрээс салбарладаг машины үйлдвэр гэх мэт үйлдвэрүүд монголд байгуулагдахыг үгүйсгэхгүй. Суурь аж үйлдвэргүйгээс шалтгаалан эдийн засгийн хөгжил тааруу байна. Хөрш орнуудад бүтээгдэхүүний үнэ өсөхөөр манай зах зээлд шууд нөлөөлдөг. Цахилгаан, шатахуун, гангийн үйлдвэрүүдээ хөгжүүлбэл зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй экспортлох боломж бий. Тиймээс үйлдвэржилт нь Монгол Улсын ч, ардчилсан хувьсгалын нь ч хамгийн том зорилт болчихоод байна. Эхлэл нь Эрдэнэтэд тавигдаж байна. Үүнийг эрчимжүүлэх том ажил дараа дараагийн жилүүдэд хүлээгдэж байна.
-Ер нь Ардчилсан хувьсгалыг одоо ч гэсэн дуусаагүй, үргэлжилж байгаа гэдэг. Монголын ардчилсан хувьсгалын эцсийн үр дүн юу юм бол?
-Монгол хүн эх орондоо сайхан амьдарч, Монгол Улс хөгжих ёстой. Эцсийн үр дүн гэхээр нэг юманд тулж зогсох ёстой юм шиг бодоод байна. Хамгийн Товчоор хэлэхэд, үүнд эцэс төгсгөл гэж үгүй.
Эх сурвалж: "Ардчилал" сонин