Хуучирсан мэдээ: 2014.12.07-нд нийтлэгдсэн

Сайхан мэдээнүүд

Модод нүцгэрч, өвөл болж, цаг буцаж, шинэ жил айсуй. Айлууд гацуур модоо засч, гудамжаар шинэ жилийн дуу эгшиглэж, сайхан мэдээ чих  мялааж, хорвоогийн амьдрал үргэжилсээр…

Залхмаар, зугатмаар энэ их халуурсан улс төржилтийг орхиод амьдралыг сайхан нүдээр олж харах гоё.  Улстөргүй бол үхчихгүй нь мэдээж. Улстөрчидгүй бол Монгол сүйрчихгүй нь ойлгомжтой. Тиймээс одоо улстөржилтийг орхиё. Дуртай хэд нь тэднээ зодолдоод, тэмцэлцээд, хэрэлдээд сууж байг л дээ.

Хэдхэн хоногийн өмнө Хорлоо эмээ хэзээ мөдгүй нурж унах дөхсөн байшинд амьдарч байв. Харин одоо сайхан сэтгэлт залуусын буянаар 90 настай буурал маань шинэхэн байшинтай болжээ. 

Улаанчулуутын хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүд тохилог, дулаахан хичээлийн байртай болжээ. Монгол Улсын гавъяат жүжигчин И.Одончимэг болон "Мобиком" корпорациас санаачлан хэрэгжүүлсэн энэ төсөл  дуусч, сургуулийн нээлт өнөөдөр боллоо.   Тэд ном үзэж, дуу сурч, амьдарлыг өөр нүдээр хардаг болно. Амьдралын гоё мөрөөдөлтэй. Энэ чинь эгэл жирийн амьдралын нэг сайхан мэдээ.   

Сүмогийн их аварга Д.Давгадорж дэлхийн жишигт нийцсэн хүүхдийн эмнэлэг барихаа амлав. Монголоороо омогшдог Монгол аваргын монгол хүүхдүүдийн төлөө гэсэн чин сэтгэлийн сайхан мэдээ.

“Мэргэжлийн хяналтынхан шалгалтаа зогсоожээ”. Бас л сайн мэдээ. Татвар төлөгч, баялаг бүтээгчдийн хувьд төрийн нэг дарамт багасна гэдэг сайн мэдээ байхаас яахав. Байнгын дарамт, шалгалт дор ажиллаж байгаа бизнесийнхэн одоо хариуцлагатай л байж чадвал төрийн дарамтуудыг бүгдийг нь энэ мэтээр багасгах хэрэгтэй.

Улс төр дээр дооргүй бужигнаж байгаа ч хүмүүс ажлаа хийж, талхаа үйлдвэрлэх, гутлаа засч, барилгаа барьж байна. Цагдаа нар замаа зохицуулж, эмч нар өвчтөндөө үйлчилж, багш нар хичээлээ зааж, нэгэн нарны доорх Монголчуудын амьдрал хэвийн үргэжилж байна.

Амьдрал үргэлжийн муу, муухайгаар дүүрчихээгүй байна шүү дээ. Хүмүүс дурлаж, хайрлаж, амьдарч бас бие биедээ тусалж, та бидний амьдрал сайн, сайхан зүйл үргэлжид тохиолддог. Сайхан дуу сонсох ч юм уу, сайхан хүнтэй уулзах сайхан.  Сайхан мэдээ сонсох бүр ч сайхаан гэж. Мэдээж, нар мандах нь тодорхой хойно, Монгол хөгжиж л таарна. Бид эвтэй, хүчтэй, бас хийж, бүтээж чадвал шүү дээ.

Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж