Тайландын хаан ард олонтойгоо мэндчилсэнгүй

Хуучирсан мэдээ: 2014.12.05-нд нийтлэгдсэн

Тайландын хаан ард олонтойгоо мэндчилсэнгүй

Тайландын эзэн хаан Пхумипон Адульядет

 

Тайландын эзэн хаан Пхумипон Адульядет өнөөдөр /XII.5/ 87 насны төрсөн өдрөө Бангкок хотын Сирираж эмнэлэгт өнгөрүүлж байна. Тайландын хаан эрүүл мэндийн шалтгаанаар ард олонтойгоо мэндчилэхээр гарч ирээгүй нь эмнэлгийн гадна цугласан олон мянган хүний урмыг хугалжээ. Шар өнгийн хувцасаар жигдэрсэн олон мянган тайландчууд Пхумипон Адульядетын хэвтэж буй эмнэлгийн гадна цуглан “Эзэн хаан урт насал” хэмээн ерөөн уухайлжээ. Тайландын эзэн хааны ганц хүү Маха Важиралонгкорн эцгийнхээ оронд төрсөн өдрийн арга хэмжээг удирдан явуулсан байна.

 

Тайландын өндөр настай эзэн хаан өнгөрсөн аравдугаар сард цөсний хүүдийгээ авахуулах мэс засалд орсноос хойш бие нь чилээрхүү байгаа аж. Тэрээр хамгийн сүүлд өнгөрсөн арваннэгдүгээр сард ард олны өмнө үзэгджээ. Тайландад эзэн хааныхаа төрсөн өдрийг “Эцгийн өдөр” хэмээн тэмдэглэж, бүх нийтээр амарч өнгөрүүлдэг байна.

 

Тайландад олон сар бослого үймээн үргэлжилж, армийн цэргийн эргэлт гарсан тул одоогоор улс төрийн байдал нь тогтворжоогүй эмзэг байгаа юм. Үүний зэрэгцээ Тайландын угсаа залгамжлах ханхүүгийн эхнэр Срирасмийн төрөл төрөгсөд авилгын хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж