Ардчилсан намын ҮЗХ-ны хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын ҮЗХ-ны хурал хойшлов

Өчигдөр өглөө эхэлсэн Нийслэлийн Ардчилсан намын хурал орой 17.00 цагийн орчимд өндөрлөв. Намын хорооны хурлаар хэлэлцсэн асуудлын эхнийх нь Нийслэлийн намын дарга С.Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх  асуудал байлаа. Намын хорооны гишүүд өнгөрөгч гуравдугаар сард болсон нийслэлийн дүүргүүдийн ҮЗХ-ны сонгуулиар гарсан будилаан, дүүргүүдийн намууд дээр гарсан хагарал зэргээс болж С.Эрдэнэ даргад итгэл үзүүлэх асуудлыг оруулсан аж. Гэвч итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэхээр санал хураалгахад намын хорооны 120 гишүүнээс дөнгөж 46 нь гараа өргөн дэмжжээ. Тиймээс С.Эрдэнэ даргад итгэл үзүүлэх эсэх асуудал өчигдрийн хуралдаанаар хэлэлцэгдсэнгүй. Харин үүний дараа Нийслэлийн намын хороонд шинээр сонгогдсон гишүүдийг батламжлах, хяналтын хорооны бүтэц, зохион байгуулалт, нийслэлийн намын үйл ажиллагааныхаа тайлан зэргийг хэлэлцжээ. Тухайлбал, нийслэлийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын даргыг өөрчилж, оронд нь н.Дашдуламыг, Хяналтын ерөнхий хорооны салбар хорооны даргаар н.Даваадорж нарыг сонгосон байна.
Харин оройн 19.00 цагаас Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, өнөөдөр хуралдахаар товлод байсан ҮЗХ-ны хурлаар хэлэлцэх асуудлын талаар хэлэлцэв. Маргаашийн хурлаар шинээр ҮЗХ-нд сонгогдсон гишүүдийг батламжлах, намын мөрийн хөтөлбөрийн биелэлт зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр урьдчилан товлож, Төрийн ордны их танхимд хийхээр төлөвлөөд байсан. Мөн үүн  дээр Ардчилсан намын даргын асуудлыг бас оруулж магадгүй гэсэн яриа гарсан байлаа. Гэхдээ энэ нь Н.Алтанхуяг даргыг огцруулах хэмжээнд бус, ямар ч байсан энэ асуудлыг ҮЗХ-ны хуралд оруулж, намын даргадаа “донго өгөх” хэмжээнд явна гэсэн таамаг байлаа. Харин Гүйцэтгэх зэөвлөлийн хурал эхлэхийн өмнө ҮЗХ-ны хурлыг хойшлуулж магадгүй гэсэн яриа ҮЗХ-ны гишүүдийн дунд гарсан байв. Учир нь өнгөрөгч гуравдугаар сард аймаг, дүүргүүд дээр явуулсан ҮЗХ-ны сонгуулийн дүн маргаантай, ҮЗХ болон Гүйцэтгэх зөвлөлд шинээр сонгогдсон зарим гишүүдийн асуудал эсэргүүцэлтэй тулгараад байгаа учир ҮЗХ-ны хуралдааныг хуучин бүрэлдэхүүнээр нь хуралдуулах уу, шинээр сонгогдсон бүрэлдэхүүнээр хуралдуулах уу гэдэг ч тодорхойгүй болоод байгаа юм байна. Тиймээс Гүйцэтгэх зөвлөлийн өнөөдрийн хурлаар дээрх асуудлуудыг шийдэж чадсангүй. ҮЗХ-ны маргаашийн хуралдааныг хойшлуулж, ирэх бямба гаригт хийхээр, үүний наана Гүйцэтгэх зөвлөл хурал дахин хуралдахаар болсон байна. Гүйцэтгэх зөвлөл маргааш 15.00 цагаас үргэлжлүүлэн хуралдана.
Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж