“Монголын ардчилсан хувьсгал-25” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордноо боллоо. Ардчилсан хувьсгалын төлөөлөгчид, нам төр, олон нийт, судалгааны байгууллагын эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд АН-ын дарга З.Энхболдын хэлсэнчлэн “Ардчилсан хувьсгалын ач тус, гүйцэтгэсэн түүхэн үүргийг зохиомлоор үгүйсгэх, эсвэл хэт дөвийлгөх нь шинжлэх ухаанч бус хандлага бий тул ардчиллын үнэт зүйл, түүхэн үүрэг, ололт амжилтыг зөв тодорхойлж, судлах шаардлага”-ын үүднээс хуралдаж буй аж.
Энэ үеэр “Монголын ардчилал ба ардчиллах үйл явц” сэдвээр Төрийн соёрхолт нийтлэлч Б.Батбаяр, “Ардчилал ба улс төрийн хөгжил-тоон хэлээр” сэдвээр Улс төрийн боловсролын академийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганбат, “Ардчиллын үнэт зүйлс, өөрчлөлт, төлөвшил” сэдвээр “Сант Марал” төвийн захирал Л.Сумати, “Ардчилал ба Үндсэн хуульт ёсны хөгжил” сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, “Монголын залуучуудын ардчиллын ойлголт, төсөөлөлд гарсан өөрчлөлт” сэдвээр ФСЭХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач О.Хатанболд нар тус тус илтгэл тавьсан бөгөөд үндсэндээ Ардчиллын чанарт анхаарахгүй бол нийгмийн хандлага жил ирэх бүр сөрөг тал руугаа явж буйг сануулж байв.
Нийтлэлч Б.Батбаяр шууд мэдээлэл, тоон статистик танилцуулав. Эхний хэсэг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн дунд яригддаг болж бүтэхээ больсон жишээнүүдийг дурдаад дараагаар нь мэргэжлийн байгууллагуудаас гаргасан тоон мэдээллийг харьцуулан үзүүлэв. Ардчиллын үр дүн арай ч тийм болж бүтэхгүйн цуглуулга болчихоогүй гэдгийг харуулахыг зорьсон бололтой. Иргэний суурь эрхийг хангаж өгснөөр шашин шүтэгч иргэдийн тоо тодорхой болсон, гадаадад нийт монголчуудын 4 хувь нь ажиллаж амьдарч байгаа, хэвлэл мэдээллийн байгууллага хэдий хэмжээний болсон гэх зэрэг мэдээллийг хүргэв.
Дараагаар нь УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд “…хорин тавхан жилийн дотор тайван замаар ардчилалд шилжиж, өөрийн онцлогт тохирсон ардчиллыг хөгжүүлэн, ижил гараанаас эхэлсэн бусад оронд үлгэр жишээ болохуйц амжилтад хүрсэн учраас Монгол Улс Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийг 2011-2013 оны хооронд даргаллаа. Энэ бол бидний ололт амжилт юм. Сонгуулийн явц, олон ургальч байдал, Засгийн газрын үйл ажиллагаа, улс төрийн оролцоо, улс төрийн соёл, иргэний эрх чөлөө гэсэн үндсэн үзүүлэлтүүдэд тулгуурлаж ардчиллыг үнэлдэг олон улсын судалгаагаар манай орны ардчиллын индекс алгуурхан боловч жил бүр тодорхой нэгжээр урагшилж байна. Монгол Улсын авлигын индекс анх үзэхэд 120 дугаарт байсан бол хоёр хоногийн өмнөх мэдээгээр 80 дугаарт бичигдсэн байна. Хэдийгээр огцом буурсан сайн мэдээ байгаа ч авлига ардчилалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд байсаар байна. Энэ мэт олон саад бэрхшээл Монголын ардчилалд тулгарч, бэрхшээлүүд гарсаар байна” хэмээн онцлов.
Улс төрийн боловсролын академийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганбат докторын илтгэл “Ардчилал ба чанар” гэх сэдвийн хүрээнд үргэлжлэв.
Тэрээр “Амлалт болон бодит байдлын зөрүү ихэссээр байна. Азийн улсуудын хувьд сорилт тулгараад байна. Азийн ардчилал нь үр нөлөө сайтай байгаа авторитар улсуудтай өрсөлдөх болоод байна. Судалгааны дүнд ардчилсан дэглэм нь бусад дэглэмээс илүү гэж үзэх хандлага бага хэдий ч буурсаар байна. Мөн парламентаас татгалзаж хүчтэй удирдагчтай байхыг зөвшөөрөх үү гэх асуулгын хариу нь 2002 онд гуравны хоёр нь эсэргүүцэх хандлагатай байсан бол 2014 онд энэ нь эсрэгээрээ гуравны хоёр нь дэмжих боллоо” гэсэн бөгөөд төр засаг нь хуулиа сахидаг гэдэгт иргэд итгэхгүй байгаа тухай, бохир улс төрөөс зайлхийх, шүүхийн дархлааг сайжруулах шаардлагыг онцолсон юм. Мөн Д.Ганбат доктор “Монголын ардчиллыг чанар өндөртэй гэж хэлэх болоогүй байна” хэмээн дүгнэсэн байна.
Дараагаар нь “Сант Марал” төвийн захирал Л.Суматигийн илтгэлд “нийгмийн суурь бүтэц өөрчлөгдөж буй тухай, бүгдийг тэгш хувиарлах ёстой гэсэн нийгмийн хэсэг улам бүр нэмэгдэж байгаа” тухай, залуусын ойлголтын талаарх судлаач О.Хатанболдын илтгэл “өнгөц ойлголттой, хэт ерөнхий төсөөлөлтэй” тухай байв.
Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр илүү шинжлэх ухаанч, онол түүхийн ойлголтон дээрх дүгнэлтээ хүргэв. Түүний хэлснээр иргэдийн оролцоо буурч, үүнийх нь оронд ард түмний байр суурь ийм байна хэмээх улс төрийн зохиомол мэдэгдэл гарах болсон. Ийм мэдэгдэл хийсэн хүмүүс нь парламентад сууж, асуудал хэвээр үлддэгээс намуудад итгэх иргэдийн итгэл буурсан. Улс орнуудад ардчилсан сонгуулиар эрх мэдэлд хүрсэн ч улс төрийн намууд нь эрх мэдлээ авлигын гэмт хэрэгт үйлдэхэд ашиглах болсон. Дараагийн сонгуулиар сөрөг хүчний нам нь гарч ирсэн ч авлигатай тэмцэхийн оронд өөрсдийн явцуу эрх ашгийн төлөө ажиллах болсон. Үндсэн хуульт ардчилалд томоохон сорилт бэрхшээл тулгарч буй бөгөөд түүнийг даван туулах эсэх нь Эрх зүйт ёс буюу Хууль дээдлэх зарчмыг төрийн дээд байгууллага, албан тушаалтнууд хэрхэн даган мөрдөхөөс л хамаарах гэнэ.
Ийнхүү 25 жилийн настай ардчилал нь хөгжлийнхөө хувьд чамгүй ахиц гаргаад байгаа ч насныхаа хувьд чамлах, анхаарах зүйл бийг судлаачид ийн сануулав. Эрх мэдэлтнүүдэд хариуцлага, ардчилалд чанар хэрэгтэйг зөвлөсөн, сэтгэлийн хөөрлөөр бус шинжлэх ухаанчаар үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай болжээ.
Б.МАНДАХ