УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 72.5 хувийн саналаар төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар өргөн мэдүүлсэн байна. Хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэгчдийн 30 орчим хувийг малчид эзэлдэг ч өрхийн орлого нь улирлаас хамаардаг. Тэдний хувьд сар бүр Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжгүй тул улирал тутамд шимтгэл төлөх бололцоог нь хангах зорилгоор энэхүү төслийг боловсруулжээ. Нийгмийн даатгалын байгууллагаас гаргаж буй мэдээллээр 25000 малчин буюу нийт малчдын 6,0 орчим хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн судалгаа гарчээ. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд орлого нь тогтмол бус тул малчдын нэгэн адил НДШ-ээ улирлаар төлөх боломжийг олгох ёстой гэж ажлын хэсгийн төвшинд үзсэн нь байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээсэн байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Цаг алдалгүй батлах шаардлагатай хуулийн төслийн нэг энэ. Улсын хэмжээнд өнөөдөр 300 мянга орчим малчин байгаагийн таван малчин тутмын нэг нь өндөр настан. Мөн 10 мянга орчим нь хөгжлийн бэрхшээлтэй малчид. Цаг наргүй, амралтгүй, хүнд нөхцөлд ажилладаг нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, малчдын нас 5-8 насаар богино байгаа нь олон жилийн судалгаагаар батлагдсан. Тиймээс хуулийн төслийг дэмжиж өгөхийг гишүүдээс хүсч байна” гэсэн юм.
Ингээд санал хураахад гишүүдийн 70 гаруй хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёлш шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлээ.
Энэ удаагийн хуралдаанаар мөн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах шаардлага гарчээ. Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд өнгөрсөн оны байдлаар 583 цаатан иргэн оршин сууж байгаагаас 54,3 хувь буюу 317 нь цаа буга маллан тайгад амьдарч, бусад нь талд болон сумын төвд амьдарч байгаа аж. Тайгад амьдарч байгаа 317 цаатан иргэнээс 129 нь 0-18 насны хүүхэд, 24 нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч, 164 хүн нь насанд хүрсэн цаатан иргэд юм байна.
Эдгээр иргэдийн тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (192,000төгрөг)-нээс даатгуулагчийн төлөх хувиар тооцвол нэг иргэнд жилд 179,7 мянга, нийт 164 иргэнд 29,5 сая төгрөгийн зардал гарах тооцоо гарчээ. Тиймээс тэднийг НДШ-д хамруулах.
Түүнчлэн тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг батлах тухай хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд зарим хөдөлмөрийн нөхцөл дутуу байгаа бөгөөд өнөөдөр 1970-иад онд баталсан хууль эрхийн актыг мөрдөж, уг жагсаалтыг ямар байгууллага тогтоох асуудал ч бүрхэг хэвээр байгаа аж. Нөгөөтэйгүүр, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хортой, хүнд нөхцөлд ажилласан хугацааг харгалзан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамааруулан өндөр насны тэтгэвэр тогтоохоор хуульчилсан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 6 дахь хэсэгтэй зөрчилдөж буй юм байна. Иймд эдгээр заалтыг нийцүүлэх зорилгоор өөрчлөлт оруулж байгаа аж.
Хуралдаанд оролцсон гишүүд энэхүү төсөлтэй холбогдуулж асуулт асууж, саналаа хэлсэнгүй, шууд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Сайд нарын нэрс тодруулах марафон намуудад өрнөж байгаа нь энэ удаагийн чуулганы хуралдаанд нөлөөлөв бололтой. УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүдийн олонхи нь чуулганы хуралдаанд байгаагүй тул хуралдааныг завсарлуулж, үдээс хойш 14.00 цагт үргэлжилхээр болов.
Г.ДАРЬ