Төрийн бэлгэдэлээ зөв хэрэглэмээр…

Хуучирсан мэдээ: 2014.12.05-нд нийтлэгдсэн

Төрийн бэлгэдэлээ зөв хэрэглэмээр…

Төрийн есөн хөлт цагаан туг

Монгол туургатны эрхэм шүтээн, эцэг өвгөдийн сүлд, энхжингийн бэлгэдэл бол Төрийн Есөн хөлт цагаан туг юм. Цагаан туг нь монгол дайчин эрсийн амин насыг батлан даасан, дайсан этгээдийн сүр хүчийг мохоон бууруулагч, онгон азарганы дэл дээр тэнгэрээс буулгасан Дөрвөн хөлт хараа ихт Хар сүлдийн хамт монголчуудын аугаа их шүтээн болдог билээ.

Монголын түүхийн тулгар сурвалж "Монголын Нууц Товчоо"-ны 202-р зүйлд: Төдий эсгий туургат улсыг шулуутгаж (нэгтгэж) барс жил Ононы эхэнд хурж Есөн хөлт цагаан туг байгуулаад Чингис хаанд хаан цол тэнд өгөв хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг. Энэ бол Монголын түүхэнд анх удаа эсгий туургатныг нэгтгэж, 1206 онд Чингис хаанд хаан цол өргөмжилсөн түүхэн үйл явдлыг тэмдэглэн дурьдаж буй хэрэг билээ. Чингис хааны түүхэн гавъяа бол дэлхийн талыг эзэлсэн их гүрнийг байгуулах үндсийг тавьсан, хүн төрөлхтний түүхэнд олон чухал үүрэг гүйцэтгэсэн гэхээсээ илүүтэй одоогийн Монгол үндэстнийг бүрдүүлсэн явдал юм. Чухам энэ үеэс Монгол үндэстэн бүрэлдэж, Монгол гэдэг нэр нийт улсын нэр болж, Монгол гэдэг нэр ертөнцөд дуурсагдах болсон билээ.

Мөн түүнчлэн "Монголын Нууц Товчоо"-ноос хойшхи дараа дараагийн монголын түүхийн сурвалжуудад Есөн хөлт цагаан тугийн тухай тэмдэглэгджээ. Тухайлбал, Лу Алтан товчид: Дөчин таван насандаа бин (улаан) барс жил Онон мөрний тэргүүнээ Есөн хөлт тугаа байгуулж хаан их ор суувай хэмээжээ. Их ор хэмээх нь нийтийн хэллэгт хаан ширээ гэдгийг хэлж буй монголын төр ёсны хэллэг бөгөөд Чингис хаан дөчин таван настай хаан болсон түүхийг бэлгэдэн дурсаж өдгөө цагийн монголын төрийн ёсонд дөчин таван нас хүрсэн хүнийг улсынхаа ерөнхийлөгчөөр сонгодог нь төрийн уламжлал, шинэчлэлийн нэгэн жишээ мөн гэлтэй. Саган сэцэний Эрдэнийн товчид: Төдий даруйд Онон мөрний тэргүүнээ байлган хатгасан Есөн хөлт цагаан тугаа босгон гэхчлэн сурвалжуудад өгүүлжээ.

Төрийн Есөн хөлт цагаан туг нь түүхэн ээдрээтэй урт замыг туулан ХХ зуун болж ирэхэд Монгол угсаатны дунд хэд хэдэн газар уламжлагдан хадгалагдан үлдсэн байна. Олноо алдартай нь Өвөрлөгч нутаг Ордосын Үүшин хошуунд тахигдаж байсан "Цагаан туг", Монгол улсад хуучин Засагт хан аймгийн Лу жанжин гүнгийн хошуунд буюу одоогийн Увс аймгийн Өндөрхангай суманд тахигдаж байсан "Цагаан туг", Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу буюу одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт тахиж байсан "Төрийн сүлд" хэмээх "Цагаан туг" юм. Өөрөөр хэлбэл, Монгол улсад хоёр л газар Төрийн Есөн хөлт цагаан тугийн Элч туг хадгалагдан үлджээ. Нэг нь Засагт хан аймгийн Лу жанжин гүний хошууны төрийн тахилгат Хан-Хөхий уулын өвөрт, нөгөө нь Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны эртний тахилгат Хутаг уулын өвөрт байжээ. Хутаг уулын өвөрт байсан Төрийн сүлд хэмээх Цагаан тугаар жишээлэн авч үзэхэд, анхандаа Цагаан тугийг Хутаг уулын өвөрт тахиж байгаад хожим хойш шилжүүлж холгүй орших Хөх овоо буюу Сүлдэнэ хөх толгойд байршуулан тахих болсон байна. Тэрхүү Цагаан туг нь тусгай өргөөтэй, сүлдийн жастай, үе дамжин тахиж, хамгаалж байсан тахилч тугч болон тугч отгийнхонтой байжээ. Энэхүү Мэргэн вангийн хошууны Цагаан туг нь 1930-аад оны сүүл үед устгагдсан бөгөөд харин түүний сэрээ болон ишинд байсан хамгаалагч баатар эрийн шүтээн, чүн чулуун сахиус нь үлдэж хоцорсон бөгөөд энэхүү Цагаан тугийг дахин сэргээхэд ишинд нь хийн байрлуулж, эдүгээ Дорноговь аймгийн музейд сэргээсэн байдлаар үзмэр болгон хадгалж байна. Нөгөө Лу жанжин гүний хошууны Цагаан тугийг мөн сэргээж эдүгээ Увс аймгийн Өндөрхангай сумын сүм хийдийн хашаанд тусгайлан жижиг хийдэд байрлуулан хадгалж байна. Харин эдүгээ Монгол улсын Төрийн ордонд дээдлэн залсан Есөн хөлт цагаан туг бол 1990-ээд оны эхээр Монгол улс ардчилал шинэчлэлийн замаар замнах болсон тэр үед монголын сор болсон эрдэмтэн мэргэдийг оролцуулж Бүх цэргийн Хараа ихт хар сүлдийн хамт бүтээн залсан Есөн хөлт цагаан туг юм.

Монгол Улсын Үндсэн Хуулийн нэгдүгээр бүлгийн, 12-р зүйлийн 1-д Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. 4-т Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн хэмээн заажээ. Гэтэл өнөө цагт монголчууд бид төрийнхөө бэлгэдлийн мөн чанарыг алдагдуулж байна. Өнгөрөгч зун буюу 2014 онд Монгол улсад 100 гаруй сумдын ой тохиож, тэдгээрээс 80 гаруй сумд нь түүхт 90 жилийн ой буюу тэгш ойгоо тэмдэглэсэн. Эдгээр олон сумдын тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлсэн байдал нь талархал сайшаал, бас олон шүүмжлэлийг дагуулсан. Тэр олон шүүмжлэлийн нэг нь сумдынхаа ойн наадмаар Төрийн Есөн хөлт цагаан сүлдийг залж хэрэглэж буй явдал байсан юм. Олон ч наадмын үйл ажиллагааг телевизүүдээр шууд дамжуулан үзүүлсэн. Аймаг болоод сумдын наадмаар хэн дуртай этгээд нь өөр өөрсдийн дураар Эзэн Богд Чингис хааны Есөн хөлт цагаан тугийг бүтээн залж, хэмжээ хийгээд төрийн бэлгэдэлийн утгыг алдагдуулан хэрэглэх болсон юм. Монгол улсад Төрийн есөн хөлт цагаан туг нэг л байх ёстой. Харин Цагаан тугийн Элч сүлдийг залдаг эртний уламжлалыг даган аймаг Цагаан тугийн элч сүлдийг бэлгэдэл утга, ёслол төгөлдөр үйлдэж, хүндэтгэн залж болох юм.

Ингэж Төрийн их бэлгэдлийг зүй бусаар хэн дуртай нь үйлдэн хэрэглэх нь нэн тохиромжгүй явдал юм. Төрийн Есөн хөлт цагаан туг төдийгүй Хараа ихт Хар сүлдийг ч шашны зан үйл нэрээр бөө удган нар дураар үйлдэн энд тэндгүй тахилга үйлдэж, зарим ашиг хонжоо хайсан этгээдэд ч Хар сүлдийг үйлдэн ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд байрлуулан сүсэгтэн олныг мөргүүлж, сүлдийг жижиг хэлбэрээр жаазлан үйлдэж зарж борлуулж байсан удаатай.

Төрийн Есөн хөлт цагаан туг, Хараа ихт хар сүлд бол хэн хэгэн этгээдийн ашиг хонжоо олох, шоу цэнгээний хэрэгсэл биш, харин Монгол төрийн оршихуйн их бэлгэдэл байх ёстой.

Б.Баатархүү. Доктор (Ph.D). ШУА-ийн Түүхийн хүрээлэн, С.Бадамхатаны нэрэмжит Угсаатан судлал, нийгэм-соёлын хүн судлалын салбарын эрхлэгч

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж