Су.Батболд: Сайд нарын асуудлаар намууд зөвшилцөнө

Хуучирсан мэдээ: 2014.12.05-нд нийтлэгдсэн

Су.Батболд: Сайд нарын асуудлаар намууд зөвшилцөнө

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын бүтцээ 15 яам, 19 сайдтай байхаар өнгөрсөн лхагва гаригт өргөн барилаа. Үүнтэй холбогдуулан МАН-­ын зөвшилцөх ажлын хэсгийн Су.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа. 
 
-МАН-ын зүгээс яамдын тоог нэмэхгүй гэсэн байр суурьтай байсан. Гэтэл Засгийн газраас өргөн барьсан төсөл яам, сайд нарын тоог нэмжээ. Гишүүдийн хэлсэн, ярьсан нь тэнгэр газар шиг ялгаатай байгаа юм биш үү? ­
 
-Ямар өнцгөөс харж байгаагаас их зүйл шалтгаална. Цэргийнхнээс бусад дүрэмт хувцас өмсдөг газруудын зардлыг багасгах, орон тоог цөөрүүлэх гэхмэтчилэн олон асуудал шийдвэрлэхээр ярилцсан. Тэгэхээр яамдыг цөөлсөнөөс ч илүү зардал хэмнэнэ гэсэн үг. 
 
-Засгийн газрын бүрэлдэхүүний талаар ярилцсан уу. МАН хэдэн яаманд сайдаа нэр дэвшүүлсэн юм бэ? ­
 
-Улс төрийн намуудын зөвшилцлийн дараагийн ажил нь аль салбарт хэнийг томилох вэ гэдэг асуудал байгаа юм. Засгийн газрын бүтцийн хуулийг баталсны дараа дахин намуудын дунд зөвшилцөл явагдана. Одоогоор хэнийг сайд болгох вэ гэдэг нь тодорхой болоогүй байна. 
 
-Парламентад суудалтай бүх намууд зөвшилцсөн учраас бүтцээ өргөн барьсан гэж ойлгож байгаа. Гэтэл МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн “Бидэнтэй зөвшилцөөгүй” гээд ярьж байна. Зөвшилцөх ажлын хэсэг ахалж байгаа хүний хувьд үүнд хариулт өгөөч? 
 
-МАН-ын хувьд зөвхөн АН-тай зөвшилцөж байгаа. Бусад нам, эвслийн бүлэгтэй АН-ынхан өөр, өөрийнхөө хүрээнд зөвшилцөөд явсан. Чухам ямар гомдол, асуудал үүссэнийг би сайн мэдэхгүй байна. 
 
-Монгол Улсын сайд гэдэг албан тушаал шинээр гаргажээ. Энэ хүн юу хийх юм бэ? 
 
-Монгол Улсын сайд гэдэг албан тушаал өмнө нь ч явж байсан. Эвслийн Засгийн газрын үед яамгүй сайдын албан тушаал байсан. Энэ удаагийн Монгол Улсын сайд гэдэг хүн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хариуцаж ажиллана.Жишээ нь, “Оюутолгой”, “Тавантолгой”, усан цахилгаан станц, дэд бүтцийн төслүүдэд хяналт тавина. Дээр нь гадаадаас хөрөнгө оруулалт татахад чухал үүрэгтэйгээр ажиллах хүн байгаа юм.
 
 -Монгол улсын сайд гэдэг орон тоог намуудын албан тушаалын хуваарилалтыг хүртээх гэж гаргаж ирсэн мэт харагдаж байна? 
 
-Ер нь гадаадын улс оронд яамгүй сайд олон байдаг. Ялангуяа парламентын гишүүд нь яамгүй сайдаар давхар ажиллах тохиолдол байдаг. Салбар хариуцсан бодлогын яам байлаа ч гэсэн манайх шиг хөрөнгө оруулалтаа цэгцлэх гэж байгаа оронд яамгүй сайд байх нь буруу биш. Орон тоогүй сайд учраас төсвийн зардал бараг гарахгүй. Гадаадын хөрөнгө оруулагчдад өөрийн орны бодлого шийдвэрийг ойлгуулах Ерөнхий сайдын тусгай төлөөлөгч маягаар ажиллана гэсэн үг.
 
 -Шинэ бүтэц өргөн барьсантай холбоотойгоор ирэх оны төсвийн тухай хуульд өөрчлөлт орох уу? 
 
-Ирэх оны төсвийг баталсан ч одоохондоо төсвийг захиран зарцуулж эхлээгүй байгаа. Гэхдээ явцын дунд өөрчлөлт оруулж таарна шүү дээ. 
 
-“Тахарын ерөнхий газрыг татан буулгана” гэсэн мэдээлэл байна. Ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргах болов оо? 
 
-Тахарын бие даасан байгууллага бий болгосны гол агуулга нь шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах,шүүгчдийн ажиллах нөхцөл аюулгүй байдлыг сайжруулах юм. Бие даасан хууль нь хэрэгжиж эхэлсэн ч үр дүн хараахан сайн гарахгүй байна. Ер нь Тахарын хуулийн хэрэгжилтийг хойшлуулах асуудал ярьж магадгүй. Хариуцсан ажлыг нь чиг үүрэг нэгт холбогдох байгууллага руу шилжүүлэх маягаар явахыг үгүйсгэхгүй. 
 
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамаас гадна Аж үйлдвэрийн яам гэж шинээр бий болгожээ. Чиг үүрэг хоорондоо бараг л төстэй юм биш үү?
 
 -Ер нь үйлдвэржилтийн бодлогыг өмнө нь ҮХААЯ-нд хариуцуулж байсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд харахад түүхий эд, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах асуудал хоёрдугаарт ороод байгаа юм. Цаана нь ажлын байр бий болгодог боловсруулах үйлдвэрийн асуудал хоцрогдоод байна. Ялангуяа манайд төмрийн хүдэр, зэс боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах чиглэлд ажиллах Аж үйлдвэрийн яам байгуулах Ерөнхий сайдын шийдэл байна. Ерөнхий сайд ямар асуудлыг тэргүүнд тавьж ажиллахаасаа шалтгаалж, аль яамыг шинээр бий болгох эсвэл цомхотгох вэ гэдгээ шийддэг. Тэгэхээр Ч.Сайханбилэг аж үйлдвэрийн салбараа дэмжих хэрэгтэй гэж үзэж байна гэсэн үг. 
 
 
 
Ц.ОЮУНТУНГАЛАГ
 
Эх сурвалж: Монголын үнэн сонин 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж