“Sony” олон тэрбумын алдагдал хүлээв

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

“Sony” олон тэрбумын алдагдал хүлээв

Японы “Sony” концерн 2011 оны санхүүгийн жилийн эцсийн дүнгээр 260 тэрбум иен буюу 3,18 тэрбум ам.долларын хохиролтой гэсэн урьдчилсан дүнг компанийн сайтад энэ сарын 23-ны өдөр тавьжээ. Концерн тайлангийн эцсийн хувилбарыг  тавдугаар сарын 26-ны өдөр шинэчлэн гаргах гэнэ.

2011 оны хоёрдугаар сард компани санхүүгийн жилийн төгсгөлөөр 70 тэрбум иенийн цэвэр орлоготой байна гэж мэдээлж байсан юм. Компанийн тайланд өгүүлснээр энэ их хэмжээний хохирол нь “Sony” концерн нэмүү орлогын хуримтлагдсан татварын 360 тэрбум иенийг төлснөөс үүдэлтэй байгаа ажээ.

Японд гуравдугаар сард болсон газар хөдлөлтөөс үл хамааран компанийн арилжаа наймаа, үйл ажиллагааны орлого нь санхүүгийн жилийн эцсийн дүнгээр хоёрдугаар сарын мэдээнийхээ орчим үзүүлэлтэй байх ажээ. “Sony”-гоос албан ёсоор мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас худалдаа 22 тэрбум иенээр буурсан байна. Байгалийн гамшгийн үр дагавар урт хугацааны нөлөө үзүүлж болохыг компанийн тайланд сануулсан байна. “Sony” компани сүүлийн гурван жилд дараалан хохирол амсч байгаа гэнэ. Үүнээс өмнө уг концерн 14 жил дараалан ашигтай ажиллаж байсан юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж