Хятад, Японы ерөнхий сайдууд ба Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нар энэ сарын 21-нд “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын ослоос хойш анх удаагаа Токио хотноо цугларчээ. Японы ерөнхий сайд Наото Кан бүтээгдэхүүний экспорт нь байгалийн гамшиг, цөмийн хямралаас хохирсон тус орны эдийн засагт чухал гэдгийг онцолжээ.
Хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт ярилцлагын явцад Хятадын ерөнхий сайд Вэнь Зябао хүнсний бүтээгдэхүүн авахыг хориглосон Японы мужуудын тоог 12-10 болгон бууруулна гэдгээ мэдэгдлээ. Өмнө нь Японы бичиг баримтыг үл харгалзан оруулж буй бараа бүрт цацрагийн шинжилгээний сертификат дагалдуулахыг Хятад шаарддаг байсан юм. Хоригийн журмыг хөнгөвчилснөөр зөвхөн загас, ногоо, сүүн бүтээгдэхүүнд л цацраг идэвхт бодисын сертификаттай байх шаардлага тавих юм байна.
Тавдугаар сарын 21-ний өдөр Хятадын Худалдааны сайд Чэнь Дэмин (Chen Deming) Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Банри Каиедатай (Banri Kaieda) уулзахдаа Хятадын Гуанжоу мужид ирэх аравдугаар сард болох яармагт оролцохыг урьсан байна. Яармагт 200 мянга орчим худалдан авагч цугларах юм хэмээн “Киодо” агентлаг бичсэн байв.
Энэ жилийн гуравдугаар сараас Хятад, Өмнөд Солонгос хоёр Японы 12 мужаас бараа бүтээгдэхүүн авахыг бүрэн хориглоод байсан юм. Тэд Японы талын хяналтыг хангалтгүй гэж үзсэн. Токио энэ арга хэмжээг үндэслэлгүй гэж байлаа. Саммитийн явцад лидерүүд Японы мужуудаас нийлүүлэх бараа бүтээгдэхүүний хориг нь шинжлэх ухааны нарийн үндэслэлтэй байх ёстой гэж үзжээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд газар хөдлөлт, цунамийн улмаас “Фүкүшима-1” АЦС-д осол гарсан. Станцаас агаар болон усанд цацраг идэвхт бодисын бохирдол нэвчсэн учраас дараа олон орнууд Японы хүнсний бүтээгдэхүүний экспортод хориг тавьж эхэлсэн юм. Япон өөрөө атомын станцын ойролцоох дөрвөн мужийн бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон юм.