Украины Засгийн газар зүүн хязгаарын Оросыг дэмжигч салан тусгаарлагчидтай галаа бүрэн зогсоож, энэ арванхоёрдугаар сарын 9-нд түр эвлэрлийн гэрээ байгуулахаар тохиролцжээ. Украины Ерөнхийлөгч Пётр Порошенко зүүн хэсгийн Донецк, Луганскийн өөрийгөө тунхагласан ардын улсын тэргүүнүүдтэй түр эвлэрлийн гэрээ байгуулах гэнэ. Украины Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлснээр түр эвлэрлийн гэрээ байгуулагдмагц буюу арванхоёрдугаар сарын 10-наас Засгийн газрын арми зүүн хэсгийн Донбассаас хүнд зэвсэг техникүүдээ эргүүлэн татах аж.
Үүнээс өмнө өнгөрсөн есдүгээр сард Украины Засгийн газар болон зүүн хэсгийн босогчдын хооронд Минскийн протокол гэж нэрлэгдсэн гал зогсоох гэрээ байгуулсан юм. Гэвч талууд гал зогсоох гэрээг маш муу сахиж, үе үе халдлага дайралт гарснаар хүний амь үрэгдсээр иржээ.
Экс Ерөнхийлөгч Виктор Януковичийг суудлаас зайлуулсан Киевийн шинэ Засгийн газрыг хүлээн зөвшөөрөөгүй Украины зүүн хэсэгт өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш зөрчил мөргөлдөөн өрнөж байна. Украины зүүн хэсгийн зөрчил мөргөлдөөнд 4300 хүн амь үрэгдээд зогсохгүй ОХУ болон Барууны харилцааг хүйтэн дайны үеийн хэмжээнд хүргээд байгаа юм. Москва Украины зүүн хэсгийн зөрчил мөргөлдөөнд холбогдолгүй гэж олон удаа мэдэгдсэн боловч АНУ, Европын холбооноос ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ тавьсан билээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence France-Presse