Хууль зүйн сайд Х.Тэмүүжин уржигдар твиттер хуудсаараа дамжуулан дэлгэсэн баримт тойрсон дуулиан үргэлжилж, хүмүүс гүйлгээний баримт дээрх хараар дарсан хэсгийн ард хэний нэр байгаа вэ гэдгийг хайж, асууж, сураглаж, бас өөрсдийн таамгийг цахим ертөнцөд янз бүрийн хэлбэрээр илэрхийлж байна. Авлигын хэргийг, тэр дундаа өндөр төвшний авлигын хэргийг илрүүлэхэд эр зориг хэрэгтэй гэж авлигатай тэмцэх тухай сургалт семинарууд дээр гадаадын мэргэжилтэн багш нар байнга онцолдог. Тэгэхээр ийм баримтыг гаргаж ирнэ гэдэг ихээхэн эр зориг шаардсан ажил байсан нь тодорхой. Нэг сая доллар гэдэг их мөнгө. Энэ мөнгө зөвхөн Монголын нөхцөлд ч их сонсогдоод байгаа юм биш. Америкт ч сая доллар гэдэг их мөнгө. Ялангуяа эдийн засаг хямарсан, зээлээ төлж, хоолоо яаж залгуулахаа мэдэхгүй суугаа иргэдэд хэн нэгэн хууль бус аргаар, хурууныхаа үзүүрээр сая, сая доллар хармаалж байгаа нь бухимдал төрүүлээд байна. Одоо цацагдаад байгаа баримтуудаас харахад дөрвөн сая долларыг албан тушаалаа урвуулан ашигласан хэн нэгэн халаасалихсан нь тодорхой байна. Иргэдийн хөлс хүчээ шавхаж, хуруу хумсаа хуйхлан байж олсон мөнгийг ингэж дээрэмдээд сууж байдаг нөхөд хэн бэ гэдгийг олж тогтоох ёстой Авлигатай тэмцэх газрынхан өнөөөг хүртэл яагаад дуугүй сууна вэ. Хэвлэлд гарсан баримтыг дор нь шүүрч аваад хэргийг үнэн мөнийг олдог АТГ-ынханы тайлбарыг уншигчид хүлээж байна. Авлига өгсөн хүн өөртөө маш их эрсдэл үүрч дээрх баримтуудыг ил болгосон байж таарна. Харин энэ их мөнгө хэний халаасанд ямар замаар орсныг Авлигатай тэмцэх газрынхан хэзээ мэдээлэх вэ?
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин