Оросын хөрөнгийн биржид гурван долоо хоногийн өмнө эхэлсэн уналт одоо үргэлжилж байна. Зах зээлийн “баавгайнууд” өдрөөс өдөрт улам догширч байгаа бол “бух”-нуудын хамгийн бага үзүүлэлтээсээ түр хугацаанд ховорхон үсрэлт хийгээд байна. Дөрөвдүгээр сарын дунд үеэс Оросын зах зээл, арилжаа доошилсоор байсан юм. Одоо ч дээшлэх шинж алга гэж шинжээчид дүгнэж байна. Энэхүү дүгнэлтийг даваа гаригийн өглөөний арилжаа ч баталгаажуулав. Индекс РТС арилжааны эхний 15 минутын дотор 1,49 хувиа алдан 1800 пунктаас доогуур заалаа. Индекс ММВБ нэг минутын дотор 1,2 хувиар буурч, 1600 пунктад хүрчээ.
Гадаад зах зээл ч бас л сөрөг үзүүлэлттэй байлаа. Японы Nikkei 225 индекс 1,57 хувиар, Хонконгийн Hang Seng 1,73 хувиар, эх газрын Хятадын CSI 300 индекс 2,1 хувиар, Өмнөд Солонгосын KOSPI индекс 2,15 хувиар тус тус буурсны улмаас Азийн MSCI Asia Apex нийтдээ 2,08 хувиар унажээ, АНУ-ын биржүүд баасан гаригт уруудалтайгаар хаагдсан байна. Өнгөрсөн долоо хоногийн хаалтын индекс Dow Jones 0,74 хувиар бууж 12512,04 пунктад хүрэв. NASDAQ индекс 0,71 хувиар унан 2803,32 пункт хүрчээ.
Зах зээлийн тоглолт олон улсын чансааны агентлагийн мэдээгээр өдөөгдөж байна. Оросын арилжааны долоо хоногийн төгсгөлөөр Fitch агентлаг Грекийн урт хугацааны чансааг “BB+”-ээс “B+” болгон бууруулсан. Standard & Poor’s агентлаг төсвийнхөө асуудлыг шийдэхгүй бол Италийн чансааг бууруулна гэж мэдэгджээ.
Энэ долоо хоногт АНУ-ын стастикийн ээлжит мэдээ гарах юм. Мичиганы их сургууль мягмар гаригаас шинэ орон сууцны худалдааны талаар, лхагва гаригаас урт хугацааны хэрэглээний эд барааны захиалгын тоо, пүрэв гаригаас хөдөлмөрийн зах зээлийн ээлжит долоо хоногийн мэдээ, мөн дотоодын нийт бүтээгдэхүүний өөрчлөлт, тус орны хувийн хэрэглээний нэгдүгээр улирлын дүн гарна. Баасан гаригт хэрэглэгчдийн санаа бодлын индексийн дүн мөн дөрөвдүгээр сарын хувийн орлогын өсөлтийн хурд иргэдийн зарлагын талаар мэдээллийг нийтлүүлнэ. Энэ тоо баримтууд ч Оросын зах зээлээс гадна дэлхийн хөрөнгийн биржид хүчтэй нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.