Архаг хатгаа болохоос сэргийлээрэй

Хуучирсан мэдээ: 2014.12.05-нд нийтлэгдсэн

Архаг хатгаа болохоос сэргийлээрэй

Сүүлийн үед дүүргийн эмнэлгүүдэд хатгаа болон хүндэрсэн хүүхдүүд ихээр ирэх болсонтой холбогдуулан Хүүхдийн их эмч Ч.Ундрахын зөвлөгөөг хүргэж байна.

 

Хатгаа өвчин сайн эмчлүүлэхгүй бол архагших магадлал өндөртэйд тооцогддог. Учир нь хатгаа хурц цочмог эхлээд эмчилгээний үр дүнд амархан илаарших мэт харагдах тул хүмүүс эмчилгээгээ дутуу орхих нь цөөнгүй. Нөгөө талаар архаг хатгаа гадна талдаа сайн анзаарагдахааргүй бүдэг шинж тэмдэгтэй явсаар хүндэрдэг гэмтэй. Ялангуяа бага насны хүүхдүүдэд үл мэдэг цонхийх, хөхөлбөртөх, гүйх харайх үедээ амьсгаадах, турж эцэх, хоолондоо дургүй байх төдийгөөр хязгаарлагдана. Тиймээс хатгаагаар өвчилсөн, эсвэл бусад өвчнөөр өвдөөд өнгөрсний дараа эмчид давтан үзүүлж шинжилгээ хийлгэх, рентгенд уушигны зураг авхуулах нь зүйтэй.

Оношлогоо

Архаг хатгаатай том хүнд ч гэсэн дээр дурдсан шинж тэмдэг гардаг бөгөөд хуурай ханиах нь бий. Архаг хатгаатай андуурагдах хэд хэдэн өвчин байдаг. Юуны өмнө сүрьеэ орно. Рентгенээр цээжний том зураг авахад ихэнхдээ оношлох боломжтой ч сүрьегээс ялгахын тулд цээжний жижиг зураг флюрограф гэх илүү нягтралтай учир уушгинд үүссэн эмгэг сайн анзаарагддаг. Түүнээс гадна сүрьегийн сорил тавиулах нь найдвартай. Тэрчлэн архаг бронхит буюу цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, астма, мөгөөрсөн хоолой тэлэгдэх эмгэг, уушиг мөгөөрсөн хоолойн хавдар, харшил зэрэг нь архаг хатгаатай төсөөтэй хэлбэрээр илэрдэг. Гэхдээ архагшсан сүрьеэтэй хүмүүсийн хувьд ханиах тоолон цэр нь сул чөлөөтэй ховхрох ба хөөсөрхөг цайвар, заримдаа ногоовтор цэр ялгаруулдгаараа онцлогтой.

Чагнаж үзэхэд хуурай нойтон хэржигнүүр муурны цээж хэржигнэхтэй төсөөтэй тод сонсогддог. Харин астма хэлбэрийн харшилт бронхиттой хүмүүсийн хувьд цэр хохрохгүй хүчтэй хуурай ханиах ба хүйтэн агаар, үнэртэй ус, агааржуулагч зэрэг хурц үнэрт ханиах байдлаар илэрнэ. Харин уушиг, мөгөөрсөн хоолойн хавдартай хүмүүсийн хувьд цээжээр хөндүүрлэж өвдөхөөс гадна ханиах үед цустай цэр гарах нь сүрьегийн хүндэрсэн хэлбэртэй төсөөтэй ч эсийн шинжилгээ биопсия хийхэд тодорхой ялгарна.

Шинж тэмдэг

Архаг хатгаатай хүмүүс байнга ханиах, амьсгаадах байдлаар удаан явах учир аажмаар цагаан мөгөөрсөн хоолой тэлэгдэх бронхэктхзия өвчин болж хүндрэх нь бий. Архаг хатгаатай хүүхэд энэ эмгэгээр амархан хүндэрдэг учир анхаарч байх нь чухал. Ерөнхийдөө сулавтар биетэй хүүхэд ханиагаад тэр нь голдуу өглөөгүүр илүүтэй илэрч, цэр их гарч байвал мөгөөрсөн хоолойн тэлэгдэл байх магадлалтай гэж үздэг. Заримдаа халуурах нь анзааргадана. Ийм өвчтэй хүнд илрэх нэг онцгой шинж тэмдэг бол “бөмбөрийн дохиур мэт хуруу”. Өөрөөр хэлбэл өвчтөний хурууний үзүүр нь бөмбөрийн дохиуртай төсөөтэй байдлаар бөмбийж, хумс нь төмбийн хөхөлбөр тучатай болсон байдаг. Нүүр нь цайвар хөөнгөтнө. Сайн тэмтэрч үзвэл элэг, дэлүү  томорсон нь мэдрэгддэг. Эрүүл хүний элэг хавирганы нумнаас илүү гардаггүй учир тэмтрэгддэггүй юм. Энэ өвчин оношлогдсон бол удаан хугацааны турш тууштай эмчилгээ хийж байж илааршуулна. Ингэж төгс эмчлэхгүй бол мөгөөрсөн хоолойн тэлэлт багасч үрэвсэлгүй болох авч ялимгүй зүйлд өдөөгдөн ханиах харшил хэлбэрт шилжин үлдэх эрсдэлтэй.

Урьдчилан сэргийлэх

Мөгөөрсөн хоолой тэлэгдсэн хүмүүсийг юуны өмнө өвчлүүлсэн шалтгаанаас нь холдуулж эрүүл агаарт гарган, шим тэжээл сайтай амин дэм илчлэг бүхий хүнс, хоол хэрэглүүлэх нь үндсэн эмчилгээ болно. Тухайлбал сүүлийн үед нийслэлийн агаарын бохирдлоос шалтгаантай архаг бронхит, хатгаа, мөгөөрсөн хоолой тэлэгдэх эмгэг нэмэгдэж байгаа бөгөөд эмийн эмчилгээний үр дүн муу байгаа нь хотын утаа арилаагүйтэй холбоотой.

Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх сайн арга бол урин дулааны улиралд аль болохоор эрүүл агаарт аялах, амрах, сүү цагаан идээ, айраг тараг түлхүү хэрэглэх явдал болохыг хэлэх нь илүүц. Ядаж л хагас бүтэн сайнаар хүүхдүүдээ хотоос зайдуу агаар салхинд гаргах нь бага боловч нөлөөлнө.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж