УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэх шатанд гишүүдийн анхаарлыг яамгүй, цүнхгүй сайд татлаа.
Засгийн газрын бүтцийн тухай хуульд 15 яам, 19 сайдтай байхаар зурагласны дотор яамгүй, ажлын албагүй ажиллах Монгол Улсын сайд гэсэн шинэ орон тоо бий болгосон нь эцэстээ “Яамгүй, цүнхгүй сайд” гэсэн хоч зүүхэд хүргэж, Ц.Нямдорж гишүүн “Яамгүй сайд байлгах шаардлага бий юм бол манай авгайд өгчих. Р.Гончигдорж бид хоёр зургаа, зургаан сараар нь хуваагаад албыг хэрэгжүүлье” гэж маазрав. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын сайдыг гоочилж болохгүйг сануулаад том мега төслүүдийг хариуцаж ажиллах үүрэг хүлээж байгааг онцоллоо. Тухайлбал, Монголд хэрэгжүүлэх шаардлагатай том, том мега төслүүдийг салбарынх нь сайд хөрөнгө оруулагчтай ярих бус Монгол Улсын сайд ярилцана. Уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарт хэрэгжих боломжтой бүхий л төслүүд Монгол Улсын сайдын гарт төвлөрч хэрэгжих юм байна. Үүгээрээ бол Монгол Улсын сайд хэд, хэдэн яамдыг атгах бололтой. Харин хэнийг санал болгох тухайд Ерөнхий сайд ам нээгээгүй ч УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Монгол Улсын сайд нь хэл аманд орооцолдож байгаагүй, Оюутолгой, Тавантолгой зэрэг төслийг гадныханд худалдчихааргүй, эх оронч сэтгэлтэй, давхар дээлгүй сайд байх ёстой” гэсэн шаардлага тавьсан юм.
“Төр цомхон байж хямралыг давна”
Засгийн газрын бүтцийг данхгар баталж байгаа хэрнээ иргэдийн эрхийг хамгаалдаг “Тахарын алба”, соёлын өв тээж үлдэх бодлого тодорхойлдог Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгах болсныг УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн “бялуу хуваалт” гэж хардахаас аргагүйд хүргэж байгааг нэр бүхий гишүүд шүүмжилсэн ч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарт загнуулав. Тэрээр “Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд төр цомхон байх ёстой. Үүний тулд нүдээ аниад татан буулгахыг нь буулгаж, нэгтгэхийг нь нэгтгэхээс аргагүй, зоригтой хөдлөх ёстой” гэсэн юм. Ерөнхий сайд ч санал нэг байгаагаа илэрхийлж, цаашид 60 орчим газрыг нэгтгэх, татан буулгах, аж ахуйн тооцоонд шилжүүлэх ажил хийгдэнэ гэсэн анхааруулгыг өглөө.
Гэхдээ сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунгэрэл “Шийдлийн Засгийн газарт сайд болох амбиц алга. Соёл, спорт аялал жуулчлалын яамыг хэвээр нь үлдээгээд өг” гэж гуйсны эцэст байнгын хорооны анхдугаар хэлэлцүүлгийн үеэр горимын санал оруулах эрхтэй болов.
Ирцгүй хуралдааны дундуур гомдол үргэлжлэв
Сайд огцруулах асуудал ярих болонгуут 76 уулаа уралдах шахам чуулганы танхимд орж ирдэг түшээд энэ удаагийн чуулганы хуралдаанд тун чиг хайнга хандлаа. Чуулганы хуралдаан эхлэхэд ирц хуульд заасан хэмжээнд хүрсэн ч хэлэлцүүлгийн шатанд гарч явсаар танхимд хуруу дарам цөөн гишүүн үлдсэн юм. Арав гаруйхан гишүүнтэй үлдсэн З.Энхболд дарга тэднийг хэлэлцэж байгаа асуудлын хүрээнд Ерөнхий сайдаас асуулт асууж, саналаа хэлэхийг зөвлөсөн ч зарим нэг нь хэрүүл хийгээд амжлаа.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Арвин санал хэлэх боломжийг ашиглаж “Ерөнхий сайд аа, таны Засгийн газарт ямар өрөвдөлтэй хүмүүс орж ирж байгааг би мэднэ. Сонор сэрэмжтэй зөв ажиллаарай. Муу хүмүүсийн үгэнд ороод битгий дагаад явчихаарай. Би энэ Хүрэлбаатар нарыг сайн мэднэ. Ард түмэн чамайг шүүх болно шүү” гэж хэлсэн нь МАН-ын бүлэг Засгийн газарт хамтрах болсонд таатай хандахгүй байгаагийн илрэл болов.
УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүд ч цухалдсан хэвээр байлаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлж буйгаар Засгийн газар хяналтгүй болж, найр хавтгайрна. Харин З.Баянсэлэнгэ гишүүний тодотгосноор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг зөвшилцөх уулзалтынхаа ихэнх цагийг МАН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэгтэй уулзахад зарцуулжээ. Бүтэн долоо хоног үргэлжилсэн зөвшилцөх уулзалтын хүрээнд Шударга ёс эвслийн бүлэгтэй хоёрхон удаа уулзалт хийсэн, саналыг нь сонсоогүй. УИХ-д Шударга ёс эвсэл 11 суудалтай боловч Шадар сайдын албаа тануулсан зэрэг гомдол үргэлжлэв.
Хуулийн төслөөр санал хураахын өмнө УИХ-ын дарга гишүүдийг дуудаж, 60 нь санал хураалтад оролцож, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Нийт гишүүдийн 71.7 хувь нь хуулийн төслийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Тахарын алба үлдэж, Соёлын яамыг татан буулгав
Чуулганы хуралдааныг түр завсарлуулах хугацаанд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь үргэлжлүүлж УИХ-ын чуулган хуралдаж, байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад гишүүд Тахарын албыг үлдээж, Соёл, спорт, аялал жуулчлалын яам татан буулгах саналыг олонхиороо гаргав. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болгон нэрийг нь тодотгох санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувийн, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Тахарын албыг Хууль зүйн сайдын чиг үүрэгт оруулах гэсэн санал гаргасан нь 79.7 хувийн дэмжлэг хүлээлээ. Ингэснээр татан буугдахдаа тулж байсан Тахарын алба хэвээр үлдлээ.
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү Цөмийн энергийн газрыг Ерөнхий сайдын харьяанд үлдээх, УИХ-ын гишүүн Г.Уянга, Н.Батцэрэг нар Соёл, спорт аялал жуулчлалын яамыг хэвээр үлдээх гэсэн саналыг гаргасан ч гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй унасан бол Тэргүүн шадар сайдын алба бий болгох, Монгол Улсын сайдын албан тушаалыг байхгүй болгох гэсэн санал гаргасан нь мөн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй унасан юм.
Шударга ёс эвслийнхэн хурал хаясан уу?
УИХ энэ өдөр цаг сунган хуралдсанаар 19.20 цагийн орчимд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусган чуулганы хуралдаанд оруулж ирэв. Цаг 20.00 болж байх үед УИХ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталж, Шийдлийн Засгийн газар нь 15 яам, 19 сайдтайгаар ажиллах эрхийг УИХ-аас авсан юм.
Харин хуулийн төслүүдийг батлах үед УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс нэг ч гишүүн байсангүй. Гэхдээ хуулийн төслүүдийг 80 гаруй хувийн дэмжлэгтэйгээр баталлаа. Нийт 76 гишүүн хуралдаанд оролцох ёстойгоос 61 нь оролцсон юм.
Г.ДАРЬ