З.Баянсэлэнгэ гишүүнд баяр хүргэе

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгэ гишүүнд баяр хүргэе

"Оймсонд хавчуулагдсан" хэмээн Ц.Нямдорж гишүүнд хатуу хэлүүлж байсан ч З.Баянсэлэнгэ гишүүний үг өдрөөс өдөрт улам чамбайрсаар.

Ямар ч байсан түүний үгийг ангийнхан нь анхаарал тавин сонсдог болчихоод байгаа.

Учир нь тэр яг зөв цагтаа, жинхэнэ эгзэгтэй үгийг парламентын хуралдаанд хэлдэг болсон нь хуралдаанаас хуралдаанд харагдах болжээ.

Байр суурь нь тодорхойгүй, хэлсэн ярьснаасаа байнга ухарч байдаг зарим эмэгтэй гишүүдтэй харьцуулахад З.Баянсэлэнгэ гишүүн аливаа асуудалд нухацтай ханддаг болсныг түүний чуулганы хуралдаанд хэлж байгаа үгнээс харж болох.

Тэрээр Засгийн газрын бүтэц  бүрэлдэхүүний талаар өнөөдөр чуулганы хуралдаанд үг хэлэхдээ нэлээд жинтэй асуулт тавьсныг нь олон хүн дэмжиж байна.

Гишүүн улс орны хөгжилд чухал нэмэртэй цөмийн салбараа татан буулгаж байгааг сая үг хэлэхдээ шүүмжлэв. Гадаадын олон орнууд цөмөөс хямд эрчим хүч гаргаж авахаар улайрч байхад харин Монгол Улс энэ салбарыг татан буулгах гээд байгаа нь үнэндээ тэнэг шийдвэр хэмээн харагдаж байгаа. Урд, хойд хоёр хөршийн хувьд цөмийн цахилгаан станцынхаа тоог нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Гэтэл нүүрсний утаандаа угаартаж үхэх шахсан монголчууд  цөмийн  салбараа татан буулгачихаад, V цахилгаан станцаа мөрөөдөн  суусан хэвээр.

Энэ асуудлыг маш сайн ойлгож, чуулганы хуралдаанд энэ сэдвийг хөндөн гаргаж ирсэн З.Баянсэлэнгэ гишүүнд баяр хүргэе.

Яг нарийн анзаарах юм бол их хурлын энэ хэдэн гишүүд дотор хэлэлцэж буй хуулиа судалдаг, уншдаг, хуралдаанд бэлтгэж орж ирдэг цөөхөн хүний нэг нь З.Баянсэлэнгэ гишүүн байх шүү.

М.ЯЛАЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж