Х.Тэмүүжингийн дэлгэсэн баримтын араас цуваа хөвөрч магадгүй гэлцэнэ
Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин өчигдөр өөрийн твиттерээр маш том мөнгөн дүнтэй шилжүүлгийн баримт дэлгэсэн нь нийгэмд шуугиан тарилаа.
Хууль хүчний байгууллагын өндөр албан тушаалтны бизнес эрхлэгчээс авсан гэх мөнгөний дүн толгой эргэмээр өндөр байгаа нь манайд авилгал ямар төвшинд хүрснийг илтгэнэ.
Х.Тэмүүжингийн дэлгэсэн баримтаас харвал авлигын хэмжээ хоёр сая ам.доллараар хэмжигддэг ажээ.
Гадаадын төрийн өндөр албаныхан сая байтугай зуун долларын хэргээр хариуцлага хүлээж байхад эдийн засгийн хөгжил буурай манайх шиг улсын дарга нар энгийн иргэдийн толгойд багтамгүй мөнгө идэж уудаг бололтой.
Энэ баримт хууль хүчний байгууллагын өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийн талаарх баримтуудын зөвхөн нэг хэсэг нь гэж шуугиж байна. Цагаан цаасан дээр хараар бичсэн иймэрхүү баримт байдаг боловч хуулийн байгууллагынхны мафид өртөхөөсөө айсан бизнес эрхлэгчид гаргаж зүрхэлдэггүй гэнэ.
Сүүлийн үед бизнес эрхлэгчдээр Ганц худаг дүүрч байгаа гэлцдэг. Дээрх баримтын эзэн аргаа барсандаа сайдын дэлгэсэн “но”-той баримтыг олон хүнд илгээсэн бололтой. Ямар ч атугай энэ баримт хуулийн салбарт дэндүү улаан цайм болсон авлига хээл хахуулийн хэргийн зах сэжүүрийг сөхлөө. Ийм тодорхой учиг цааш хөврөхгүй зогсвол Монголын нийгэм тэр чигтээ авилгад идүүлснийг гэрчилнэ.
Монголын төр баялаг үйлдвэрлэгчдээ багалзуурдахаа зогсоох хэрэгтэй байна. Бизнес эрхлэгчдийн тэвчээр барагджээ.
Хуулийн байгууллагын нэр сүрээр бизнес эрхлэгчдийг дарамтлагчдын хэрэг үүгээр тогтохгүй бөгөөд ганц ч гэсэн хэрэг шударгаар шийдэгдвэл үүний араас баримтаа аваад гараад ирэх бизнесмэнүүдийн цуваа хөврөх нь тодорхой байгаа гэнэ.
Г.ГЭРЭЛ
Эх сурвалж: www.gereg.mn