Одоо УИХ Засгийн газрын бүтцийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

Одоо УИХ Засгийн газрын бүтцийг хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 80 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд Засгийн газар нь 15 яам, 19 сайдтай байх, мөн Тахарын алба, Цөмийн энергийн газар, Хилийн боомтын захиргааг татан буулгахаар тусгажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Тахарын албыг татан буулгах нь өнгөрсөн хугацаанд хууль эрх зүйн хүрээнд хийсэн шинэчлэлээс ухрахад хүргэнэ” гэж хэлсэн бол УИХ-ын гишүүн М.Батчимэг Цөмийн энергийн газрыг татан буулгах нь зохисгүй гэж байлаа.

Ерөнхий сайдын зүгээс төрийн албыг цомхон чадварлаг болгоход зөвхөн дээрх газруудыг татан буулгаад зогсохгүй нийт 57 байгууллагын асуудлыг оруулж ирэх болно гэж тайлбар хийсэн юм.

Мөн хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг хоёрхон удаа Шударга ёс эвслийн бүлэгтэй зөвшилцөх уулзалт хийсэн атлаа МАН-ын бүлгийн ажлын хэсэгтэй зөвшилцөх уулзалтыг хамгийн их хийж, цаг алдсан. Эцэст нь Шударга ёс эвслийн бүлэг Шадар сайдгүй болж аль нэг улстөрийн хүчний фракцийн чинээнд сайдын хуваарилалтыг хийсэн нь шударга бус зөвшилцөл боллоо гэж мэдэгдсэн юм.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж