Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

Шинэ жилийн ширвээ

Эдийн засаг хямарч, улсын сан хөмрөг нимгэрсэн гэх мэдээлэл хаа сайгүй түгж байна. Ийм нөхцөлд дээр дооргүй бүсээ чангалахаас аргагүйд хүрсэн хэр нь шинэ жилийг хаана хэрхэн тэмдэглэх вэ гэсэн уралдаан зарласан мэт бужигнаж эхэллээ.

 

“Байгууллага, хамт олноороо шинэ оноо манайд  угтаарай” гэсэн урилгыг ресторан баар, паб, лоунж  болгон гадна талдаа байршуулжээ. Телевиз, радиогийн зарын цаг ч тэр хэрээр уртасч, хүмүүсийг шинэ жилийн шоунд уриалан дуудах болов. Томоохон аж ахуйн нэгж байгууллагынхан бол тусгай комисс байгуулаад амжиж. Комиссийн гишүүд нь ажлын цаг хумслан, ахуй амьдралаа орхин байж шинэ жилийн шоуг хэн сайн зохиох вэ марафонд хурд мэдэн уралдаж байна. Нөгөө эдийн засаг, хөрөнгө мөнгө думтаг байгаагаа ч мартаж, ресторан баарны амталгаа, хамтлаг дуучдын үнэ ханш судалсан хүмүүс болон хувирчээ. Танай байгууллагад ч бас ийм хэдэн нөхөд байж л байгаа даа.  Баярыг, тэр дундаа шинэ жилийг хүлээн авалт, үдшийн цэнгүүнгүйгээр өнгөрүүлж сураагүй , шинэ оныг шампанск буудуулж эхлээд шар тайлж дуусгадаг  бичигдээгүй хуультай болохоор яанам билээ. Маргааш нь хоосон хонохоор  байсан ч хамаагүй баярын орой ширээ дүүргэж санаа амардаг муухай монгол араншинтай ч холбоотой биз. Ямартай ч шинэ жилийн ширвээнд хэн хүнгүй өртөж сууна.

Энэ жилийн хувьд шинэ жилийн үдшийн цэнгүүний меню өмнөх жилээс 15-20 хувиар нэмэгджээ.

Хамгийн хямд хүлээн авалт л гэхэд 45-75 мянгаар хэмжигдэж байна.

За тэгээд олон хүн зэрэг хүлээн авах боломжтой, амттай хоол, аятайхан орчинтой газар бол доод тал нь 90 мянга, түүнээс дээшлээд хамгийн өндөр меню 120-150 мянгад хүрч байх жишээтэй. Нийтийн хоолны салбар, тэр дундаа хоол үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд онцгой хөгжсөнийг шинэ жилийн урилга, дадлагаас ч харж болохоор байгаа юм. Нийслэл хотод нийтдээ хэд хэчнээн ресторан байдаг, тэднээс хэд нь өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлдэг талаарх дэлгэрэнгүй мэдээлэл харамсалтай нь алга. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтний мэдээлснээр Улаанбаатар хотод нийтдээ 1800 гаруй нийтийн хоолны газар  ажилладаг ажээ. Халуун хоол үйлдвэрлэл, тав тухтай орчин бүрдүүлэх үндсэн стандартыг хангасан 1400 гаруй ресторан, баар байгаа бол 280 орчим нь кафе, зоогийн газар үлдсэн нь цайны газрууд ажээ.

Цайны газрууд хүртэл оройн цагаар хэр тааруухан үнэтэй цайллага зохион байгуулаад, хэд гурван төгрөгийн ашиг олчихдог болжээ. Том ресторанууд бол үнэ ханшаа буулгана гэж үгүй.

Шинэ жилийн цэнгүүндээ өвлийн өвгөн, цасан охин урьдаг бол ханш бүр ч өснө. Нэг хүнийг нэгэн үдэш цэнгүүлэхдээ багадаа 75-80 мянган төгрөг авч буй зоогийн газрууд  тэрхүү үнэндээ тохирсон үйлчилгээ үзүүлдэг үү гэдэг харин эргэлзээтэй. Шинэ жилийн үеэр түр ажиллаад ихээхэн ашиг олчихоод бусад цагт нь хаалгаа барьчихдаг зоогийн газар ч байдаг тухай яриа чих дэлссэн юм. Тийм газрууд  ихэвчлэн оюутгнуудыг түр ажлын байранд ажиллуулдагаас үйлчилгээ нь муу байдаг ажээ. Мэргэжлийн хүн үүнийг үгүйсгэж байгаа ч их хотын нөр их хөл дунд хууль, дүрэм мөрдөгдөхгүй үлдэх нь олонтаа.  Ресторан баар болгонд шахам байдаг  “Та эд зүйлсээ алдахаас болгоомжилно уу. Алдсан тохиолдолд манай байгууллага хариуцахгүй” гэсэн бичиг хадаастай харагддаг. Нийтээрээ тэмдэглэж буй баяр ёслолын үеэр архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс гар утас, цүнхнээс эхлээд эд зүйлсээ хаяж гээсэн, алдсан хүмүүс олон бий. Эдгээр хүмүүс эргэж зарга хийгээд ч эд зүйлсээ олсон нь үгүй. Тэдэнд хандсанаас хамт олон, ажлынхаа сайхан сэтгэлтнүүдэд найдах нь хамаагүй дээр.

Гэвч нэгэнт хүний мөнгийг авч үйлчилгээ үзүүлж буй газартай хариуцлага тооцохоос аргагүй баймаар. Тухайн байгууллагад итгэл үзүүлж, үйлчилгээг нь сонгосон хүний эд зүйлсийг алдчихгүйн тулд үйлчилгээний бүхий л газрыг камертай байхыг шаарддаг. Эд зүйлсээ алдсан хүн камер шүүх гэхээр “Яг наана чинь камер тусдаггүй л дээ” гээд хээв нэг хариулах  үйлчилгээний ажилтан ч байдаг. Нүд хуурах төдийгөөр камер байрлуулсан тус газрын буруу байтал камергүй газарт суудал нь таарсан үйлчлүүлэгчийн хохь болоод өнгөрсөн тохиолдол бий. Камер тусдаггүй газрыг нь мэддэг хүмүүс нь хулуучихсан ч юм шиг эвгүй сэтгэгдэл төрүүлэх энэ мэт үйлдлээс шинэ жилийн захиалга авч буй ресторанууд ангид байгаасай гэсэндээ үүнийг бичив.

Нөгөөтэйгүүр шинэ жилийн үдшийн цэнгүүний хоолны порц гэж хөгийн юм байдгийг хэлэхээс аргагүй нь. Олон давхар тавган дээр өнгө өнгийн навч, ногоо тэргүүтэй салатны араас шувууны сангас төдий багахан хоолоор дайлуулахын тулд олон хоногийн цалингаа үрж байгаадаа хүмүүс харамсаж байна. “Гоёлын даашинзтай бүсгүйчүүдийн порц” гэсэн нэр томъёо ч бий болжээ. Харамсалтай нь тэр хоолонд эрчүүд цадах нь байтугай ходоодыг нь тосолж ч амждаггүйгээс шинэ жилийн үдэш илүүтэй согтдогийг үгүйсгэх аргагүй.  Шинэ оныг сэтгэл дүүрэн угтах гэж зөндөө олон ресторан дундаас зөвхөн танайхыг сонгосон үйлчлүүлэгчдээ бүү гомдоогоорой гэж онцгойлон захия. Үйлчлүүлэгч хаан гэдэг үгийг ганцхан шинэ жилийн үдэш мэдрэг л дээ. Хатад мэт гоёсон охид бүсгүйчүүд хатан эрхээ эдлээд гараг. Магад дараа жил дахиад л танайд зочилно доо.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж