Ким Чен Уны охин дүү Сөүлд хөл тавих уу?

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

Ким Чен Уны охин дүү Сөүлд хөл тавих уу?

Ким Ё Жон

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны охин дүү Ким Ё Жон Өмнөдийн нийслэл Сөүлд болох арга хэмжээнд оролцохыг зохион байгуулагч талаас мэдээллээ.

 

Өмнөд Солонгосын бизнесийн бүлгийн зохион байгуулах хүнсний фестивальд Хойдын талаас оролцох Хөдөлмөрийн намын албаныхны дунд Ким Ё Жоны нэр багтжээ.

 

Хэрэв Ким Ё Жон ирэх 2015 оны эхээр болох энэ фестивальд оролцвол Хойд Солонгосын удирдагчийн гэр бүлээс Өмнөдөд айлчилсан анхны хүн болох юм.

 

Гэвч Өмнөд Солонгосын Засгийн газар өнгөрсөн 2010 онд тэнгисийн цэргийн хөлөгт гарсан торпедоор дэлбэлэх халдлагаас хойш Пхеньянтай албан ёсны бус аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон юм.

 

Өдгөө 27 настай Ким Ё Жон Хойд Солонгосын хөдөлмөрийн намд дээгүүр албан тушаал хаших болсныг өнгөрсөн долоо хоногт зарласан билээ.

 

Тэрээр өмнөх удирдагч Ким Чен Ирийн охин дүү Ким Гён Хитэй ижил албан тушаал хашиж, ахынхаа хамгийн ойрын зөвлөх болжээ. Ким Чен Ун авга эгчийнхээ нөхрийг цаазалснаас болж, Ким Гён Хи өнгөрсөн нэгдүгээр сард тархинд цус харваж нас барсан тухай Хойд Солонгосын экс Ерөнхий сайдын хүргэн мэдээлсэн юм.

 

Ким Гён Хийн нөхөр Жан Сун Тэк төрийн эргэлт хийхийг санаархсан гэх шалтгаанаар өнгөрсөн арванхоёрдугаар сард цаазлуулсан аж. Хойд Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений хүргэн Жан Сун Тэк нь 2002 онд Сөүлд Хөдөлмөрийн намын албаныхантай хамт айлчилж байжээ.

 

Солонгосын хойгийг хоёр хуваан орших Сөүл, Пхеньяний эрх баригчид 60 жилийн өмнөх дайнаас хойш өнөөг хүртэл энх тайвны гэрээ байгуулаагүй байна.

 

Энэ хооронд Өмнөд Солонгосын хоёр ч Ерөнхийлөгч 2000, 2007 онуудад нь Ким Чен Иртэй уулзахаар Пхеньянд айлчилж байжээ.

 

Харин Хойд Солонгосын талаас Пхеньяний  өндөр албан тушаалтнууд өнгөрсөн аравдугаар сард Инчон хотод болсон Азийн наадамд зочилж, Сөүлтэй яриа хэлцэлүүдийг сэргээхээ мэдэгдсэн аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж