Афганистан дахь исламын суурь үзэлтнүүд Пакистанд явуулсан тусгай ажиллагааны явцад “Аль-Каида” сүлжээ лидерээ алдсантай зэрэгцүүлэхүйц хохирол амсч байгаа бололтой. Афганий хувийн телевизийн суваг TOLO “Талибан” хөдөлгөөний лидер мулла Омар нэрээр алдартай Саид Мохаммад Ахунзаде алагдсан гэж даваа гаригт мэдээлсэн юм.
“Мулла Омар Кветтагаас Хойд Вазирстан орох замд алагдлаа” гэсэн афган телевизийн мэдээнээс Хятадын Xinhua агентлаг иш татан дамжуулжээ. Энэхүү мэдээлэлд баталгаа байхгүй ч “Мулла Омар алагдсан нь үнэн” гэж хэлсэн нэрээ нууцалсан эх сурвалжийг агентлаг баталгаа болгон авчээ.
Суурь үзэлтнүүдийн лидер хэрхэн амь үрэгдсэн, хэн түүнийг устгасан талаар Афганий эх сурвалжууд мэдээлээгүй байв. Reuters агентлагийн Пакистаны тагнуулын албанд байдаг эх сурвалжууд ч террористийн үхлийн талаар баталгаат мэдээлэл өгч чадаагүй байна. Үүнээс хожим “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид Афганистаны мэдээллийн байгууллагад “мулла Омар амьд байгаа. Тэрээр Афганистаны нутаг дэвсгэрт байна” гэж мэдэгдэв.
Мулла Омарыг барууныхан нэг биш удаа “оршуулж” байлаа. Британийн ВВС мэдээллийн корпораци 2008 оны аравдугаар сард “Пакистаны баруун хойд нутгийн Өмнөд Вазирстан мужид Америкийн нисгэгчгүй онгоцны довтолгоонд өртөн амиа алдсан 20 террористийн дунд мулла Омар байна гэж мэдээлж байсан. Гэхдээ энэ мэдээллийг тэр үед үгүйсгээд өнгөрсөн юм. Энэ довтолгооны үеэр лалынхны хээрийн штабын дарга Бейтулла Мехсуда, Желалуддин Хаккани нарын холбоочид гээд чухал дайчид амь үрэгдсэн юм.
Мулла Омар Бин Ладенаас ялгаатай нь олны өмнө хэзээ гарч байгаагүй ч хэдийнэ домог болсон хүн. Тэрээр исламын номнолын дагуу гэрэл зураг, видео бичлэгээ тараахыг зөвшөөрдөггүй байжээ. Тэр л 1990-ээд оны эхээр “Талибан” хөдөлгөөнийг үүсгэн байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн юм. Лалын дайчдын лидерийн цорын ганц гэрэл зураг байдаг. Зургаас түүний нэг нүд нь сохорсон гэдэг нь нийтэд тодорхой болсон юм.
Ням гаригийн орой АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хэрэв мулла Омарыг устгах боломж гарвал тусгаар улс Пакистаны нутаг дэвсгэрт нэвтрэн орно гэж мэдэгдсэн юм. “Бид Пакистаны тусгаар, бие даасан байдлыг маш их хүндэтгэн үздэг. Гэхдээ манай хүмүүс ба манай холбоотнуудыг устгахаар идэвхтэй төлөвлөж буй хэн нэгний тэвчихгүй бөгөөд тэднийг төлөвлөснөө биелүүлэхэд саад хийлгүйгээр зүгээр суухгүй” гэж ерөнхийлөгч Барак Обама Европт айлчлахынхаа өмнө ВВС корпорацид өгсөн ярилцлагадаа хэлсэн юм. Тавдугаар сарын эхээр Осама бин Ладеныг устгасан “далайн хавнуудын” нууц ажиллагаанд Пакистан маш дургүйцсэний хариуд ерөнхийлөгч ийм тайлбар өгсөн. Үүнтэйгээ зэрэгцээд тэрээр уг ажиллагааг явуулах тушаал өгөх нь “Ерөнхийлөгчийн нэг дугаартай ажил байсан” гэж мэдэгдсэн юм.
Бин Ладеныг устгасан нь Вашингтон, Исламабадын хоорондын харилцааг эрс хурцатгасан. Пакистан “Аль-Каида” болон “Талибан” хөдөлгөөний террористуудад бараг шуудхан туслаж байсан гэх ойлголтыг Цагаан ордон хөндсөн билээ. Пакистаны тагнуулчдын ISI байгууллага ба “Талибан” хөтөлгөөний хооронд нягт холбоотой гэж энэ даваа гаригийн Newsweek сэтгүүлийн дугаар бичсэн байна. Үүнд лалын дайчдад Афганистантай хиллэх Пакистаны баруун өмнөд Белужистан мужид үйл ажиллагаа явуулахад нь зөвшөөрөл өгсөн мэтээр дурьджээ. “Тэд тоо томшгүй удаа ирж, буцаж байсан” гэж хэлсэн Пакистаны Кветта хотод ажилладаг нэгэн албан тушаалтны яриаг тэд ишлэсэн байна.
Америкийн ерөнхийлөгч Пакистаны удирдлагад галаар тоглож байна гэж сануулсан байна. “Пакистан түмний сонгосон төлөөлөгчдийг дэлбэлэн сүйтгэх хүсэлтэй тэр сүлжээг бид устгахгүй бол пакистанчууд тэдэнтэй тэмцэхэд хүчин мөхөсдөж улс орон нь тогтворгүй байдалтай учирна” хэмээн Обама нэмж хэлсэн байна.
Зөвхөн энэ даваа гаригт шилжих шөнө пакистаны талибууд Карачи боомт хотын тэнгисийн цэргийн Мехран баазад гэнэтийн довтолгоо хийлээ. “Энэ бол Осама бин Ладеныг устгасны өшөө авалт. Үүгээр бид эв нэгдэлтэй бөгөөд хүчирхэг гэдгээ харуулж байна” хэмээн Пакистаны талибуудын төлөөлөгч Эхсанулла Эхсан хэлснийг Reuters иш татсан байна. Бааз руу довтолсон нь 2009 онд Равалпинди хотноо Пакистаны армийн төв байранд довтолсонтой адилхнаар төлөвлөгдсөн байгааг Британийн мэдээллийн агентлагийнхан онцолжээ.
Террористууд тавдугаар сарын 22-ны орой баазад довтлон 15-20 хүн 100 орчим цэргийнхэн байсан байгууламжид нэвтэрч хэд хэдэн удаа дэлбэрэлт хийн байлдааны нисэх онгоцнууд байсан ангарыг дайрч, хоёр онгоц устгажээ. Тэдэнтэй 16 цаг буудалцсны эцэст баазыг хяналтдаа бүрэн авсныг цэргийнхэн хэлсэн байна. Sky News мэдээлснээр цэргийнхнээс 12 хүн үрэгдэж, 15-20 хүн шархаджээ.
Мөн Афганистаны тагнуулчид “Талибан” хөдөлгөөний лидер мулла Омар хэд хоногийн турш Кветта хот дахь нууц байрандаа үзэгдээгүй гэж хэлж байна. Омар дөрвөөс тав хоногийн өмнө Кветта хотоос алга болсон. Одоо хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж. Гэсэн ч тагнуулчид мулла Омар алагдсан гэж шууд батлан хэлж чадахгүй байгаа гэнэ.