Өчигдөр шөнө АН, МАН-аас байгуулагдсан ажлын хэсгүүд хуралдаж, намуудад оногдох яамдыг хуваарилсан байна. Одоогоор албан ёсоор зарлаагүй ч намууд хэдийн тохироогоо хийж, оногдсон яамдад сайд, дэд сайд хэн байх вэ гэдэг хүчтэй яригдаж эхэлжээ. Тодруулбал АН Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Дэд бүтцийн хөгжлийн яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яам, Хуульзүйн яам гэсэн гол яамдаа хариуцахаар болж байгаа бололтой. Дээрх яамдын сайдын суудалд хэн зүтгэж байгаа талаар тодорхой мэдээлэл алга. Бидэнд мэдэгдэж байгаагаар Сангийн сайдын суудалд УИХ-ын Д.Зоригт очих нь тодорхой болжээ. Харин МАН-д Тэргүүн шадар сайд, Гадаад харилцааны яам, Соёл спорт аялал жуулчлалын яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам оногджээ. Тэргүүн шадар сайдад У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар, Соёл спорт аялал жуулчлалын сайдад Говь-Алтайн н.Баянмөнх, Хөдөлмөрийн сайдад Д.Оюунхорол нарын нэр яригдаж байгаа бололтой. Харин Харин жижиг намууд буюу ИЗНН-д Байгаль орчин ногоон хөгжлийн яам, МАХН-д Шадар сайд, Эрүүл мэндийн яам, МҮДН-д Геологи уул уурхай, эрчим хүчний яамыг өгсөн гэнэ.
Хуулиараа Ерөнхий сайд энэ долоо хоногтоо багтаж Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний саналаа өргөн барих ёстой. Тиймээс шөнөөр хүртэл хуралдаж, тохиролцоогоо хийж байгаа бололтой.
С.ОТГОНСҮРЭН