Галт уул дахин “Барса”-д саад болох уу

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Галт уул дахин “Барса”-д саад болох уу

Испанийн Ла лигийн аварга болсон “Барселона” энэ сарын 28-нд Аваргуудын лигийн шигшээ тоглолт болох Английн Лондон хотод хүрч очиход бас нэгэн асуудалтай тулгарлаа. Учир нь Исландын Гримсвотн галт уул идэвхижсэн учраас Европын олон нислэгүүд цуцлагдаад байгаа юм. Тиймээс Каталоны баг аян замын ядаргааг амсалгүйгээр хоёр өдрийн өмнө Лондонг нислэгээр зорьж магадгүй гэнэ. Багийн дасгалжуулагч Пеп Гуардиола энэ талаар “Бидэнд одоогоор мэдээлэл ирээгүй байна. Хэрэв асуудал хүндэрч, нислэг цуцлагдахад хүрвэл бид өнөө, маргаашгүй нисэх байх” гэжээ.

Исландын галт уул идэвхжиж байгаа тул олон улсын нислэгүүд эхнээсээ цуцлагдаж байгаа бөгөөд ялангуяа Англи руу зорчих иргэд хүлээлтийн байдалтай  байгаа гэнэ.

“Барселона” клубынхэнд галт уул саад болж байгаа анхны тохиолдол нь энэ биш. Тэд өнгөрсөн жил яг энэ шалтгаанаар Италийн Милан хот руу автобусаар олон зуун км замыг туулж очсон боловч 3:1 харьцаатай “Интер”-т ялагдаад нутаг буцаж байсан юм. Тиймээс Уэмбли цэнгэлдэхэд болох Аваргуудын лигийн шигшээ тоглолтод ямар нэгэн асуудалгүй оролцохыг 2009 оны аваргууд хүсч байна. Харин өрсөлдөгч багийнхаа тухайд Гуардиола болон дэлхийн шилдэг Месси нар хатуухан учраа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Премьер лигийн аварга болсноос гадна энэ улирал ердөө хоёрхон хожигдол амссан “Улаан чөтгөрүүд” олон мянган хөгжөөн дэмжичгдийнхээ өмнө хатуу самар байх болно гэжээ. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн өмнө Италийн Ромд болсон шигшээ тоглолтоос илүү хүнд тоглолт хүлээж байгаа гэдгийг хэлсэн байна.

Харин Мессигийн хувьд энэ удаа “МанЮ”-гийн хаалганд дахин гоол хийхийг хүсч байгаа гэнэ. Энэ улирлын туршид бүх тэмцээнд нийт 52 гоол оруулсан Аргентин тоглогч Роналдугийн оруулсан 53 гоолыг гүйцэх боломжтой байгаа. Мэдээж Роналдуд хийх тоглолт үлдээгүй, харин Мессид энэ улирлын сүүлийн тоглолт үлдсэн учраас түүний амжилтыг Лондонгийн Уэмблид эвдэх хүсэлтэй гэнэ. Мөн Месси ирэх долдугаар сарын 1-24-ний хооронд болох 43 дахь удаагийн Копа Америка тэмцээнд улсаа төлөөлөн оролцох болно.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж