“Sony pictures” компани сүлжээгээ хакердуулж, жүжигчин Брэд Питтын гол дүрд нь тоглосон “Fury”, “Annie”, зэрэг хараахан нээлтээ хийгээгүй байгаа тус компанийн таван шинэ киног олон нийтийн сүлжээнд тавьсан хэрэг гарсан билээ. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо хэн нэгэн этгээдийн үйлдсэн хэрэг гэж үзэж, мөрдөн шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа юм.
“Sony pictures” компанийн зүгээс эл хэргийг агуулгын хулгайн гэмт хэрэг гэж үзэж байгаа бөгөөд хууль хяналтын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, эзэн холбогдогчийг нь тогтоохоо мэдэгдээд байна. IT-ын Re/code зэрэг зарим мэдээллийн сайтууд “Sony pictures” компани энэ удаагийн кибер дайралтад БНАСУ холбоотой хэмээн таамаглан шалгаж байгаа гэх мэдээллийг дамжуулаад байгаа юм.
Тус компани АНУ-д энэ сарын 25-ны өдрөөс эхлэн театруудад гаргах төлөвлөгөөтэйгөөр жүжигчин Сет Рөүжен, Жеймс Франко нарын тоглосон “Ярилцлага” инээдмийн киног бүтээсэнтэй холбоотойгоор БНАСУ-ын ширүүн эсэргүүцэлтэй тулгараад байсан билээ. Энэ кинонд БНАСУ-ын удирдагч Ким Жон Уныг хөнөөхийг завдаж буй агуулгыг тусгасан юм. Өнгөрөгч зургадугаар сард БНАСУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч уг киног “Өдөөн хатгасан террорист ажиллагаа” гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Энэ нь хакерын хэрэгт тус улсыг хардах шалтгаан болоод байгаа аж. Харин Пхеньяны удирдлагууд эрс няцааж байна.
Уг халдлагын нөлөөгөөр “Sony pictures” компанийн компьютерийн сүлжээнд гэмтэл гарчээ. Одоо ч гэсэн бүрэн сэргээгүй байгаа гэнэ. Ямартай ч, интернэтээр цацагдсан таван кинонд “Ярилцлага” кино багтаагүй байгаа юм. Одоогоор чухам хэн яах гэж кибер халдлага үйлдсэн нь тодорхойгүй хэвээр байна.