“Ноён” долларыг номхотгох ажлаа эхэлье, улстөрчид өө

Хуучирсан мэдээ: 2014.12.03-нд нийтлэгдсэн

“Ноён” долларыг номхотгох ажлаа эхэлье, улстөрчид өө

Улс төрийн сандал суудлын маргаантай асуудлаас үүдэн анхаарлын гадна орхигдоод байсан Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөвт эерэг мэдээлэл эхнээсээ дуулдаж эхэллээ. Монгол Улсын 2015 оны төсөвт өнөө маргаашгүй тодотгол хийж, алдагдалтай баталсан хар гайгаа улстөрчид өөрсдөө баллуурдахаар болсон сураг чих дэлсэв. Эдийн засагчид ч төсвийг яаралтай тодотгох шаардлага байгааг онцолж байгаа бөгөөд энэ нь өнөөдрийн нөхцөл байдалд хийж болох хамгийн зөв гарц хэмээн дүгнэж байгаа юм.

Тухайлбал, Хас банкны гүйцэтгэх захирал М.Болд “Эдийн засгийн дийлэнх салбарын орлого уналттай явж байгаа, нэлээдгүй нь алдагдалтай болж байгаа энэ үед 2015 оны төсвийн орлогыг өсгөж төлөвлөх бус бууруулж төлөвлөх нь эдийн засгийн аюулгүй байдалд нийцнэ. Төсвийн өндөр алдагдал архагшсан шинжтэй байгаа нь инфляцийг хөөрөгдөх нэг гол шалтгаан болсоор байгаа” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Дээрх шүүмжлэлийг олон эдийн засагчид дэмжиж, танхимын бүтцээс өмнө тодотголоо ярихыг шаардаж эхэллээ. Түүнчлэн, Шивээхүрэн, Гашуунсухайт боомтын арваннэгдүгээр сард экспортод гарсан нүүрсний хэмжээ даруй хоёр дахин нэмэгдсэн нь ойрд дуулдаагүй сайхан мэдээ болж байна. Алт, зэс, төмрийн үнэ дэлхийн зах зээл дээр ирэх онд унахгүй ханш нь тогтвортой байна гэсэн сайхан мэдээг ч шинжээчид онцолж байгаа аж.

Тэр дундаа улс төрийн тогтвортой байдлыг бүр­дүүлэх Засгийн газ­рын хувь заяа яригдаж эхэлс­нээс хойш хөрөнгө оруулагчдын со­нирхол эргээд сэргэж эхэлсэн талаар эдийн засагчид хэллээ. Улс төрийн хувьд тогтворгүй, хууль эрхзүйн орчин нь хан­галттай тогтвортой биш гэх шүүмжлэлийг удаа дараа сонсч байсан Монгол Улс эр­гээд дэлхийн уул уурхайн зах зээлд моданд орж эхлэх чи­мээ сонсогдлоо.

Ерөнхийдөө парламентад суудалтай улс төрийн намуудын эв нэгдэл, хамтын ажиллагаа манай эдийн засагт мөнгөний чи­мээ дуул­гах нь ээ. Өрийн нэгд­сэн менежментийг хэрэг­жүү­­лэх, өрийн таацыг нэмэг­дүү­лэхгүйгээр улсынхаа эдийн зас­гийг аврах, хамтарсан Зас­гийн газрын эдийн засгийг идэвх­жүүлэх дунд хугацааны хамтарсан хөтөлбөр зэрэг сай­хан, сайхан амлалтууд нь ажил хэрэг болж чадвал 2015 онд бид толгой өвдөхгүйгээр амь­дарч болох нь. Тэр дундаа ам.дол­ларын ханш сарын өмнө огцом хэл­бэлзэж 1905 хүрч байсан бол өнгөрөгч хоёр өдрийн ху­гацаанд эргээд буурч эхэлсэн нь хамгийн сайхан мэдээ болж байгаа юм. Шинэ жилийн сезон эхэлчихсэн, төсвөө тодотгож чадаагүй, чухал яамдынх нь сайдууд эзгүй энэ үед “ноён” доллар номхорч байгаа нь нэг талаасаа улс төрийн тогтвортой байдалтай холбоотой гэдэг нь тодорхой.

Ес, аравдугаар сард харьцангуй тогтворжиж бай­сан ам.долларын ханш Шинэч­лэлийн Засгийн газрын тэргүүн ог­цорсон, уул уурхай, эдийн за­саг, Сангийн бодлого нь эзэнгүй бол­сон арваннэгдүгээр сарын эхэн үед харин ч нэг галзуурах шиг боллоо. Гэсэн ч асуудал шийдлээ олоод ирэнгүүт эргээд бууж байгаа нь сайшаалтай. Өчигдрийн байдлаар Худалдаа хөгжлийн банкны ам.доллар худалдан авах ханш 1867 төгрөг байгаа бол зарах ханш нь 1880 төгрөгтэй тэнцэж байв. Энэ нь ам.долларын төгрөгтэй харилцах ханш нэг хоногийн дотор 23 төгрөгөөр буурсныг харууллаа. Ченжүүдийн ярьж буй­гаар ам.долларын ханш буу­рах үзэгдэл өнгөрөгч даваа гарагаас эхэлжээ.

Энэ нь МАН-ын Бага хур­лаас гаргасан шийдвэр нө­лөөлсөн байх тал­тай гэдгийг ч тэд онцолж байв. Ингэхдээ Ард­чилсан нам, МАН хамтран Засгийн газ­рыг байгуулах шийд­вэртэй хол­боотойгоор эдийн засагт үүсээд байсан хөөс­рөл хагарсан байж болохыг зарим эдийн за­сагч үгүйсгэхгүй байгаа юм. Цаашдаа улс төрийн голлох хоёр хүчин Засгийн газрыг хамтран байгуулснаар улс төрийн тогтвортой байдал бий болж энэ нь эргээд Оюу­тол­гой, Тавантолгой зэ­рэг то­моохон төслүүдийг хөдөл­гөөнд оруулж, эдийн засгийг тэтгэх хөшүүр­гүүд бий болох эхлэл тавигдлаа гэж харахад гэмгүй билээ. МАН-ын Бага хурал хуралдсан бямба гарагт ам.доллар 1905 төгрөгт хүрсэн нь улс төрийн сандал суудлын маргаан эдийн засагт ямар их хор хөнөөлтэй болохыг харж болохоор байв.

Хөрөнгө оруулалт нэмэгдэж байж л ханшийн өсөлтийг хазаарлана

Ам.долларын ханш буурч эхэл­сэн хоёр дахь том шалт­гаан нь гадаад худалдаа ашиг­тай гарсан явдал. Өөрөөр хэл­бэл, энэ оны эхний 10 сарын байд­лаар гадаад худалдаа 131 сая ам.долларын ашигтай гар­чээ. Үүнд экспорт өсч, им­порт буурч байгаа нь шууд нө­лөөлсөн байна. Импорт буурч байгаатай уялдан гадаад ва­лютын эрэлт ч мөн багаслаа гэж дүгнэж болно. Нэг талаас улирлын шинжтэй валютын эрэлт багассантай, нөгөө талаар ойрын 3-6 сард эдийн засагт орж ирэх гадаад валютын хэмжээ нэмэгдэнэ гэсэн хүлээлт зах зээлд үүссэнтэй холбоотой байж болох юм.

Гадаадын шууд хөрөнгө оруу­лалт сэргэ­хэд гол саад болж байгаа Оюутол­гойн далд уурхайн хө­рөн­гө оруу­лал­тын асуудал ойр­мог­хон ший­дэгдэж чадвал га­даадын хө­рөнгө оруу­лалт нэ­мэгдэж, ам.дол­ла­рын ханш одоо байгаагаас ч илүү буурах бо­ломж бий. Ха­рамсалтай нь Оюутолгойг тойр­сон эцэс төгс­гөлгүй мар­гаан, популис­туудын ха­риуц­лагагүй мэдэгдэл далд уурхайн бүтээн байгуулалтад тээг садаа болж улам бүр хойшилсоор байна. Өнгөрсөн даваа гарагт “Рио Тинто” груп­пийн гүйцэтгэх захирал Сэм Уолш далд уурхайн бүтээн бай­гуулалт 2019 он хүртэл хой­шилж магадгүй гэсэн мэдэгдэл хийс­нийг “Bloomberg” зэ­рэг томоохон мэдээллийн агент­ла­гууд мэдээлсэн юм.

Гэхдээ ийм зүйл болох уу, болохгүй юу гэдэг нь шинээр бүрдэх Хам­тарсан Засгийн газрын үйл ажиллагаанаас харагдах учир­тай. Хамтарсан Засгийн газар хамгийн түрүүнд Оюутолгой, Тавантолгойгоос олох ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажил­лана гэдгээ удаа дараа илэр­хийлсэн билээ. Тиймээс хү­лээлт үүсгэсэн энэ асуудлыг нэг талдаа гаргаж, нэг сайд со­лигдоход, нэг намын Бага хурлаас шалтгаалан хэлбэлзэж байгаа хэврэг ханшийн өсөлтөө хазаарлах хэрэгтэй болоод байна. Олон улсын төлбөр тоо­цооны банкны мэдээлэлд дурьд­санаар ам.долларын ханш дэлхийн зах зээл дээр нефьтийн ханш унасан, Японы төв банк мөнгөний тэлэх бодлого ба­рим­талж байгаа, мөн хөгжсөн орнууд ОХУ-ын эсрэг эдийн зас­гийн хориг арга хэмжээ авч эхэлсэнтэй холбогдуулан гол­лох валютуудын ханш ам.дол­ларын эсрэг суларсаар бай­гааг онцолжээ.

Ялангуяа Азийн бүс нутагт хөрөнгө оруу­лалтын орчин сайнгүй бай­гаа нь ам.доллар чангарах том шалтгаан болж байгаа хэ­мээ­жээ. Азийн бүс нутагт Мон­гол Улс багтдаг. Монголыг чиг­лэсэн хөрөнгө оруулалт буур­чихсан энэ үед монгол төг­рөгийн ханш суларлаа хэ­мээн шүүмжлэх бус хөрөнгө оруулал­таа нэмэгдүүлж, ноён долларыг номхотгож чадах эсэхээс Ч.Сай­ханбилэгийн бүрдүүлэх Зас­гийн газар эдийн засаг бас да­хин эдийн засгийг анхаарч ажил­лах эсэх нь харагдана.

Б.Өнөртогтох

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж