Шүүх хурал дууссаны дараа Ч.Сангарагчаагийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг Дээд шүүхэд хандахаа мэдэгдсэн. Төрийн нууцтай холбоотой хэрэг учир шүүх хуралд оролцогчдоос мэдээлэл өгөх хүн байсангүй. Харин Нийслэлийн шүүхийн хэвлэлийн ажилтан Б.Отгонбаатар дараах мэдээллийг өглөө.
Нийслэлийн Прокурорын газраас Ч.Сангарагчаад Эрүүгийн хуулийн 87.1, 111.2, 133.1, 263.2, 273.3 дахь хэсэгт зааснаар таван зүйл ангиар, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарт 87.1, 133.1 дэх хэсэгт зааснаар хоёр зүйл ангиар, Г.Бадарчид 273.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн анхан шүүх хянан хэлэлцжээ. Улмаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сангарагчаа, Г.Бадарч нарыг Нийслийн прокурорын газраас төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, Тамгын хэлтсийн дарга Г.Бадарчийг цагаатгасан байна. Шүүгдэгч Ч.Сангарагчаа төрийн нууц задруулсан, гүтгэлгийг олон нийтэд тараасан, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, төрийн албан тушаалтны албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 87.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял, 133.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ялаар, 111.2 дахь хэсэгт зааснаар дөрвөн сар баривчлах ялаар, 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хорих ялаар тус тус шийтгэсэн байна. Ч.Сангарагчаад 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялыг нэмэгдэл ялын хамт 2009 оны Өршөөлийн хуульд хамруулан шийдсэн байна. Ингээд түүнд таван зүйл ангийн нэг зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, нэг зүйл ангийг өршөөлд хамруулан үлдсэн гурван зүйл ангийг нэмж нэгтгэн хоёр жил дөрвөн сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарыг төрийн нууц задруулсан, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 87.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял, 133.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял оноож, тус тус хоёр жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ. Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн энэхүү тогтоолыг яллагдагчид эс зөвшөөрч Ч.Сангарагчаагийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Хишигбаатар, шүүгдэгч Д.Сундуйсүрэнгийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбулган, Ө.Алтангадасын өмгөөлөгч С.Цэдэндамба нарын гаргасан давж заалдах гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүх өнөөдөр хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарын үйлдсэн хэргийн хавтаст хэрэгт тусгасан нотлох баримт хангалттай тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоовол зохих зүйлийг бүрэн гүйцэтгэж шалгасан. Тиймээс эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчигдөөгүй, эрүүгийн болон өршөөлийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж үзжээ. Яллагдагч, тэдний өмгөөлөгчдийн давж заалдах гомдолд дурдагдсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах үндэслэл тогтоогдоогүйгээс гадна энэ хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцаж, нэмж шалгах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Чингэлтэй дүүргийн шүүхийн энэ оны гуравдугаар сарын 22-ны 82 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ч.Сангарагчаа түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Хишигбаатар, ялтан Д.Сундуйсүрэн, түүний өмгөөлөгч Ж.Эрднэбулган, ялтан Ө.Алтангадас, түүний өмгөөлөгч С.Цэдэндамба нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов гэсэн байна.