Хийсгэж чадахгүй юм бол туг бариад ч яах юм билээ

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Хийсгэж чадахгүй юм бол туг бариад ч яах юм билээ

Хувьсгалын
тухай их ярих болжээ. Гадаад, дотоодгүй… Монголд ажиллаж байгаа
гадаадын нэг таньдаг нөхөр асууж байна. “Танай нөгөө төв талбай дээр гэр
бариад, морьтойгоо нийслэлдээ орж ирээд тэмцэнэ гээд байсан хүмүүс чинь
яасан бэ, буцсан уу” гэж. Би ч хариуд нь “Өө болио байлгүй дээ” гэж
хээв нэг хариуллаа. Яг үнэндээ бол өнөө хэдийг чинь буугаад явсныг нь ч
мэдээгүй юм байна. Лавлаад асуувал үнэхээр гэрийн бараа харцгаах нь
харцгаагаад ерөнхийдөө тэмцэл бослого зогссон гэх юм. Бүр тохиролцоод
больцгоосон гэх сураг ч гарч байв.

Харин энэ бүхнийг мэдсэний
дараа өөрийнхөө хээв нэг “Дандаа л ингэж байдаг юм дөө” гэх маягаар
хариулсныгаа болон асуусан нөхрийн сонирхож байсантай харьцуулж үзээд
өөртөө ч, бас нөгөө нөхөрт ч гайхаш төрөв. Өөрийгөө болохоор “яагаад ийм
тоомжиргүй хариулчихав аа” гэж, харин нөгөө нөхрийг “юун ч гэнэн
хөөргөн боддогийм дээ” гэж гайхав.

Үнэндээ бол гадны нөхөрт
монголчууд морьтойгоо нийслэлдээ ташуур барин орж ирээд, тэртээ 90-ээд
оны хувьсгал дахин гарч магадгүй гэсэн сүртэйдүү бодол төрсөн бололтой
юм. “Тэгээд ч наана чинь арабууд юу боллоо?… Египетчүүд тэмээтэйгээ
орж ирж байсан шүү дээ. Ер нь энэ Ази хавиар ч бас юм болох гээд байгаа
юм биш үү” гэх маягийн.

Гэтэл хөлдүү маний сэтгэл хөдөлдөггүй
дээ. Нэг кино л санаанд ороод байх юм. Бодоо бослого гаргасныг мэдсэн
Богд хаан маргааш нь “Бадам аа, өчигдөр юм болсон шинжгүй байх чинь”
гэвэл Бадам нь “Юм болоогүй юм чинь дээ, Та юу айлдана вэ” гэдэг байх
аа. Яг л тийм дүр зураг өнөө цагийн үе үехэн босох  бослого  тэмцлийн
хуй салхины дараах хэв шинжит үр дүн болох гээд ч байх шиг.

Уг нь
бол Монгол салхич шувуу олонтой л юм. Тэгээд ч хавар болгон л хаа
нэгтээ уриа лоозон, туг далбаа хийсгэж, жагсаал цуглаан болох л учиртай
даа гэх маягийн хүлээлт нийгэмд байгаад байх болж. Нэг талаасаа бол
ардчилал, эрх чөлөө ханхлуулсан шударга ёсны тэмцэл гарч байгаа нь сайн
зүйл мэт боловч нөгөө талаас нь харах юм бас байна аа.

Дээр
хэлсэн хүлээлт нь иргэдийн хувьд жил болгон нийслэлд хэсэг хугацаанд зам
хааж, халуун усаа тасалдаг ээлжит үйл явдлыг анхаарахтай адил болоод
байх шиг санагдах нь л харамсалтай байна. Өөрөөр хэлбэл, хэсэг хүмүүс л
улс төрд өөрийнх нь орон зай байсаар байгаа шүү, “ер нь бол би амьд шүү”
гэж л зарлах гэсэн мэт зохион байгуулдаг жагсаал цуглаанаас хэтрэхээ
байсан мэт харагдах болж.

Хэн юугаа хийх нь хувь хүний эрх чөлөө
байж болох юм. Ганцхан харамсах зүйл нь энэ мэт ядмаг агуулгатай,
жижүүрийн маягийн, сүржин чимээтэй ч даржиндуу төгсгөлтэй жагсаал
цуглаан олширсоор байвал яваандаа хэрэгтэй цагт зохих газраа байх
учиртай иргэний эр зориг, шударга зүйлийн төлөө тэмцэх хүсэл
эрмэлзлэлийг маань мохоож орхих вий гэхээс санаа зовж байна.

Дашрамд
хэлэхэд, жагсаал цуглаан болгон ч хий хоосон сүржигнэл болж байгаагүй л
дээ. Тэмцэгчдийн зорилго тодорхой, чин сэтгэлээр хийсэн хэд хэдэн
зохион байгуулалттай тэмцлийн үрээр “Урт нэртэй хууль” хэмээгдэх эрх
зүйн зохицуулалт гарч, даварсан уул уурхайн бизнесийнхэнд сургамж өгч л
байсан. Бас ч гэж иргэний хө­дөл­гөөнийхний тэмцлийн үр дүнд Оюутолгойг
ашиглах тухай гэрээ өөрч­лөгдөж байсныг ч санах л ёстой байх.

Сайн
анзаарвал энэ мэт чин сэтгэлийн тэмцэлд ялгаатай зүйл анзаарагддаг. Тэр
бол тодорхой нэг бодит асуудал дээр олны дэмжлэгийг авч, бас нэгтгэж
чадаж байгаа нь харагдана. 1990 оны хувьсгал тийм л байсан. Долдугаар
сарын 1-ний үйл явдал ч бас зорилготой байсан. Сонгуулийн луйвраар
иргэний сонгох эрхийг хөсөрдүүлж, булхайгаар гаргасан үр дүнг нь
цуцлахыг зорилгоо болгосон учраас тийм бодолтой олон хүн нэгдсэн байдаг.
Тэнд илүү дутуу уриа лоозон ч хэрэг байгаагүй юм.

Одоо тэгвэл
яаж байна. Гэнэт хэсэг нөхөд гарч ирээд уриа лоозон барьж хөдөө
гадаанаас баахан хүн цуглуулж байгаад тэгээд хэсэг хугацааны дараа
“нөгөө талтайгаа тохиролцчихлоо” гээд л мөнгө тараагаад салдаг технологи
бий болчихож гэж дуулдах юм. Нөгөө дайсны талтайгаа яаж тохирсныг
зохион байгуулдаг хэд нь л сайн мэдэх байх даа. Цаад дагасан масс нь
чухам яадгийг бүү мэд, нэг бол мөнгөө аваад харьдаг байх, эсвэл юу хийж
ямар үр дүнд хүрснээ ч ойлгоогүй тардаг байж мэдэхээр хар төрөөд байх
юм. Тэгээд ийм хувьсгал хийгээд байгаа салхич шувуудыг сайн хүмүүс гэх
үү, хүмүүсийн ядуулаг байдлаар тоглодог өөдгүй хүмүүс гэх үү.

Уучлаарай,
хатуу үг хэлж байгаа бол. Гэвч хэлэхгүй байж чадмааргүй юм бас байна.
Ард түмний нэрийг барихын тулд бэрх цагт ядаж нэг удаа тэдний дунд байж
үзэх хэрэгтэй биш үү. Түүнээс биш тэртээ тэргүй хуулиараа эрх нь
хязгаарлагдсан цагдаа нарын дунд туг барьж зогсоод баатар болно ч гэж юу
байхав.

Ард олны дунд хамт байх шаардлагатай цаг үе байсан уу
гэвэл байсаан. Долдугаар сарын 1-ний үдээс өмнө төв талбай хавиар
бөөндөө байсан иргэний хөдөлгөөний удирдагч нар нөхцөл байдал хурцадсан
үед хаана байсан юм бол. Нэг нь цагдаагийн хамгаалалтыг дайрч орох гээд
бараагүй буцсан, нөгөө нэг нь лав МАХН-ын байранд орж гарч ирээд олон
нийтэд тарахыг уриалаад дийлээгүй явсан. Бас нэг хүн төв талбай дээр үг
хэлж байсан тухайн үеийн АН-ын даргад “Тэнд хүмүүс рүү цагдаа нар хүч
хэрэглээд байна, очооч” гэж байсан юмдаг. Бусдыг нь ёстой хараагүй. Үйл
явдлыг харсан хүний хувьд хэлэхэд ийм л байна.

Харин төрийн
хүчирхийлэл цадигаа алдаж хүмүүс амь нас, эрүүл мэндээрээ хохирч байх
тэр үед ард түмэнд ойр хэн нэгэн байсан бил үү. Үймээн самууны нэрийг
барьж хүмүүсийг бөөн бөөнөөр нь хорьж цагдаж эхэлсэн дараагийн өдрүүдэд
УИХ-ын тоотой гишүүнээс өөр тэдэн дээр очиж байдалтай нь танилцсан
иргэний хөдөлгөөний хэдэн удирдагч байсан  юм бэ. Хэрэгтэй цагт хамт
байгаагүй хүмүүсийн араас  иргэд дагана гэж итгэхэд хэцүү байгааг ойлгох
байлгүй дээ. Эсвэл байн байн гардаг жагсаал цуглаан нь ер нь бол ард
олны хэрэг ч байхгүй жирийн л нэг шоу юм болов уу.

Зарим хүмүүс
жагсаал цуглаанаа Египетийн хувьсгалтай харьцуулж, жишээ болгон ярьж
яваа дуулдана лээ. Гэвч Ойрхи Дорнодын улс орнуудад гарч байгаа
хувьсгалын цаад үндэс болоод зарим хүчин зүйл нь арай л ялгаатай байсныг
эрхбиш анзаарах байлгүй дээ.

Юуны өмнө тэдгээр оронд олон жилийн
турш авторитар хатуу дэглэм тогтоож арав хорин жилийн турш засгийн
эрхэнд хадагдсан хаанчлагч эрх баригчдыг унагаасан юм. Харин бид
иймэрхүү нөхцөл байдлыг хорин жилийн өмнө үзэж өнгөрүүлсэн, хувьсгалаа ч
хийсэн. Гэхдээ өнөөгийн Монголын нөхцөл байдал арабын тэмцэгчдийн
эгдүүцлийг төрүүлсэн хэв шинжийг санагдуулах тал бий гэдэгтэй бол санал
нийлж байна.

Жишээ нь, хууль тогтоох байгууллага, засаг төрийн
эрх барих албан тушаалд .тодорхой ганц хоёрхон улстөрийн хүчин ноёрхлоо
тогтоож, цаашлаад удам угсаагаараа  залгамжлаад байх санаархал ч гарч л
байна. Дээр нь Арабын хувьсгалд ширвэгдсэн Египет, Тунис, Ливийн
удирдагч нар үнэн хэрэгтээ бол өрнөдийнхнөөс улс төрийн тэтгэлэг авдаг
аргатай гарууд л байсан шүү дээ. Бид ч бас тийм тэтгэлэг авдаг л байсан,
гэхдээ хаа очиж үндэсний аюулгүй байдалд илт хохирол учруулаагүй
өнгөрсөн.

Харин одоо стратегийн орд газрын төлөөх ашиг сонирхол
гэх зэрэгт тулгуурласан гадаадын нөлөөлөл орж ирэх вий гэсэн болгоомжлол
байгаа нь бас үнэн. Энэ мэт олон асуудлын төлөө тэмцэж болж байна. Би ч
оролцьё хамаа алга, ганцхан салхич шувууд минь битгий шоудаач.
Болчимгүй шоу хийх болгонд олон нийт та нараас хөндийрөөд байгаа нь бага
хэрэг, харин хажуугаар нь иргэний эр зоригоо ч хамтад нь тээршааж хөөх
гээд байгаа нь тиймхэн байна.

Египетийн хувьсгал гэснээс
арабчуудыг нэгдмэл болгон нэг жагсаалд хөтөлж чаддаг бидэнд байхгүй нэг
увидас байгаа нь тэдний хэлбэрэлтгүй үнэнч байдаг шашин шүтлэг нь болж
байсныг санах хэрэгтэй байх. Мэдээж суннит, шийтүүдийн гэх шашны гол
урсгалуудын хоорондын тэмцэл зэрэг хаяж гээхийн ухаанаар эргэцүүлэх зүйл
ч тэнд бас бий.

 Харин монголчууд биднийг эрхи мэт нэгтгэн
эвлүүлж чадах тийм идеал ч гэх үү, итгэл үнэмшил ч гэх үү, шүншиг мэт
нандин холбоос бий бил үү. Иргэний эр зориг, хамтран нэгдэх сонирхлыг
төрүүлж чадах тийм хүчийг таньж мэдсэн цагт л жинхэнэ хувьсгалыг хийж
чадах байх гэж мунхаг би бодов. Хэсэгтээ 90 хувь “атеист” (шашингүй
үзэлтэн) байж ирсэн бидний сэтгэлд одоо хэр нэвчиж амжихгүй байгаа
буддын шашин л лав тийм үүрэг гүйцэтгэхгүй бололтой.

Ийм нөхцөлд
монголчуудыг нэгтгэж хувьсгал хийх гэдэг тийм амар биш биз. Тэгээд ч
хувьсгал гэдэг өөрөө ч санасан болгоны хүссэнээр болдог ч эд биш.
Хувьсгал гэдгийг зүйрлүүлбэл нийгэмд хийж байгаа мэс ажилбар гэж хэлж ч
бас болох. Хэн мэс заслын хутга барьснаас, бас хэр зэрэг эр зориг,  ур
чадвар гаргахаас үр дүн нь гарах байлгүй дээ. Мэс засалч биш болохоор
сайн мэдэхгүй байна. Харин нэг дуу байдгийг мэднэ.

“Хийсгэж чадахгүй юм бол салхи байгаад ч яахийм билээ”  гэж…

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж