ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Өмнөд урсгал дамжуулах хоолойн оронд Грек, Туркийн хил дээр байгалийн хийн сүлжээ барихаар төлөвлөж буйг Анкарад айлчлах үеэрээ мэдэгдлээ. Тэрээр Өмнөд урсгал хийн хоолойн сүлжээ байгуулах “Газпром” компанийн төсөл Европын холбооны эсэргүүцэлтэй тулсан тул орхихоор шийдсэн гэж мэдэгдсэн байна. Өмнөд урсгал дамжуулах хоолойн нэгдсэн сүлжээ нь Хар тэнгисийг гатлан Болгар, Серб, Унгар, Австри, цаашлаад Италиар дамжин Балканы орнууд болон Адриатын тэнгист Оросын байгалийн хийг хүргэх аж. Гэвч Өмнөд урсгал сүлжээ нь төв Европын болоод Балканы орнуудыг байгалийн хийгээр ОХУ-ын хараанд оруулна хэмээн Барууныхан эмээж байгаа гэнэ. Үүний эсрэг Европын холбоо эрчим хүчний нэг компани үйлдвэрлэл, нийлүүлэлт, худалдааг дангаараа хариуцахгүй хэмээн хуульчлахыг оролдож эхэлсэн аж. Харин ОХУ-ын зүгээс Европын холбооны эсэргүүцэл цэвэр улс төрийн сэдэлтэй хэмээн буруушаажээ. Владимир Путин “Өнөөг хүртэл Болгараас зөвшөөрөл өгөөгүй байгаа тул Өмнөд урсгал сүлжээ төслийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй. Хэрэв Европ Өмнөд урсгал сүлжээг байгуулахыг хүсэхгүй байгаа бол болно. Одоо бид эрчим хүчний нийлүүлэлтээ өөр чиглэлд түгээхэд анхаарч байна” хэмээжээ. Үүний дараа “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер Өмнөд урсгал дамжуулах хоолойн төслийг зогсоож, хаасан болохыг мэдэгдсэн байна.
Өмнөд урсгал сүлжээний 930 км бүтээн байгуулалтын ажил Болгарт 2013 оны аравдугаар сард эхэлсэн боловч өнгөрсөн зургадугаар сард зогссон байна. ОХУ-ын “Газпром” компани одоогоор Европын байгалийн хийн 30 хувийг дангаар нийлүүлж байгаа юм. ОХУ, Европын холбооны харилцаа Украины зөрчил, хямралаас үүдэн үл ойлголцолд хүрсэн билээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС