Төрийн ордноо 9 цагт товлогдоод байсан Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.30 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэжүүлэх Ухаалаг засаг төсөл, Тогтвортой амжиргаа-3, Боловсролын чанарын шинэчлэл төсөл, Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг тус тус хэлэлцэх байв.
Хуралдааны эхэнд уг асуудлаар МАН-ын бүлэг Тогтвортой амьжиргаа-3 төслийг үлдээгээд бусдыг нь хойшлуулах санал гаргаснаар хуралдаан үргэлжилж байна. Тус бүлгийн хувьд бусад зээлийн төслүүдийг ийн хойшлуулж буй шалтгаан нь “зээлийн нөхцөл муудсан, хүү өндөр болсон, зориулалтыг тодорхой болгох шаардлагатай. Өмнө авсан зээлүүдээ цэгцэлж байж зээлийн бодлогоо тодорхойлох ёстой” хэмээж буй юм.
Мөн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг дагалдан өөрчлөлт орж буй хуулийн төслүүд болон Чөлөөт бүсийн тухай,Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай төслүүдийг хэлэлцэн санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх юм.
Б.ЭНХ