АН-ын ҮЗХ өчигдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн гол асуудлын нэг нь Засгийн газар байгуулах асуудлаар МАН, АН-аас байгуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Ингэснээр Засгийн газарт хамтрах шийдвэрийг АН-ын ҮЗХ-ноос гаргажээ. Мөн Хяналтын Ерөнхий хорооны нэг гишүүн төрийн албан хаагч болсон тул түүний оронд Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Г.Энхболдыг нөхөн томилохоор шийдвэрлэсэн байна. ҮЗХ-оор хэлэлцсэн гурав дахь асуудал нь арванхоёрдугаар сарын 8-ны өдөр товлогдоод байсан намын их хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Учир нь эдийн засгийн нөхцөл байдал хүнд, өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдаж байгаа энэ үед их хурал хуралдуулах нь тохиромжгүй гэж үзсэн байна. Тиймээс дараагийн ҮЗХ-ны хурлаас их хурлын товоо гаргахаар болжээ. Өчигдөр хуралдсан АН-ын ҮЗХ-ны хуралд эзэнтэй байгаа 193 гишүүний 50 гаруй хувь нь оролцсон байна. Ингээд одоо хамгийн их анхаарал татаж байгаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, аль намд хэдэн яам, сайдын суудал оногдох асуудлыг шийдэх үүргийг ҮЗХ-ноос намын гүйцэтгэх зөвлөлдөө шилжүүлжээ. Тэгэхээр ойрын хугацаанд Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг шийдвэрлэсний дараа Ерөнхий сайд бүтэцээ өргөн барих бололтой.
С.ОТГОН