Миний амьдралын их сургууль

Хуучирсан мэдээ: 2014.12.02-нд нийтлэгдсэн

Миний амьдралын их сургууль

Сэтгүүл зүйд хэн байх, хэрхэн биеэ авч явах, цаашлаад энэ нийгэмд хэн болж төлөвшиж, хэрхэн амьдралаа авч явахыг маань зааж сургасан их сургууль минь “Ардын эрх” сонины редакц юм. Мэдээллийн эх сурвалж байх нийгмийн хариуцлагаа нэр төртэй гүйцэтгэж ирсэн энэ редакцийн “школ” сэтгүүлч миний хувьд оюун санаа, үзэл бодлын минь эх сурвалж, суурийг тавьсан их сургууль гэж би боддог.

Сайн эрхлэгч нарын удирдлага дор, тухайн цаг үеийнхээ үзэл бодол, үнэт зүйлийг тээгч, нийгмийнхээ сор болсон хүмүүстэй ойртон ажиллах, тэднээс суралцах бололцоог news.mn нээж өгөөгүй бол би өнөө зэрэгтэй сэтгүүлч болж чадахгүй л байсан болов уу.

Сэтгүүлч байх, мэдээ, сурвалжлага, нийтлэл бичихийн хамгийн сайхан бөгөөд хамгийн хүнд хэцүү нь гэвэл миний үзэл бодол, миний үнэлэмж бусдад, цаашлаад нийгэмд хамаатай болж эхэлдэгт оршино. Болж буй үйл явдлыг хэдийгээр хөндлөнгийн дүгнэлтгүйгээр бичлээ ч “хэргийн газар” дээр очоод жишээ нь, түймэрт шатаж буй байшинг харуулах уу, түймэр гарсан шалтгааныг хайх уу гэдэг сурвалжлагчийн сонголтоос шалтгаалж уншигч тухайн үйл явдлыг аль талаас нь харж, ямар дүгнэлт өгөх нь шийдэгддэг. Нийгэм, тэр дундаа масс олонх ямар ойлголт, ямар үнэлэлт дүгнэлттэй болох, түүгээрээ тэд өөр хоорондоо нэгдэх үү, тэмцэлдэх үү гэдгийг сэтгүүлч чухам ийм замаар шийдэх бололцоотой учраас сэтгүүлчийн ажил эмчийнхээс дутахгүй хариуцлагатай, нөлөөлөл ихтэй.  Тийм л учраас миний хувьд аливааг хаанаас нь яаж харж, хэрхэн тоочиж, хэнд зориулж бичихээ чухалчилсаар ирсэн. Ялангуяа биднийг “Ардын эрх” сониныг гаргаж эхлэх арван жилийн өмнө өдөр тутмын сонин нэр хүндтэй, тэр хэрээр ажил хэрэгч хүмүүс, бодлого, шийдвэр гаргагчид, идэвхтэй бизнесмэнүүд уншдаг ганц хэрэгсэл байсныг хэлэх үү тэдгээр хэрэглэгчдэдээ гологдохгүй байх, тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн мэдээлэл өгөх ёстой гэдэг хатуу зарчимд суралцаж эхэлсэн юм. Энэ сургуулилалт маань Б.Тэмүүлэн эрхлэгчийн байр суурь, бодол санааг сонсохоос, энгийнээр хэлбэл түүний амыг харахаас эхэлдэг байлаа. Түүний үг бүрийг үнэмшинэ, дагана. Өнөөдрийнхөөс цаг үе арай өөр байж. Ерөнхий эрхлэгчийн харсан зүг рүү харж байж л би цаг үеэсээ, нийгмээсээ хоцрохгүй явж чадна гэсэн итгэл үнэмшил л бидэнд байснаас биш өнөөдрийнх шиг “сэтгүүлчийн эрх чөлөө”, “редакцийн эрх чөлөө” гэж ярьдаггүй байв.

Ийм л зарчмаар бидний тэр үеийн редакцийнхан суралцаж, төр, нийгэм, эдийн засаг, эрх чөлөө, либертари үзэл, хууль ёст нийгэм, ардчилал… маш олон сэдвээр ойлголттой, өөрийн үзэл бодолтой болоход манай “Ардын эрх” сонины үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчид, тэдний ойр хүрээнийхэн гээд нийгмийн шилдэг хэсгийнхэн шууд болон дам нөлөөлсөн юм. Өнөөдөр тэдний заримтай нь хамтран ажиллаж байна. Ийм гол тогоонд миний амьдралын арван жил өнгөрч, эндээс сэтгүүлчийнхээ хувьд үзэл санааны төлөвшлөө олж авсан төдийгүй амьдралынхаа хамгийн эрхэм хүмүүстэй ч энд таарсан юм.

Арван жилийн өмнө энэхүү мэдээллийн хэрэгсэл дөнгөж шаваа тавих гээд редакцийн байр ч үгүй, эрхлэн гаргах “Ардын эрх” сонины нэр ч шийдэгдээгүй байх үед би энд “урваж” ирсэн юм. Ямарваа шинэ зүйлийг эхлэхийн өмнөх яг тийм тодорхойгүй үед хамгийн их яригддаг сэдэв нь “ариун зорилго”, “үзэл санаа”  байдаг. Хүсэл тэмүүлэл дүүрэн хэдэн хүн тэр үеийн сэтгүүл зүйд дүгнэлт хийгээд л, хэрхэн яаж өөрчилж, ямар амжилтад хүрч болохоо зөгнөөд л, эцэст нь энэ бүх яриандаа хөөрч хөгжин, тэр хэрээрээ урам зоригоор хурцлагддаг байх үед би Б.Тэмүүлэн, Д.Нарантуяа эрхлэгч нарыг даган гар хөлийнх нь үзүүрт бичиг цаас зөөж гүйхээс ажлаа эхэлж байжээ. Бүртгэл, зөвшөөрөл, тамга тэмдгээ хөөцөлдөх, хоёр эрхлэгч маань ТЭЗҮ-гээ гаргах, хөрөнгө санхүү, байр саваа бэлтгэх гээд багагүй хугацааг элээсний эцэст “Ардын эрх” сонин анхны дугаартайгаа золгосон юм. Миний хувьд мөрөөдөл, төсөөллөөсөө салж, бодит байдалтай нүүр тулах “зөрчил” эхэллээ. Өмнө нь “Өнөөдөр” сонинд ажиллаж байгаад ирсэн туршлагатай ч улс төрийн мэдээ, мэдээлэл, УИХ-ын сурвалжлага бэлтгэдэг, өөрийнхөө хар толгойг л хариуцдаг байсан хүн чинь энд ирээд албаны дарга болж асар том хариуцлага дээр буулаа. “Албан хаагчийн барил суух” цаг болсныг хоёр эрхлэгч байнга сануулж, ойлгуулж, ятгаж, бүр аргаа барсан үедээ эгчийн хувиар зэмлэцгээнэ. Эндээс л амьдралын их сургууль минь эхэлсэн шиг санагддаг.

Өмнө нь Д.Нарантуяа эрхлэгчийн удирдан гаргадаг байсан “Мongolia this week” сонинд ажиллахаар Монголын үндэсний радиогоос халагдах өргөдлөө өгөөд ирж байсан намтар надад бий. Ажлын анхны гараагаа “бага Зохиолчдын хороо” гэгддэг радиогийн редакциас эхэлсэн надад сэтгүүлчийн гэхээс илүү уран бүтээлчийн барил гэдэг юм уу, нэг л тийм дэврүүн, догдломтгой зан, уянгалаг бичлэг түлхүү ажиглагддаг байлаа. Хүүхэд байхын зохиолч болох, сэтгүүлч болох мөрөөдлөө гээгээгүй байхдаа ажиллаж эхэлсэн Монголын радиод би томчууддаа тоогдоод, парламентын тоймч болоод сүрхий явсан ч сүүлдээ “би сайн сэтгүүлч болъё гэвэл сонинд л юм бичих ёстой” гэсэн бодолтой болж, түүндээ хатгагдсаар нэг л өдөр ажлаа орхин гарсан факттай. Ингээд  Д.Нарантуяа эрхлэгчийн “дасгалжуулалт” дор ажиллаж эхлэв. Анхны мэдээ минь махны үнийг буулгах, интервенц хийх Засгийн газрын шийдвэрийг уншигчдад хүргэх байлаа. Анх удаа сонины наймны нэг зайд 6 эх сурвалжтай, хөндлөнгийн дүгнэлтгүй мэдээ бичив. Сэтгүүлчийн ажлыг ойлгоход асар том нөлөө үзүүлсэн “үйл явдал” тэр байлаа. Д.Нарантуяа эрхлэгч ажлыг минь урамшуулах боловч мөн л алдаа дутагдлыг маань эгчийн хувиар хэлж зөвлөнө. Нэг удаа надад “Ямар ч асуудал бэрхшээл тохиолдсон туулаад л гарахаас биш тойрч гүйгээд шийддэггүй юм” гэж хэлсэн нь ажлаа тасалчихаад гэмшиж суусан миний тархи дундуур татаад авах шиг хүчтэй буусан. Энэ үг асуудал тохиолдох бүрт өнөө хэр чихэнд сонсогддог. “Ардын эрх”-ийн редакцид түүнтэй дахин хамт ажиллах болсноор ахиад л нөгөө зөвлөгөө үргэлжилсэн. Дээрээс нь Б.Тэмүүлэн эрхлэгч нэмэгдлээ. “Чи амбицгүй, шуналгүй. Амьдралдаа зорилгогүй…” гэж зэмлэцгээнэ.

Тэгэхэд “Ардын эрх”-ийн анхны редакцид нэг үеийн шижигнэсэн залуу сэтгүүлчид болох Л.Мөнхбаясгалан, Т.Мөнхтунгалаг, А.Алтантуяа, Ц.Булганзаяа гээд дан нэг үеийнхэн ажиллаж байсан юм. Биднийг хооронд нь өрсөлдүүлэх гэж, тэр дундаас ажлын амжилт олох гэж эрхлэгч нар хурцалдаг байсан нь тэр. Гэвч бид хэзээ ч хоорондоо ил цагаан өрсөлдөж, их багаа дуудалцаж явсангүй. Хоорондоо ам ч муруйж үзээгүй тийм сайхан хамт олныг төлөвшүүлж чадсан нь эрхлэгч нарын маань үлгэрлэл, нөлөөллийнх байсан юм. Энэ уламжлал www.news.mn-ын редакцид өнөөдөр ч хадгалагдан ирсэн халуун дулаан илч нь. Нэг гэр бүл болтлоо өөр хоорондоо ээнэгшсэн эгч, ах нараасаа үг дуулж, үлгэрлэн суралцаж, өөрийн сурсныг дүү нартаа захиж, үргэлж өөрийн биеийг хичээсээр өдгөө би “хүний зэрэгт” хүрчээ. Ийм л учраас энэ редакци, хамт олон “миний амьдралын эх сурвалж” гэж би үргэлжид талархан явдаг билээ. Та бүхэндээ баярын энэ өдрийг тохиолдуулан баяр талархлаа илэрхийлж, бас дахиад амжилт бүхний дээдийг хүсье.

З.Боргилмаа

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж