Бид мартсан ч биднийг мартаагүй…

Хуучирсан мэдээ: 2014.12.02-нд нийтлэгдсэн

Бид мартсан ч биднийг мартаагүй…

Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажилладаг хуульч найз маань саяхан “Бүтэн хоёр өдрийн шүүх хуралдаанд оролцоод улсад учруулсан 827 сая төгрөгийн хохирлыг гаргуулахаар боллоо шүү дээ” хэмээн “томорсон” юм. 2012 онд ЗГХЭГ-ын захиалгаар Баян-Өлгий аймагт 30 багийн төвийн барилгын ажлыг чанаргүй гүйцэтгэж, улсад хохирол учруулсан “Нийслэл-Өргөө” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн шийд ийнхүү гарсан аж. Мундаг, яахын аргагүй гавьяатан. Хүн ажиллаж буй салбартаа ингэж л “томрох” ёстой мэт.

Үүнээс үүдсэн цагаан атаархал маань сэтгүүлч бидний хийж буй ажлын үр дүн нь юу билээ, “Бид юугаар томорч болох вэ” хэмээн бодоход хүргэсэн юм. Ингээд “Өнгөрсөн хугацаанд өөрийн чинь хувьд хөндөж бичсэн, сурвалжилсан, санаачилсан, шүүмжилсэн асуудлын чинь мөрөөр шийдэгдсэн, үр дүн гарсан, шийдэлд хүрсэн, олон нийтийн хөдөлгөөн өрнөсөн, зардал төсөв хэмнэхэд хүргэсэн, магадгүй хэрэг үүссэн үйл явдал, сэдэв тохиолдол юу байна” хэмээн ньюсчүүдээсээ асуусан юм. Өдөр бүр л асуудал хөндөж, шүүмжилж, санаа дэвшүүлэх, мэдээллэх үндсэн ажилтай хүмүүс маань “Санадаггүй ээ, юу билээ” хэмээцгээж тоймтой зүйл хэлэхгүй бололтой.

Гэвч бид магадгүй мартсан ч бидний ажлын үр дүнг мартаагүй олон хүмүүс байдаг, бидний үзэгний үзүүрээр өнгө төрхөө өөрчилж засагдсан олон асуудал байдаг аж.

Хамгийн сүүлийнх нь гэвэл, Маркетингийн менежер Б.Батбаасан маань нэг л мэдэхэд бидэнтэй “урвалд орчихсон” ярилцлагад гүйж яваад нэгэн хүний мөрөөдлийг биелүүлсэн юм. Нарантуул зах дээр дуулж, ахынхаа хүүхдүүдийг тэжээж явдаг Д.Эрдэнэжавын “Жүжигчин болох мөрөөдөл бол бүр багынх.

Кинонд туслах дүр, эсвэл бүр үзэгдээд өнгөрөх дүр байсан ч сэтгэлээсээ тоглоно” гэх мөрөөдлийг нь манай уншигч, жүжигчин Амбий хараад “Нэг ч хүний мөрөөдлийг биелээсэй хэмээн хүсч тэр хүнтэй уулзах хүсэлтэй байна” хэмээн холбогдсон юм. Ирэх дөрвөн сард түүний мөрөөдөл нь биелж тэр өөрийгөө зурагтын дэлгэцнээс, киноноос олж үзэх болно.

Сэтгүүлч Д.Жаргалсүрэнгийн иргэний талд зогсоод хамт­даа ялсан хэд хэдэн хэрэг бий. Тухайлбал, “Эзэнгүй хашаа” цуврал нийтлэлийн мөрөөр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гарган, хотын төвд хууль бусаар олгогдсон 145 газрын газар эзэмших эрхийг цуцалсан. Хууль бус шийдвэр гаргасан, ашиг сонирхлын зөрчлөөс үүдэн мэдээлэл өгөхөөс татгалзсан нийслэлийн Өмчийн харилцааны газар /хуучнаар Газрын алба/-ын албан тушаалтнуудад хариуцлага тооцуулж байв. Сэтгүүлч Д.Отгонсүрэнгийн тууштайгаар бичсэн 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт, хэвлэл мэдээллийнхэн анхаарлаа хандуулснаар хэрэг шударгаар шийдэгдсэн, хэдэн жилийн турш залилагч хэмээх цоллогдож явсан ядарсан бүсгүй Д.Энхмандахын хэргийн үнэн зөвийг гаргах гэж хичээсэн мэдээллүүд ч хожмоо цагаатгагдахад нөлөө үзүүлсэн гэдэг.

Агентлагийн маань Б.Болорсүх нарын залуусын голд эрсэдсэн эх, хүү хоёрын асуудлыг орхилгүй, араас нь хөөсөн бичлэгүүдийн үр дүн зөвхөн “Болор үзэгтэн” шагнал байсангүй. Тэр нь гар чийдэнгээс өөр аврах хэрэгсэлгүй онц­гой байдлынханд хэдэн тэрбумын өртөг бүхий тоног төхөөрөмжийг шийдэхэд нөлөөлсөн явдал байв.

Зөвхөн бичигч нар ч биш зурагчдад маань ч ийм түүхүүд бий. Зурагчин Б.Батмөнхийн “Энхтайван найрамдлын гүүр иймэрхүү байдалтай байна. Гүүрийг тулсан модон тулгуур тэсэх болов уу” гэх тайлбартай зургийн араас томоохон засвар шинэчлэлийн ажил өрнөж байлаа.

Сургуулийн автобустай болох санаачилгын үр дүнд өглөөд харанхуй гудмаар тэмтчин, хүйтэнд даарч, хоёр, дөрвөн хөлт “нохойнуудаас” айдаг байсан олон жаалууд маань дулаан автобусаар үйлчлүүлж эхэлсэн. Замын түгжрэлийг бууруулахын тулд төрийн албан хаагчдын ажлын цагийг нэгээр урагшлуулах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэрх­шээ­лийг шийдэх асуудлаар, гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэй­чүүдийн эрхийг хангах асуудлаарх олон шүүмжлэл өнөө­дөр ажил хэрэг болоод л явж байна.

Хэрэв сэтгүүлч Д.Цээпилмаа МИАТ-ын хэргийг бусдын адил мартсан байсан бол  “Онгоцны ослоос үлдсэн 19 жил” сурвалжлага гараагүй бол амьд үлдсэн С.Өлзийбаярт  МИАТ тэтгэлэг олгохоо илэрхийлэхгүй байхсан.

Андуурч хуралдсан байнгын хороодын зургыг гэрэл зурагчин М.Нямсайхан баримтжуулж хууль тогтоогчдын хариуцлагагүй, хайхрамжгүй байдлыг улайтал нь харуулж сандарсан нөхөд редакц руу маань утас хангинуулж байв.  Л.Нарантөгсийн “Хүний эрх хүүхдээс эхэлдэг” гэх гарчиг Хүний эрхийн үндэсний комисс, олон нийтийн байгууллагуудын гол уриа болж байлаа.

Монголд эмчлэгдэх боломжгүй хэмээж, уйлах, шаналахаас өөрийг чадахгүй болсон олон гэр бүлд туслах, хандивын мөнгө босгох ажилд News.mn оролцсоны хүчинд олон олон Есүхэй, Сайханбилэг нарын жаалуудын эмчилгээний мөнгө цуглаж байлаа. Өвөрхангайгаас түлэгдээд ирсэн жаалын талаар сурвалжилж, шөнөөр холбогдсон гадаадынханд гүүр болсон сэтгүүлч Г.Нэргүйн сэтгэлийн хүчээр, дотоод гадаад, төр хувь ялгалгүй хөдөлцгөөж, эмчилгээг нь хийлгэж дуусгасан гэдэг.

Улс төрийн албаныхны “лоббидсон” хуулиуд ч бас бий. Өнөөдөр үйлчилж буй автомашины татварын хууль буруу тийш явах үед “Чамаас болж татвар төлөх нь, жолооны үнэмлэх минь” гэх зэргээр хууль тогтоогчдод сануулж жолоо­чийг нь биш тээврийн хэрэгслийг нь даатгах ёстойг хэлж байв. Тухайн үед, УИХ-ын гишүүдээс “Хүүе чиний яриад байсан хууль одоо хэлэлцэгдэх гэж байна шүү” гэж байлаа. Нэг машиныг аав, ах, дүү, ээж нь гээд бүгд унадаг айлууд олон бий. Гэтэл жолоочийн үнэмлэх авсан л бол машингүй ч татвар төлөх нөхцөл үүсээд байсан юм.

Түүнчлэн, Эрүүгийн хуулиасаа гүтгэлэг доромжлолтой холбоотой 110, 111 дүгээр заалтуудыг хасах, гэрчийг хамгаа­лах хуультай болъё хэмээн зөвлөж, ирц асуудал биш гэж үү гэсэн асуудлаар бусад гишүүдийн кнопыг өмнөөс нь дардаг явдлыг “залхтал” нь бичиж байж ичээж, асуудал юм байна шүү, батлах ёстой юм байна гэх ойлголтыг ч бий болгож байлаа. Нийгэмд тустай Шилэн дансны тухай хууль, Ашиг сонирхлын зөрчлийн тухай зэрэг шинэчлэлийн төлөөх хуулиудыг өргөн баригдахаас нь эхлээд батлагдах хүртэл нь, батлагдсаных нь дараа хэрэгжүүлэхийн тулд харамгүй орон зай зарцуулсныг News.mn сайтын цахим архиваас шүүгээд харахад л ойлгогдоно. Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуу­лийг хамтад нь хийх ёстой гэдгийг, төмөр замын цариг дээр аль нэг нь гэж туйлшралгүй улс орны эрх ашигт тустайгаар аль алиных нь давуу болон сөрөг талыг хөндөж байв. 

Хэдийгээр ялалтад хүрээгүй ч үнэн байсан гэдэг нь одоо ч харагдаж буй редакцийн маань хөндсөөр ирсэн сэдвүүд бий. Бэлэн мөнгө тараах улс төрийн намуудын шийдвэрийг эсэргүүцэж, эдийн засагт урхаг бий болно гэж олонтаа л бичсэн. Хордсон Хонгорын араас ч чамгүй хөөцөлдөж байж. Эдийн засгийн албаныхны төсвийн хууль бус зарцуулалт, мөнгөний бодлого, эрх баригчдын үрэлгэн байдлуудыг баримттайгаар дэлгэж байсан ч хариуцлага яригдаагүй нь харамсалтай.

Өнөөдөр хажууд буй хэдээсээ харахад л ийм хэдэн “томрох зүйлс” тодорно. Тэгвэл үе үеийн ньюс-чүүдийн архивыг ухвал “Монголын түүхийг бичсэн 10 жил” гэдэг үгсийн жинхэнэ утга харагдах биз. Эрвээхэй далавчаа дэвснээс болж ертөнцийн нөгөө талд шуурга дэгддэг гэх үг бий. Энэ нь өнөөдөр бидний санаатай, санамсаргүйгээр хийсэн үг үйлдэл өөр бус­дын хувь тавилан, ирээдүйд нөлөөлдөг гэдгийг хэлсэн үг. Ингээд бодохоор ньюсчүүд бидний дэвэлт ямар олон хүний хувь тавиланд өөрчлөлт оруулж, нөлөөлсөн бол. Бид мартсан ч, биднийг мартаагүй олон тавилан бий.

Б.ЭНХМАНДАХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж