Номын хорхойтнуудын шөнийн клуб

Хуучирсан мэдээ: 2014.12.02-нд нийтлэгдсэн

Номын хорхойтнуудын шөнийн клуб

 

Шөнийн номын клуб гэнээ? Тиймээ. Тайваньд номын худалдаа цэцэглэж буйн шалтгаан ердөө энэ. Тайванийн нийслэлд шөнө дунд болж байхад хүмүүс неон гэрэлтэй гудамжаар гэр лүүгээ тайван алхаж байхад, нөгөө нь улаан, цэнхэр, хөх гэрэл анивчсан диско клубуудыг байлдан дагуулж, зарим нь номын дэлгүүрээр хэсч байдаг нь тэдний амьдралын жирийн нэг шөнийн зураглал.

 

 

Тайпей хотын төв дэх 24 цагийн номын дэлгүүрт барууны хамгийн алдартай номын дэлгүүрүүдэд өдөр оргил цагаар үйлчлүүлдэг номын хорхойтнуудаас ч олон номын хорхойтнууд  орж гардаг аж. Тайпейгийн номын хамгийн том дэлгүүр шөнө унтахыг мэддэггүй, шар шувуу шиг хүмүүсийн хөлд байнга дарагддаг. Тэд хөгшин залуу ялгаагүй энд тэндгүй хана налан, шат, шалан дээр суун номоо шимтэн уншиж буй харагдана.

 

"Тайваньд шөнө гэлтгүй амьдрал буцалж байдаг. Шөнийн зах, дэлгүүр, клубууд гээд. Номын дэлгүүрт ч тэр ялгаагүй” хэмээн шөнийн номын дэлгүүрийн нэгэн үйлчлүүлэгч ярьжээ.

 

Тайпей хотын төвд орших таван давхар номын дэлгүүр “Eslite” 1989 онд анх тэнд дэлгүүрээ нээжээ. Түүнээс хойш 25 жилийн хугацаанд дэлгүүрээ өргөжүүлэн, Тайвань, Хонконгод номын нийт 42 салбар дэлгүүртэй болжээ. Удахгүй мөн Хятадад ч дэлгүүрээ нээх төлөвлөгөөтэй байгаа аж. АНУ болон Европын номын дэлгүүрүүд “Амазон” зэрэг ном, сонин, сэтгүүлийн цахим худалдааны өрсөлдөгчдөд шахагдсанаар зарим нь хаалгаа барихад хүрч байхад Тайваньд тус номын дэлгүүрийн сүлжээ ид дэлгэрсэн. Номын худалдаачдын холбооны үзэж буйгаар сүүлийн арван жилийн хугацаанд Их Британид томоохон номын дэлгүүрүүдийн гуравны нэг нь хаалгаа барьсан байна. АНУ-ын номын худалдааны том компани “Barnes & Noble” дижитал өрсөлдөгчдийн эсрэг хүчтэй менежмент явуулж чадаагүйгээс дэлгүүрүүдээ хааж эхлээд байгаа юм.

 

Харин “Eslite” номын хорхойтнуудад жинхэнэ эрх чөлөө олгож, тэдний тав тух, орчин, кафе, ресторан зэрэг бүхнийг бүрдүүлж, очих дуртай газар нь болж чадсанаар энэ төрлийн өрсөлдөөнийн шуурганд тэсч үлдсэн юм. “Eslite” 2013 онд л гэхэд номын худалдаанаас 425 сая ам.долларын ашиг олсон байна.

 

Хөгжим сонирхогчид болон номын хорхойтнуудын дуртай газар

 

Нью Йоркийн  Сохо барилгатай төстэй уг номын дэлгүүр нь өвөрмөц дизайн болон хамгийн сүүлийн үеийн ховор, сонин номнуудаараа хөгжим сонирхогчид болон номын хорхойтнуудыг өөртөө татдаг. Тайпейн олон мянган баар, ресторануудаас илүү номын дэлгүүрийг зорьдог бас нэг шалтгаан нь боловсролтой, соёлтой, дэгжин хүмүүс тэнд үйлчлүүлдэг учраас ганц бие хүмүүс тийш байнга зүглэдэг аж.

 

Ихэнх хүмүүс шинэ ном сонирхохоор тэнд очдог бол зарим нь зүгээр л цаг өнгөрөөдөг байна. Яагаад гэвэл тэндхийн орчин нь шөнийн клуб, баарнаас бараг ялгагдахгүй.

 

Номын дэлгүүр арлыг зорьж очдог жуулчдын ч мөн хамгийн ихээр очдог газруудын нэг. Заримдаа Хятадын эх газраас хориотой ном худалдаалж буй эсэхийг шалгах зорилгоор “зочид” очдог аж. Саяхнаас тус компани Хятадын зах зээлд шургахын тулд өөрсдөө ийм цензур тавьдаг болсон гэдэг  хэл аманд өртөөд байгаа билээ.

 

Энэ оны эхээр тус номын сүлжээ дэлгүүр Төвдийн хүний эрхийн асуудлын тухай ном худалдаалсан тухай шуугианд өртөж, Бээжингийн эрх баригчдын уурыг хүргэсэн юм. Гэвч компани нь уг мэдээллийг эрс үгүйсгэсэн билээ.

 

“Eslite” амжилттай байгаагийн шалтгаан нь шөнийн үйлчлүүлэгчдэдээ ном үнэгүй унших боломж олгож, яг л номын сангийн үйлчилгээ үзүүлдэгтэй холбоотой. Тэдний үйлчилгээний уриа нь зочломтгой, найрсаг уур амьсгал бүрдүүлэх аж.

 

Тэнд цагдаагийн оффицер дэлхийн үйлдвэрлэлийн чиг хандлагын тухай ном уншиж байх нь жирийн л тохиолдол. Үнэн хэрэгтээ Тайпейд орой гарч, “нэг юм уух”-ад үнэтэй аж. Түүний оронд орой номын дэлгүүр орж, дуртай номоо үнэгүй уншиж болно.

 

Орчуулсан Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж