“Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана"
Монгол Улсын Үндсэн хуулиас..
“Тануулахын зовлонтой шүүх засаглал”
Одоогоос нэг жилийн өмнө, 2013 оны арваннэгдүгээр сард “Багадсан дээлтэй шүүх засаглал” хэмээн миний бие бичиж байж. Тухайн бичлэгт шүүх засаглалд зориулах төсвийг танаж хасч буйг “Багадсан дээл”-тэй шүүх засаглал болох нь хэмээн шүүмжилж “Бүх шатны шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын төсвийг нийт 238,2 тэрбум төгрөгөөр өргөн барьсан атал бараг дөрөвний гурвыг нь шуудхан хасчихлаа. Тодруулбал, анх оруулж ирснийг нь Хууль зүйн байнгын хороогоор хасалт хийсний дараа Төсвийн байнгын хороо дахин хассаар үйл ажиллагааны төсвийг 65,1 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын төсвийг бүр 100 хувь хасчихсан аж. Өөрөөр хэлбэл, хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогод “эдийн засгийн хориг” гэж ойлгомоор шийд гаргалаа. Шүүгчдийн цалингийн сан, орон тоог нэмэгдүүлж чадахгүй болох тул урдынхаас ч илүү ачаалалтай, ажилласан жилээс нь шалтгаалах цалингийн нэмэгдэл нь шийдэгдээгүй, амь нас эрүүл мэндийн даатгал баталгааг нь хангах хуулийн заалт хэрэгжих боломжгүй боллоо. Тэтгэвэрт гарах шүүгчдэд олгох тэтгэмжийн зардлаас эхлээд олон олон баталгаа бүрхэг болов. Шүүгч, шүүхийн халдашгүй байдлыг хангах тоног төхөөрөмж, дохиоллын систем битгий хэл эвлэрүүлэн зуучлагч бий болгож шүүхэд ажиллуулах, иргэдийн төлөөлөгчийг авчирч суулгах зардалгүй болов. Бусад яам, агентлагийн хөрөнгө оруулалтын төсвийг 20 хүртэл хувиар бууруулсан хэрнээ юуны учир шүүхийн хөрөнгө оруулалтыг бүхэлд нь авчихав гэдэг хариултгүй үлдлээ. 100 хувь хасагдсан хөрөнгө оруулалтын төсөвгүйгээс шүүх нь түрээсийнхээ байрандаа хэвээр, “Шүүх өөрийн байртай байна” гэх заалт зөвхөн хуулиндаа үлдэж шинээр байгуулагдах шүүхүүд зориулалтын бус хаа нэгэн газарт шингэж таарах нь.. Төсвийн тооцоог хасч танах байх, “14 дугуй авна гэвэл 4 дугуй өгнө шүү” гэж хөөсрүүлэн бичдэггүй нь лавтай. Тэр тусмаа шүүхийн төсөв. Тоо бүрийн ард хуулийн хэрэгжилт, цифр бүрийн ард хэвийн ажиллах нөхцөлийн баталгаа бий” хэмээн бичиж байжээ.
Шүүхийн байгууллагынхан төсвөө ийнхүү тануулж, хөрөнгө оруулалтаа 0 дүнтэй гаргаснаар шаардлагатай шүүхийн байрны асуудлаа шийдэж чадаагүй. Шүүх өөрийн байртай байна гээд хуульчилсан байдаг ч түрээсийн байранд тэвчихээс өөр аргагүйд хүрсэн. Гэвч жилийн дараа дахиад л шүүхийн төсөв танагдаад л ороод ирлээ. Шүүхийн бие даасан хараат бус байдал, актлагдсан байшин, шүүх хуралдааны зориулалттай танхим, шаардлага хангасан зөвлөлдөх тасалгаа гээд асуудлуудыг шийдэлгүйгээр дахин хойшлуулах нь. Хүний эрхийн асуудал, шударга ёс хангагдах, хуулиар хүлээсэн үүрэг байгаа учраас төлөвлөсөн төсвийг нь хасч байгаад ихээхэн хүндрэлүүд гарахаар буй аж. Хууль зүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Үндсэн хуулийн цэц гээд хууль зүйн салбарын байгууллагууд дор бүрнээ төсвөө тануулсны зовлонгоо төсвийн хэлэлцүүлгийн үеэр ярьж “ингээд танавал хууль зөрчих болоод байна” хэмээн учирлаж байлаа. Жишээ нь, ШЕЗ-ийн 88 тэрбумийн төсвийг 59,3 болгосны ард шүүхийн урсгал төсвийг бууруулахгүй байх хуулийн заалт хэрэгжихгүй байдалд хүрсэн, шинээр орон тоо нь нэмэгдэж буй шүүгчдийн цалин хангамжийг өгөх боломжгүй болох, хуулиар шүүх нь тусдаа байртай байна гэсэн заалт хэрэгжихгүйд хүрч түрээсийн байр, актлагдсан байранд ажиллахаас аргагүйд хүргэж буй аж. Ингэснээр нэг шүүгчид хувиарлагддаг хэргийн тоог 100-аас бууруулах боломжгүйд хүрч, зайлшгүй хэрэгтэй Завхан, Дархан-Уул, Архангай аймгууд, Багануур дүүрэгт шүүх байртай болох нь хойшилж буй бололтой.Улсын дээд шүүх ч мөн адил зовлон ярьж тог цахилгааны гээд бүхий л суурь зардал өссөн байхад урсгал зардлыг бууруулснаа эргэн харахыг хүсч байсан юм.
“Хэмнэлт, шинэчлэлийг сонгохоос аргагүй”
“Хараат бус шүүх, чөлөөт худалдаа хоёрыг тогтоочихвол
бусад нь аяндаа түүнд захирагддаг”
Адам Смит
Уг нь шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах зорилготой, шүүх эрх мэдэл нь төсвийнхөө хувьд гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлээс хамааралтай биш байхын тулд батлагдсан Монгол улсын Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуулинд заасан "Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Улсын Их Хуралд шууд өргөн мэдүүлнэ" гэх заалт ач холбогдолгүй болж. Шүүх нь төсвөө өөрөө тогтоож, тануулалгүй батлуулах зарчим нь өнөөх гурван эрх мэдлийг холилдуулахгүй байх, шүүх эрх мэдлийн байгууллагыг хараат бусаар авч үлдэх стратегийн ач холбогдолтой ч гэсэн тэр.
Иймд шүүх засаглалд тануулсан төсвөө хэмнэлтээр нөхөх, шинэчлэлийн үндсэн дээрх үргүй зардлаас татгалзаж байж л “амьдрах” гарцаагүй сонголт үлдсэн аж. Шударга бус байдлын төлөөс илүү өртөгтэй байдаг гэж бодвол тэд ч чадаж байна. Наад захын жишээ л гэхэд, 21 аймаг болон Багануур дүүрэгт байрлах шүүхүүдэд видео хурлын систем нэвтрүүлжээ. Видео хурлын төхөөрөмж суурилуулсан нь бүх төрлийн сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг зайнаас хийдэг болж өргөн уудам нутаг дэвсгэр, дэд бүтцийн онцлогоос үүдсэн бэрхшээлийг шийдвэрлэх, эдийн засгийн хэмнэлттэй ажиллах боломж бүрдүүлжээ. Зөвхөн хөдөө орон нутагт буй шүүгчдээ сургалтанд хамруулахын тулд өмнө нь ямар их цаг хугацаа, зардал мөнгө зарцуулдаг байсныг тооцоход л энэ бол хэмнэлт.
Шүүхийн шинэчлэлийн хүрээнд ч бодлогууд бодит ажил болсон нь шүүхэд итгэх итгэлийг өргөсөөр. Тойргын системд шилжсэн нь шүүгчдийн ачааллын бууруулаад зогсохгүй шүүхээр үйлчлүүлэгч иргэдийн хувьд зардал мөнгөө зарлагадах иргэдийн хувьд хэмнэлтийг бий болгосон. Шүүн таслах байгууллага, захиргааны байгууллага тусдаа болсноор шүүгч шүүгчдээ нөлөөлөх явдал үгүй болов. Шүүгчийн сонгон шалгаруулалт олон нийтэд ил тод болов. Шүүгчийн гаргасан шийдвэрүүд цахим сайтад байршив. Судалгааны төв байгуулагдаж аливаа шийдвэр судалгааны үндсэн дээр гардаг болов. Шүүх хуралдааны явцын дуу дүрс бичиж архивлах төхөөрөмж суурилуулсан байна. Дээрх ажлыг хийж гүйцэтгэснээр хурлын тэмдэглэл үнэн зөв гарах боломж бүрдэв. Иргэн, захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем нэвтрүүлжээ. Нэгдсэн системтэй болсноор шүүхийн нэхэмжлэл, хэрэг хүлээн авах, бүртгэх ажиллагааг хялбар шуурхай болгох, шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичгийн даргын ажил үүргийн хуваарь тодорхой болох, анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн мэдээлэл солилцоог сайжруулах, тайлан мэдээ гаргахад зарцуулдаг цаг хугацааг багасгав. Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх тухай зохицуулалт орлоо. Шүүхийн аюулгүй байдал, гэрч, хохирогчийг хамгаалах шинэ бүтцийг бий болгож гэрч, хохирогчийг хамгаалах болов. Ийнхүү тоочвол цааш нэлээд үргэлжилнэ.
Ийнхүү танагдах учиргүй ч тануулсаар байдаг шүүх засаглалынхан шүүхэд итгэх итгэл, шүүхийн хараат бус байдлын төлөө ажиллажээ. Улс төрчдийн хийсэн ажлын тайланд ч шүүх, хуулийн салбарын шинэчлэлүүд тал илүү хувийг нь эзэлж байгаа нь үүнийг нотолно. Шүүхийн хараат бус байдыг бий болгосоор байгаа гэдэг итгэл тодрох бүр Монгол Улсын хуулийн орчин, шүүх засаглалд гадныхан ч итгэнэ. Ийм л үед тэд эргэлзээгүйгээр Монголд хөрөнгөө оруулна. Хараат бус шүүхийг тогтоочихвол бусад нь аяндаа захирагдана гэдэг үгийг А.Смит зүгээр л хэлчихээгүй бол шүү дээ.
Б.ЭНХМАНДАХ