-Зоосыг заавал татан буулгаж, Төрийн банк байгуулах ямар хэрэгтэй байсан юм. Төр бусдын зээлсэн 60 тэрбум төгрөгийг олж авахын тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс 60-аас илүү тэрбум төгрөг гаргах хэрэгтэй байсан гэж үү?
-Энгийн хүмүүст, өөрөөр хэлбэл, банкны бус хүмүүст 60 тэрбум төгрөгийн зээлийг нөхөхийн тулд 60-аас илүү тэрбум төгрөгийг төр гаргаж байгаа юм шиг санагдаж магадгүй. Нөгөө талаас нь харах юм бол төр 60 тэрбумыг гаргаж байгаа юм биш, харин 60 тэрбум төгрөг нөхөгдөж орж ирэхээр төсөөлөл байна. Төсөөлөл гэдэг маань төлөвлөгөө гэсэн үг шүү дээ. Энэ төлөвлөгөө биeлж болно, биeлэхгүй ч байж болно. Монголбанкнаас боловсруулсан төлөвлөгөө хэрвээ хэрэгжих юм бол Төрийн банк багагүй мөнгө босгох юм.
-Тэгэхээр нэг ёсондоо 120 тэрбум төгрөгийг Төрийн банк “цуглуулна” гэсэн үг үү?
-Төлөвлөгөө хэрвээ хэрэгжих юм бол 120 тэрбум битгий хэл 200, 300 тэрбум төгрөг түүнээс илүүг олно гэж ойлгож болно.
-Тэгж чадах уу. Олон хүн эргэлзээд л байна шүү. Анод банкны 40 тэрбум төгрөгийн зээлийг олохын тулд төсвөөс 150 тэрбум төгрөг гаргасан. Гэтэл одоо тус банк татан буугдахаар болчихлоо?
-Анод банкны жишээнээс хараад Төрийн банк байгуулахаар болсон. Анод шиг шууд татан унагаачихаж болохгүй юм байна гэж шийдсэн. Дараа нь ямар ч байсан өөр банк байгуулах нь зөв юм байна, ийм хэлбэр байх хэрэгтэй юм гэдэг үүднээс Зоос дээр Анодод барьж байсан бодлогоо хэрэгжүүлэхийг Монголбанк хүсээгүй. Учир нь хүмүүс тухайн банктай гэрээ байгуулж, харилцаа тогтоож, зээл авсан бол тухайн банкиндаа л төлдөг. Банкийг нь татан буулгачихаар иргэдэд буруу ойлголт төрдөг юм шиг байна лээ. Зарим нэг нь зээлээ тогтвортой төлж байсан бол больчихдог. Зарим нь бүр зугатаах санаа өвөртөлдөг. Нөгөө хэсэг нь эргэлзээнд орчихдог. Тийм болохоор банкийг шууд татан буулгана гэдэг хүний харилцаанд буруу үр дагавар үзүүлдэг юм байна гэсэн үүднээс Зоосын суурин дээр Төрийн банк байгуулж байна. Өөрөөр хэлбэл, Анод банкинд гаргасан алдаагаа Монголбанк давтахгүй байхыг хүссэн. Анодад итгэх итгэл үнэмшил нь суларснаас харилцагч, хадгаламж эзэмшигч нар мөнгөө татчихсан нь бүр ч хүнд байдалд оруулсан. Харин одоо бол төр харилцагч, хадгаламж эзэмшигч нарт баталгаа гаргаж өгч байгаа болохоор иргэд буцааж мөнгө татах явдал байхгүй болно гэж үзэж байгаа.
-Төрийн банк арилжааны банк маягаар л явна гэсэн үг биз дээ?
-Тэгнэ, арилжааны банкинд өрнөдөг бүхий л үйл ажиллагааг Төрийн банк эрхлэх юм. Зоос банкийг татан буулгаад муу активыг нь авч үлдээд Монголбанк өөрөө өр барагдуулах албыг нь гүйцэтгээд явна. Харин сайн актив дээр нь Төрийн банкийг байгуулж байгаа учраас тус банкны үйл ажиллагаанд эргэлзэж, тээнэгэлзэх хэрэггүй.
-Төрийн банкийг байгуулахад татвар төлөгчдийн мөнгөнөөс багагүй мөнгийг гаргахаар болсон. Дахиад л хэн нэгэн татвар төлөгчийн мөнгөөр тоглохгүй гэсэн баталгаа байгаа болов уу. Хадгаламж банкнаас 14 тэрбум төгрөг алдсан шиг явдал болох вий гэсэн эмзэглэл нийгэмд байна л даа?
-Төр бонд гаргаж байгаа. Бонд бол мөнгө гэсэн үг биш юм. Мөнгө босгож болох л “цаас”. Тэгэхээр иргэд Төрийн банкинд санаа зовох ямар ч асуудалгүй. Төр Хадгаламж банкинд гаргасан тэр алдаагаа дахин давтахгүй байх гэдэгт найдаж байна.
-Төр өөртөө хэл ам дагуулсан бас нэг ажил удаж байхаар зүгээр л Зоосыг зарчихгүй яасан юм. Тэр нь илүү амар байсан юм биш үү?
-Хадгаламж банк эхлээд Зоос банкийг нэгтгэe гэж санал тавьсан мөртлөө удалгүй хүсэлтээ татаад авчихсан. Яагаад хүсэлтээ татаад авчихсан юм гэхээр, Зоос банкны 25+1 хувийг эзэмшдэг Eвропын сэргээн босголт хөгжлийн банкнаас Хадгаламж банкинд хувьцаагаа зарахгүй гэдгээ хэлсэн юм билээ. Банкны хуулиар бол хоёр банк нэгдэхэд хувь эзэмшигчид нь зуун хувь хүлээн зөвшөөрсөн байх ёстой байдаг юм. Тиймээс Eвропын сэргээн босголт хөгжлийн банкнаас зөвшөөрөөгүй учраас Хадгаламж банк хүсэлтээ татаж авахаас өөр аргагүй болсон биз.
-Зоос, Анодын байдлаас харахад Монголбанкны хяналт сул байна гэж ойлгохоор байгаа. Ийм байдалд хүрэхээс нь өмнө урьдчилсан арга хэмжээ авч болоогүй юм уу. Ганцхан хүний үйлдлээс болоод арилжааны хоёр банк татан буугдахад хүрлээ шүү дээ?
-Хяналт бол маш сайн тавьж байсан. Монголбанкны eрөнхийлөгч энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэлийн бага хурал дээр өгсөн шүү дээ. Төрөөс Зоосын санхүүгийн байдал хүндэрч магадгүй гээд Хөгжлийн сангийнхаа 18 тэрбум төгрөгийн хадгаламжийг байршуулж байсан гээд олон арга хэмжээ авч байсан.
-Монголын арилжааны банкуудаас хоёрхон банк л хөрөнгийн зах зээлд хувьцаагаа зарж байсан. Тэр хоёр банк хоёулаа татан буугдлаа. Одоо хувьцаа эзэмшигчид яах вэ?
-Зоосын хувьцаа эзэмшигчид нэг их айгаад байх юм байхгүй. Аль гурван жилийн өмнөөс хувьцаагаа зарсан. Сая хаалтын ханшин дээр гэхэд нэрлэсэн үнээсээ доошоо оролгүй хувьцаанууд нь зарагдсан байна лээ. Тэгэхээр хувьцаа эзэмшигчид айлтгүй. Нөгөө талаас хувьцаа эзэмшигчид төрийн баталгаатай, хадгаламжтай зүйл дээр наймаа хийгээгүй. Өөрсдөө санхүүгийн эрсдэлтэй “тоглолт” хийж байгаа болохоор өөрсдийнх нь сонголт тэр байсан гэж ойлгох хэрэгтэй.
Холбоотой мэдээ