Хадны сүг зураг шиг амьдралаар амьдрах хүмүүс гэж бас байх.
Нүцгэн хөлөөрөө их газрыг тийрэн, нум сум агсаж ан гөрөө хийнэ. Африк тивийн өмнөд хэсэгт нутаглах Сан омгийн тэдгээр хүмүүс хэдэн мянган жил гэлтгүй, яг л тэгж амь зууж иржээ.
Урьд цагт Бушман гэж нэрлэгддэг байсан тэдгээр хүмүүс Ботсвана, Намиби, Өмнөд Африкийг дамнан орших Калахарийн цөлд амьдрана.
Ан гөрөө нь угаас эрчүүдийн ажил боловч, ойрын үед нэг л янзгүй. Олз омоггүй өдрүүд сүүлийн 3 долоо хоногийн туршид үргэлжилж байгаа нь энэ.
Өнөөдөр ч дөрвөн эр уван цувсаар анд гарлаа. Гэсэн ч, хаанаас ч амьтны үнэртэй салхи алга. Зуршил юм шиг жижигхэн шувууны урхи бэлдэн, замын хажуугаарх үндэс мулталсан шиг газар хорооно.
Тэгтэл нэг нь зөгийний үүр олоодохов. Бусдынх нь царай хувьсхийн гэрэлтээд явчихлаа. Тэр дороо барьж явсан жижиг мөчирөөрөө гал өрдөж, утаагаар нь зөгийнүүдийг үргээв. Тэгээд нэг нь үүр рүү гараа дүрж амтат бал гарч ирэх нь тэр.
Бодсоноос шалихгүй хэмжээтэй гарч ирсэнийх юм болов уу, эрчүүд бүгдий нь газар дээр нь гүзээлж орхив.
Ургамлын үндсийг ухаж гарган шахаад, урсах шүүсээр нь зунгааралдсан гараа угааж авлаа. Ургамлын шүүс овоо гашуун байгаа бололтой.
Ингэж тэгж явтал нэг л мэдэхэд нар хэвийж, харамсалтай нь тэр өдөр бас л ганзага хоосон буцах нь. Явах замдаа бэлдээд орхисон жижиг шувууны урхиа өнгийвөл, амьтны байтугай сүнсний үнэр ч алга.
Отогтоо ирлээ, бас л гар хоосон. Гэвч тэднийг зэмлэх хүн нэг ч алга. Ангын талаар ч асуух хүн гарсангүй. Эрчүүд ч ичиж бантсан шинжгүй, тэр дороо л хураасан модны жимсийг огтлон, бүгдэд тарааж гарлаа…
Дараагийн өдөр, үүлний байдал нэг л сэжигтэй. Аягүй бол бороо орж мэдэх нь. Ингээд ангаа больчихов. Нум сум болон бусад хэрэглэлээ янзалж тойлсоор өдрийг барлаа. Тэдгээр зэвсэгүүд нь бүгдээрээ өөрсдийн гараар хийсэн зүйлс.
үргэлжлэл: tomyo-bodyo.blogspot.com