АН-2 онгоц хөшөө болон мөнхөрлөө

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

АН-2 онгоц хөшөө болон мөнхөрлөө

Монголын нисэх хүчний 86 жилийн ойн баярын өмнө  иргэний агаарын тээврийн үйлчилгээнд ачаа, шуудан хүргэх зориулалтаар ашиглаж байсан АН-2 онгоцыг өчигдөр МИАТ компанийн төв талбайд хөшөө болгон заллаа.

Хөшөөний нээлтийн ёслолын ажиллагаанд ЗТБХБ-ын Зам тээврийн бодлогын газрын дарга Б.Махбал болон С.Батмөнх тэргүүтэй ИНЕГ-ын удирдлага, МИАТ компанийн удирдлага, Монголын иргэний агаарын тээврийн үйлчилгээнд АН-2 онгоцыг жолоодож явсан үе үеийн ахмад нисгэгчид оролцсон байна.

ЗХУ-ын нисэх онгоц зохион бүтээгч О.К.Антоновын товчоо 1948 онд АН-2 онгоцыг үйлдвэрлэн гаргасан бөгөөд манай улс ЗХУ-аас анх ийм таван онгоц худалдан авч, 1956 оны долдугаар сард Ардын хувьсгалын 35 жилийн түүхт ойг тохиолдуулан Бөхөг цагаан толгойн аэродромд Нисэх холимог Ү хорооны бие бүрэлдэхүүн, Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн цуглаан болж, АН-2 онгоцоор Ховд, Дорнод, Хөвсгөл аймгийн чиглэлд анхны нислэгийг үйлдсэн байна. Энэ нь манай улсын иргэний агаарын тээврийн тогтмол нислэгийн анхны гараа болсон юм. Тус онгоц нь 1000 морины хүчтэй, АШ 62 ИР хөдөлгүүтэй, 4800 метр хүртэл өндөрт 180-230 км/цагийн хурдтайгаар 1000 км алсад нисэх чадвартай. Хоёр нисгэгч, 12 зорчигч нисэх ба нислэгийн хүнд нь 5250 кг, авах ачаа 1000 км.  Ард түмний дунд “царцаа ногоон” хэмээн алдаршсан тус онгоцоор Иргэний нисэхийн салбарынхан Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист хүрч зорчигч тээвэр, түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуйд хортон шавьж устгах, ойн түймрийн эргүүлийн нислэгт ашиглаж байсан юм. Тус онгоц өнөөдрийн иргэний нисэхийн салбарт ч ашиглагдсан хэвээр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж