Хамтарсан Засгийн гунигт түүхийг эцэслэж, үндэсний их эвлэрлийн эхийг тавьцгаая!

Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

Хамтарсан Засгийн гунигт түүхийг эцэслэж, үндэсний их эвлэрлийн эхийг тавьцгаая!

2012 оны УИХ-ын сонгуулийн дараахан ийм уриалга гаргаж байсан юм. Гэсэн ч хэн ч тоож шиншээгүй билээ. Энэ удаа ч энэ уриалгын ач холбогдол алдагдаагүй байна гэж үзээд дахин нэг сануулахаар шийдлээ. Н.Алтанхуягийн Засгийн газар бол дөрөвдүгээр Үндсэн хуулиар байгуулагдаж болох засгийн газруудын хамгийн сүүлчийн хувилбар байсан юм. Үндсэн хуулийн хүрээнд үүнээс цааш газар үгүй болсон билээ. МАНАН хөшиглөж, МАН-ыг шившиглэж, АН-ыг аргацааж, Шударга ёс эвслийг эвийлэх энэ үест энэхүү уриалгад анхаарлаа хэдхэн хором төвлөрүүлэхийг хүсье.
 

Юуны өмнө түмэн олон монголчуудынхаа итгэлийг хүлээж төрийн эрх барих үүрэг хүлээсэн эрхэм гишүүддээ баяр хүргэе. Энэ удаа та бид Монгол Улс “орших эс оршихуйг” хамтдаа шийдвэрлэх түүхэн цаг үеийн заагт, түүхэн хариуцлагын өмнө бид тулж иржээ. 22 жилийн өмнө IV Үндсэн хуулийг энэ ордонд баталснаас хойш түүнд нийцүүлсэн олон зуун хуулийг энэ танхимд гаргажээ.

Монгол орны, Монголчуудын хувь заяаг шийдсээр ирсэн энэ танхимаас сүүлийн жилүүдэд Үндэсний эрх ашгийг хохироосон хуулиуд улам олон гардаг болсон. Чухам үүнийг засах эрхийг ард түмэн бидэнд өглөө. Бүх монголчууд биднийг аврал, найдварын харцаар харж байна. Энэ бол асар хүнд үүрэг хариуцлага мөн.

Хэрэв бид зориглон хөдөлбөл өмнөх их хурлуудын бүх алдааг засан залруулж, хойшид сонгогдох их хурлуудын бат найдвартай суурийг буй болгож чадна. Бид Үндэсний эрх ашгаар залуурдуулсан цоо шинэ замыг ирээдүйн өмнө нээж өгнө. Тиймээс бид амласнаа биелүүлэх төдийгөөр ажлаа хязгаарлалгүй, зайлшгүй хийх ёстой асар их зүйлийг яг одооноос хийж эхлэх шаардлагатай байна.

Юуны өмнө намчирхлаас салахаас ажлаа эхэлцгээе. Өнөөгийн намууд эрх мэдэл, албан тушаалын их дэлгүүр болжээ. Мэргэжлийн чадвар, ёсзүйн шалгуургүй хүмүүс албан тушаал худалдан аваад, очсон газартаа юу ч бүтээж, урагшлуулж чадахгүй, харин ч мэргэшсэн албадыг холион бантан болгож үй олон ашиггүй орон тоо бий болгож, хуйвалдагчдаа шургалуулж байна. Хариуцлага тооцдоггүйгээс тохиолдлын хүмүүс мэргэжлийн албадад шургалаад хулгайч, тонуулчид болж хувирдаг. Тэдний оронд дараагийн сонгуулиар яг адилхан, гэхдээ өөр намын хүмүүс очиж байна.


Хүний шуналд хязгаар үгүй тул ийм замаар ханаж цаддаггүй бирдүүдийн үржүүлгийн газар нь Нам болж хувирчээ. Үлгэрлэвээс намууд тараг мэт исэж, сүү шиг төрд тэр тарагны хөрөнгө орсноор Монголын төр ээдэж байна. Ичгүүр сонжуургүй энэ худалдаа наймаалцаан нийгмийг бүхэлд нь боомилон торлож, үүнээс гадуур гишгэх газаргүй болголоо. Улс төрийн бүх гарц, боломжуудыг хэрэн баглаж, түүн доторх хүмүүсийг хөдлөх аргагүй болгосон байна.
Улстөрд бугшин тогтсон энэ сүлжээ нийгмийг бүхэлд нь худалдаа наймааны талбар болгож байна. УИХ, яамд, шүүх, цагдаа, эмнэлэг, сургууль гээд бүх газар албан тушаалыг, дипломыг, ялыг, газар нутгаа, шударга ёсыг, улс орноо, ирээдүйгээ худалдаалж байна. Энэ бүхэн Намчирхсан тогтолцооноос л буй болсон юм.


Бид нэг л намтай. Тэр нь Монгол улс. Бид нэг л зарчимтай. Тэр нь та бидний энэ улс орныхоо хувь заяаг шийдэхээр сууж буй нэг танхим.


Бид бүгдээрээ монгол хүмүүс. Монгол эх орны аугаа түүхийн өмнө гавъяа байгуулах уу, гай тарих уу гэдгээ сонгох цаг ирээд байна. Монголын ард түмэн та бидэнд итгэл хүлээлгэж улс эх орноо энэ зогсонги, хямралт байдлаас гарган хөгжүүлж, хүчирхэгжүүл гэж онцгой томилолт өгсөн. Түүнээс биш нам бүлгээрээ талцаж, эсвэл ар хударгаараа хуйвалдаж албан тушаал, эрх мэдэл наймаалц гэж сонгоогүй. Бидний баялгийг гадныхны халаасанд хийх ажлаа дуусгаадах гэж сонгоогүй.


Энэ их хурал бол түүхэн хариуцлагатай их хурал. Бид хариуцлагыг хууль болгосон анхны Их хурал болъё. Нийгмийг бүхэлд нь бузарлан, тонож дээрэмдэж буй намчирхсан тогтолцоог тас цохисон анхны Их хурлынхан болцгооё. Намчирхсан энэ тогтолцоог л тас цохиж чадвал бид бүгдийг хийж чадлаа гэсэн үг. Тэгвэл бид гайхамшигтай том боломжуудыг өмнөө нээх болно. Намчирхаж эрх мэдэл наймаалцдаг өнөөгийн систем энэхүү гайхамшигт боломжуудыг харах нүдийг минь хааж, хэрэгжүүлэх боломжийг минь хясаад байгаа юм.

Тиймээс бид идээшиж бугшсан энэ аймшигтай тогтолцооны идээ бээрийг хайр найргүй шахаж, “Үндэсний эрх ашиг” гэсэн ганцхан шүүлтүүрээр бүхнийг хатуу шүүдэг анхны парламент болъё. Ийм жишгийг тогтооё. Ганцхан удаа, энэ дөрөвхөн жилд олон жилийн ужиг өвчин болсон нам бүлгийн болон хувийн эрх ашгийг хангах эрмэлзлийг Үндэсний эрх ашгийн төлөө зориглон зогсооё.

Бүлгэрхэн хуйвалдаж, эрх мэдлээ хадгалахын төлөө улс орныг тонон дээрэмддэг, намчирхаж бугшсан тогтолцоог халж, иргэншсэн нээлттэй, жинхэнэ ардчилсан тогтолцоо руу оруулах эхлэлийг зориглон тавья. Тэгвэл цаашид ийм жишиг баттай тогтоно. Төрийн түшээ болох гэж мөнгө цацаж, өөрийгөө магтаж, улайран байж гараад түүнийгээ нөхөх шаардлага алга болно. Ингэж чадвал бид 76-уулаа түүхэнд тодрон үлдэнэ. Монгол улсыг хүчирхэг болгон хөгжүүлэх үндсийг тавьсан, нам бүлгийн болон олигархийн эрх ашгийг тас цохисон баатрууд болж түүхэнд үлдэцгээе. Зарим нэг нь үүнийг сөрж магадгүй. Өнөөх сувдаг эрх ашгаа бодсон нам бүлгүүд араас тань хүчтэй хатгана. Ердөө үүнийг ганцхан удаа зориг гарган эсэргүүцэхийг та бүгдээсээ хүсч байна. Улс орныхоо, ард иргэдийнхээ, ирээдүйнхээ төлөө ийм зориг гаргахыг цаг үе Та биднээс шаардаж байна.

Үүн дээр парламентын зөвшилцөлд хүрч, цаашлаад үндэсний зөвшилцөлд хүргэх эхний гараа болгоё. Төрийн түшээд нь өөрсдөө үлгэрлэн жишиг болъё. Тэгвэл цаашид ийм жишиг баттай тогтоно. Шалгуур тогтоно. Хувийн, бүлгийн эрх ашгаа зүтгүүлж, Монголыг цөлмөж, тонон дээрэмдэж байсан цөөврийн бүлэглэлүүдэд Монголын төрд багтах газар үгүй болно. Тийм бузарлагчдыг төрийн тайзнаас үлдэн хөөж төрөө шимэгчдээс бүрэн цэвэрлэе. Төрийн түшээгийн энэ эрхэм суудалд шунамхайран улангасч тэмүүлэх биш, баргийн аавын хүү, ээжийн охин цэрвэн сүрддэг өндөр босго болгох жишиг тогтооё. Энэ дөрөвхөн жилд түмэн олон монголчуудаа бус өөрсдийн биеийг эцэст нь тултал шавхан зовооё.


Ингэж чадвал сая монголчуудын дээдлэн ярилцдаг, сүлдэндээ мөргөдөг Монгол төрийг буй болгож чадна. Төрийн түшээ гэдэг энэ нэр тос, өрөм хамдаг шагнал бус асар том хариуцлага болж тогтоно.

Хүн нэг бүр өөр дээрээ тулгаж бодвол энэ тийм ч амар үйл хэрэг биш. Араас тань сонгуулийн ажлыг тань дэмжиж санхүүжүүлсэн бүлгүүд болон нам бүлгийн өчүүхэн эрх ашгийн бүлгүүд та бүхнийг дайрч дарамтлах болно. Гэвч Монгол орны төлөө гэсэн чин сэтгэл байвал хийж байгаа болгоныг тань ард нийтээрээ талархан дэмжинэ. Эцэст нь энэ бүхнээс гарах үр ашгийг ойлгоод өнөөдөр саад болох гэсэн нам, бүлэглэлүүд ч дэмжих болно. Үндэсний хөрөнгөтнүүд ч дэмжинэ. Бид намжсан тогтолцоогоо таягдан хаяж чадвал эрх мэдэл, олз ашигт батгана шиг шавааралдсан бэртэгчингүүдийн оронд Үндэсний хамгийн шилдэг оюун санаануудыг нэгтгэж, тэр асар их хүчийг улс орноо өөд татах хөгжлийн зүг зүтгүүлж чадна.

Ингэж Монголчуудын олон зуунаар хүсэн хүлээсэн ялалт, хүчирхэгжил, нэгдлийн эхлэлийг Та бид тавина. Бид бүхэнд цорын ганц эрх ашиг бий. Энэ бол Үндэсний эрх ашиг. Үндэсний эрх ашгийн цаана Монгол хүн бүрийн амьдрал, ирээдүй, Монгол орны хөгжил, Монгол Үндэстний сэргэн мандалт, хүчирхэгжил бий.


Бид бол Монголын ард түмнээс сонгогдсон энэ орны хууль ёсны удирдагчид. Бидний гарыг хөшигний цаанаас хүүхэлдэй шиг хөдөлгөх эрхийг хэнбугайд ч зөвшөөрөхгүй. Хөшигний цаанаас та бүхнийг шахаж удирдах гэсэн хэн ч энэ улс орныг хэзээ ч бодож байгаагүй. Амин хувийн, нам бүлгийн өчүүхэн эрх ашгийг тэд улс үндэстний эрх ашгаас ямагт дээгүүр тавьсаар ирсэн, тэгсээр ч байх болно. Бид энэ удаа л таслан зогсоохгүй бол хэзээ ч дуусахгүй эрх мэдэл, албан тушаал, эд баялгийн энэ хэнээрхэл хэзээ ч дуусахгүй.

Тэдний тоглоомын золиосонд өнөөдөр улс орон, газар нутаг, түүний доорх баялаг, хамгийн гол нь Монголын ард түмэн хоосрон зэрэмдэглэгдэж дуусч байна. Та бүхнийг хэн ч дарамтлан шахах ёсгүй, бид ард түмнээс авсан эрхээ ямар ч бүлэглэлд алдаж болохгүй. Бид л тэдэнд эрхээ алдчихгүй бол тэдэнд хэн ч эрх өгөөгүй. Энэ улс орон эзэнтэй гэдгийг хөшигний ард наймаалцдаг эрх мэдлийн ичгүүргүй панзчдад нэг л удаа зориглоод харуулчих. Бид УИХ-ыг Монголын эзэнт гүрний Их Хурилдай шиг бүрэн эрхийнхээ дагуу улс орноо удирдан хөтлөх дээд байгууллага болгоё.

Энэ 76 дотроо намчирхаж, бүлгэрхэж, бие биенээ татан унагаж, эрх мэдлийн хор найруулж, хонжоо хайж биш, бие биенээ дэмжиж, итгэж байж л хөгжлийн суурийг тавьж чадна. Ингэж чадвал бидэнд маш их боломж нээгдэнэ. Биднийг сонгосон, биднийг харж буй Монголчууддаа сэтгэлд нь гал асааж, итгэл өгье. Сэтгэл зүрхэндээ эх орноо тээж явдаг тэдэнд Монголдоо шударгаар амьдрах боломжийг өөрсдөө үлгэрлэн нээж өгье. Эерэг санаачлагыг хүлээн зөвшөөрч, боломж бүрт бие биенээ дэмжих эхлэлийг тавья. Өөрсдөө үлгэрлэн харуулъя. Үндэсний зөвшилцлийн эхлэл болгож парламентын нээлттэй, шударга зөвшилцөлд хүрье. Үүний тулд Намчирхсан тогтолцоог халж, оронд нь Үндэсний эрх ашгийг хамгийн дээр залсан Үндсэн хуулиа баталъя.

1992 оноос хойших бүх сонголтууд монголчуудыг хамтрахыг, эвлэлдэн нэгдэхийг шаардаж байж. Гэхдээ энэ шаардлага хүсэлтийг нь намууд буруугаар хэрэгжүүлж байжээ. Хамтарсан засгийн газар байгуулж, албан тушаал хувааж биш, хамтарч гол цөм асуудлаа шийдэхийг шаардаж байжээ. Нам намаараа талцахыг биш намчирхлаас салж үндэсний эрх ашиг дээрээ нэгдэхийг сануулсан сонголт хийж байжээ. Энэ удаа дахин ийм сануулга өгч байна. Хэн сайд болох вэ, хэнийгээ сайд болгох вэ гэж биш яавал Монголоо аврах вэ гэж бүгдээрээ бодоцгооё. Хамтарсан засгийн газар Монголыг аврахгүй ээ. Хамтарсан засгийн газар бидний дуншсан эмгэнэлт замыг л уртасгана. Хамтарсан засгийн газар дахин нэг МАНАН үүсгэнэ эсвэл будан үүсгэнэ. Дөрвөн жилийн дараа амлалтаа биелүүлсэн биелүүлээгүй, засагт орсон гарсан тухай хэрүүлтэй дахин нэг иймэрхүү сонгуультай л сууцгааж байх болно. Одоо больцгооё. Хамтарсан засгийн газрын улигт, гунигт түүхийг давтан үргэлжлүүлэлгүй, бүх намын гишүүн болон намгүй монголчуудын эвлэрлийн, монгол үндэсний их эв нэгдлийн эхийг тавьцгаая.

Яг одооноосс бүгдээрээ хамтын зоримог шийдвэр гаргацгаая. Аль ч хүчин нь засгийн газарт орохоо больё. Үндсэн хуулийн өөрчлөлтөө ярилцацгаая. Одоогийн парламентад орсон хүчний харьцаагаар түр засгийн газар байгуулж шинэ V Үндсэн хууль батлагдтал улс орны аж ахуйн асуудлыг эрхлэн авч явах үүрэг хүлээлгэе.


Үндсэн хууль батлагдмагц түүний дагуу улстөрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлах болно. Ингээд шинэ Үндсэн хуулиар шинэ сонгуулийн хуулиар шинэ Үндэсний Их Хурилдайгаа /парламентаа/ байгуулъя. Үүний дараа эрх баригч ба сөрөг хүчин гэж төрийн хүмүүс хоорондоо химлэлдэхгүй болно. Манай нам танай нам гэж иргэд хоорондоо талцахгүй болно.

Ганц олдсон эрхээ дөрвөн жил хадгалъя, дараагийн дөрвөн жилд дахин сонгогдох бололцоог эндээсээ олж авна гэж бодолгүй Монголын түүхэнд үүрд хадгалагдах бололцоогоо олж харцгаая. Өнөөдөр Монголын төрд үүрэг хүлээж байгаа хүн бүхэнд, тухайлбал бид 76-д Монгол үндэстний түүхийн өмнө энэ том шинэтгэлийг хийх бололцоо тохиож байна. Өнөөдөр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчид ийм бололцоог түүх дахин олгож байна. Бид үүнийг алдвал Мөнх хөх тэнгэр дахин хэзээ биднийг ивээх цаг ирэхийг хэдэн үеэрээ хүлээж суух бололцоо олдох болов уу?

Бид нэг л намтай. Тэр нь Монгол. Бид нэг л эрх ашигтай. Тэр нь үндэсний эрх ашиг. Их эвдэрлийн үүдийг хааж үндэсний их эвлэрлийн эхийг тавих ховор бололцоог түүх бидэнд олгож байна

 


Нэгдэцгээе ахан дүүс ээ, эвлэлдэцгээе монголчууд аа!

УИХ-ын гишүүн Гантөмөрийн УЯНГА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж