Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаа өнөөдөр 18.00 цагт хийхээр зарлажээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрыг хамтран байгуулах саналыг УИХ дахь нам эвслийн бүлгүүдэд бүгдэд нь хүргүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор МАН өнгөрсөн бямба гаригт Бага хурлаа хийж, Засгийн газарт хамтрах шийдлийг гаргасан. Мөн ИЗНН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг Шийдлийн Засгийн газарт хамтрах хүсэлтэй байгаагаа УИХ дахь Ардчилсан намын бүлэгт илэрхийлээд байгаа. Тиймээс эл асуудлыг Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр хуралдаж, шийдвэрээ гаргах юм байна.
Сануулахад, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо нь өнгөрсөн сард хоёр ч удаа хуралдаж, УИХ дахь Ардчилсан намын бүлэгтээ тодорхой даалгавруудыг өгсөн юм. Түүнд Засгийн газрыг цаг алдалгүй байгуулахыг үүрэг болгосон. Ингэхдээ Засгийн газрыг байгуулах эрхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт даалгасан ч зарим нэг асуудлыг тодруулах, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээсээ эрх авах нөхцөл үүссэн байж болзошгүй аж.
МАН Бага хурлаасаа Засгийн газарт хамтрах шийдвэрийг гаргахдаа УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэгтэй зөвшилцөх хүрээнд өрийн босгыг нэмэгдүүлэхгүйгээр эдийн засгийн хямралыг даван туулах, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж цахим машинаар тоолсон саналыг гараар тоолох, үлдэж буй 1.6 жилийн хугацаанд дан ганц Ардчилсан намын мөрийн хөтөлбөөр биш хамтарсан бодлогоор ажиллах зэрэг шийдэлд хүрсэн гэж мэдэгдэж буй. Харин үүнийг нь Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо дахин нягтлах бололтой.
Г.ДАРЬ