“News” цаг хугацаатай уралдсан 10 жил…

Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

“News” цаг хугацаатай уралдсан 10 жил…

“Ардын эрх” сонины Парламентын сурвалжлагч гэж дуудуулж явсан үе 2007 он. Тухайн үед Хариуцлагатай нарийн бичгийн дарга С.Гантогоо улс төрийн албыг давхар хариуцаж, Д.Оюунцэцэг буюу Они маань тоймчоор, Ц.Булганзаяа, С.Баттулга бид гурав сэтгүүлчээр ажилладаг байв. Они улс төрийн даацтай бичлэгүүдийг, нөгөө хоёр маань гишүүдтэй нүүр тулсан сонирхолтой ярилцлага хийдэг байсан болохоор цаг үеийн мэдээ, мэдээллийг алдалгүй түүх нь шинэхэн сурвалжлагч миний гол үүрэг байлаа. Тэр зун редакц дээр таван залуу ойр ойрхон үзэгдэх болж, эрхлэгчийн өрөөнд өнждөг байснаа сүүлдээ бүр редакц дээр ирж төвхнөөд авсан нь “Содон солушн”-ыхан байсан юм. А.Амундра гэх өндөр залуу “Ардын эрх” сонины редакцийг түшиглэж, мэдээллийн портал сайт байгуулах болсон талаар нэг л өглөөний шуурхай дээр танилцуулж, нэг сэтгүүлч дунджаар сайтад 8-10 контент нийлүүлэх, дээрээс нь “Ардын эрх” сонинд хийдэг байснаа хийх даалгавар өгч билээ. Тухайн үед энэ нь дааж давшгүй их ачаа шиг санагдаж байсан. Гэвч ердөө нэг сарын дараа гэхэд редакц энэ ачааллыг даагаад зогсохгүй, давуулан биелүүлээд эхэлсэн юмдаг. Ингээд л “Ардын эрх” сонин, “News.mn” сайтын сурвалжлагч гэх давхар албыг хашихаар өөртөө томдсон нөөтбүүк бариад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг шууд дамжуулна гээд догдолж явсан маань өчигдөрхөн мэт. Тухайн үед цөөхөн сайт, өдөр тутмын сонинууд л байж. Шаардлагатай үед ганц нэг телевиз шууд дамжуулдгийг эс тооцвол парламентын мэдээ хамгийн хурдандаа оройн мэдээгээр, за тэгээд сонин сайтад бол бүр маргааш өглөө нь нийтлэгддэг байсан үе. Нэг л өглөө ирэхэд эрхлэгч Б.Тэмүүлэн “За энэ нөөтбүүкийг хүлээж аваад ордноос мэдээгээ дамжуулаад байгаарай” гэдэг үүрэг даалгавар өгсөн. Ордны инженертэй уулзаж, утасгүй интернетэд нөөтбүүкээ холбуулснаар мэдээг маш шуурхай дамжуулах бүхий л нөхцөл бүрдсэн юм. Бичсэн мэдээ хоёр минутын дараа дугаар удирдагчид хүрч, таван минутын дотор л “News.mn” сайтад тавигддаг байсан болохоор урамшиж байгаа ч гэж жигтэйхэн. Ингээд л улам хурдан, улам олон мэдээ бичих гэж цайны цагаар ч нотебүүкээ тоншоод суудаг боллоо. Парламентын сурвалжлагчид гэж нэгэн үеийн нэг ангийнхан шиг ижилдсэн нөхдүүд маань тухайн үед “Нээх л мундаг, нөөтбүүк барьсан хүн. Хэнхэг тусав аа” гэж ирээд л шоолдог байж билээ. Тэдний шоолдог нь ч бас аргагүй. “News.mn” сайт туршилтын журмаар ажиллаж байсан болохоор миний бичсэн мэдээ таван минутын дараа сайтад нийтлэгдэж байгааг хэн нь ч мэдээгүй байсан хэрэг. Харин тун удахгүй “News.mn” сайт албан ёсоор нээгдэхэд жинхэнэ том сенсаац тарьсан юм даа. Маш хурдтайгаар “News.mn”-ын мэдээ шинэчлэгдэж байлаа. Шуурхай, улам илүү шуурхай байх гэж редакцийн зүгээс бүхий л оролдлогыг хийж байсан нь санаанд тодхон үлдэж. “Молекул” буюу Батж.Батбаяр гишүүн 2007 оны аравдугаар сарын 17-ны өдөр 11.00 цагт өрөөндөө Монгол банкны талаар нэг их дуулиантай хэвлэлийн хурал хийсэн юм. Тэрийг нь дугаар удирдагч А.Алтантуяатай утсаар холбогдож шууд дамжуулж байлаа. Ингэж “Яг одоо Батж.Батбаяр гишүүн өрөөндөө хэвлэлийн хурал хийж байна. Хэдхэн дарга нар эрх мэдлээ урвуулан ашиглаж, Монголбанкнаас 400 гаруй тэрбум төгрөгийг хууль бусаар зарцуулсан талаар тэрээр мэдээллээ гэж “News.mn” дээр нийтлэгдсэнээс үүдээд УИХ-ын гишүүд рүү гадаад, дотоодоос танилууд нь залгаж, бөөн дуулиан дэгдээсэн талаар чуулганы танхимд халуухан яриа өрнөв. Энэ үеэр Р.Амаржаргал гишүүн “За гишүүдээ бид чуулганы танхимд хэлэх ярих үгээ бодож, маш хариуцлагатай ярьж байхгүй бол болохгүй нь. Томоохон портал сайт гарч ирээд бидний энд хэлсэн үгийг дэлхийн нөгөө захад суугаа хүмүүст таван минутын дотор хүргэж, нөгөөдүүл нь эргүүлээд утсаар залгаж, Монголд үнэхээр ийм зүйл болоод байгаа юм уу гээд тодруулаад байна шүү” хэмээн гишүүддээ анхааруулж байх вэ. Энэ үг нь ч мөн л таван минутын дараа “News.mn” сайт дээр тавигдаж, орлогч эрхлэгч Д.Нарантуяагаас “Сайн байна” гэх урмын үг сонссон маань өнөө хэр мартагддаггүй юм. Яг л үүн шиг НАМША буюу нийгмийн амьдрал шуурхай мэдээллийн алба, Урлаг соёл, спортын алба, Эдийн засгийн алба гээд салбар тус бүрт өөр хоорондоо уралдан, шуурхай мэдээллийг тал талаас сайт руугаа илгээж байлаа. Зарим үед хандалт хэт ихэссэнээс үүдээд сайт гацах тохиолдол ч гарч байв. Гадаад, дотоодоос зориуд санаатайгаар хакердах оролдлогууд ч их, үүнээс хамгаалж Содон солушныхан болон инженер Б.Өлзийбаяр нар 24 цагаар редакц дээр жижүүрлэж хонодог байсан. Гадаад мэдээний орчуулагч Ш.Мягмарсамбуу ах дэлхий дахинд болсон үйл явдлын мэдээ мэдээллийг цаг алдалгүй орчуулан тавьж, зарим өдөр 40 хүртэл контент нийлүүлж рекорд тогтоож байсан удаатай. Энэ бол цаг хугацаатай уралдсан манай редакцийн ялалт байлаа. Мөн “News” агентлагийн зүгээс Монголын сэтгүүлзүйн шуурхай байдалд хийсэн “тэсрэлт” байлаа. Өчигдрийг өнөөдөр, өнөөдрийг яг одоо болгон хувиргаснаар мэдээллийн хурд маш богино хугацаанд асар эрчтэйгээр нэмэгдсэн. Одоо бол яг газар дээрээс нь шууд дамжуулдаг болж. “News.mn” яг л энэ эрчээ алдалгүй цаг хугацаатай уралдан “даргилан буцалсаар” өдийг хүрч. “Монголын түүхийг бичсэн 10 жил”-ийн нэгээхэн хэсгийн гэрч болж, энэ эрч хүчтэй хамт олны дундаас сэтгүүлч болох ажлын гараагаа эхэлсэн би азтай хүн. “News.mn” ямагт шуурхай бас тэнцвэртэй, олон талын эх сурвалжтайгаар бодит мэдээллийг мэргэжлийн түвшинд бэлтгэн хүргэдгээрээ олны талархлыг хүлээсээр ирсэн. Сэтгүүлзүйн өндөр түвшинд бэлтгэгдсэн, хүчирхэг баг яг энэ мөчид ч гэсэн цаг хугацаатай уралдан мэдээ, мэдээллийг түгээж байгаа. Түүнийг нь та бид шимтэн уншиж суугаа. Тухайн үед “Нялх Сэнгүм” фракцынхан хэмээн дуудуулж явсан Ж.Нямсүрэн, Б.Бадамгарав, Г.Нэргүй, Л.Нарантөгс нар маань өнөөдөр “News” агентлагийнхаа алба хариуцсан редакторууд болжээ. “News” агентлагийн үе үеийн хамт олонд болон нийт хэрэглэгчдэд “Монголын түүхийг бичсэн 10 жил”-ийн ойн баярын мэнд хүргэе. Өглөө бүрийг “News.mn”-тэй угтдаг үнэнч хэрэглэгчдийн нэг нь би.

Сэтгүүлч Г.Буянхишиг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж