News агентлагийн хамт олонд 10 жилийн ойн байрын мэнд хүргэе. Тус агентлагаас эрхлэн гаргадаг News.mn сайт нь Монголын хэвлэл мэдээллийн орон зайд өөрийн байр суурийг олсон, уншигчдад хэрэгтэй байгаа тэр мэдээллийг цаг тухайд нь цаг алдалгүй, даацтайгаар өгч чаддаг мэдээллийн хамгийн том сувгуудын нэг яах аргагүй мөн. Ялангуяа боловсрол, хүүхдийн асуудалд ач холбогдол өгч, анхаарал тавьж ажилладагт нь, ийм сэтгэлтэй хүмүүс энэ хамт олонд ажилладагт би хувьдаа талархдаг. Арван жилийн түүх гэдэг маш их туршлага. Бас залуу, эрч хүчтэй хамт олон учраас цаашдаа ч гэсэн Монголын шинжлэх ухаан, монголчуудын боловсролд анхаарал тавьж, асуудал дэвшүүлж, урамшуулан дэмжих чиглэлээр өнөөдрийг хүртэл хийсэн ажлаа үргэлжлүүлэх байх гэж найдаж байна. News агентлагийнхан нийгэмд облж бүтэхгүй байгаа зүйлийг анхааруулж сэрэмжлүүлэхээс гадна болж бүтэж байгаад нь урам өгч дэмждэг, шинэ технологиудыг ард түмэндээ байнга танилцуулдаг сайхан хамт олон учраас цаашдын хөгжил дэвшил нь улам эрчимтэй байна гэдэгт би итгэлтэй байна.
Ялангуяа агентлагийнхаа 10 жилийн ойгоор уншигчиддаа цоо шинэ бэлэг барьж, монгол бичгийн контентийг шинээр гаргаж байгаа нь үнэхээр гайхамшигтай зүйл болж байна. Бид хүүхдүүдтэй монгол бичиг заадаг боловч унших материал, хэрэглэх хэрэглээ нь хязгаарлагдмал учраас амархан мартагдахад хүрдэг. Харин манай хэвлэл мэдээллийн байгууллагуудаас News.mn сайт анх удаагаа монгол бичгийн хэрэглээг ийм өргөн хүрээнд, хүртээмжтэйгээр бий болгож байгаа нь үнэхээр баярлууштай, бахархаж талархмаар зүйл болж байна. Тиймээс энэ шинэ контентоо улам их хөгжүүлж, хүүхэд, залуучуудад зориулсан монгол ахуй, Монголынхоо түүх, соёлтой холбоотой олон сонирхолтой контентуудыг монгол бичгээр гаргаасай гэж хүсье. Бид удахгүй УИХ-аар Монгол хэлний тухай хуулийг батлан гаргахаар зорьж ажиллаж байна. Энэ хууль дотор монгол бичгийг хөгжүүлэх бодлогыг онцгойлон суулгаж, монгол бичгийн энэ мэт хэрэглээг урамшуулсан, хөхүүлэн дэмжсэн бодлогыг төрийн зүгээс хэрэгжүүлэх болно. Үргэлж шинийг эрэлхийлж, шинэ технологиудыг монголчууддаа танилцуулж байдаг News агентлагийн хамт олонд үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойд нь, монгол бичгийн анхны сайтыг монголчууддаа танилцуулж байгаад нь чин сэтгэлээсээ баяр хүргэе!
УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Лу.Гантөмөр