Нийгмийн даатгалын сангийн асуудлаар санал солилцов

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалын сангийн асуудлаар санал солилцов

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат өнөөдөр БНХАУ-ын Нийгмийн даатгалын сангийн Үндэсний зөвлөлийн дарга ноён Дай Шиалон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын  нийгмийн даатгалын салбарын өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж санал солилцов. УИХ-ын хаврын чуулганаар эрүүл мэнд, нийгмийн даатгал, тэтгэвэрийн шинэчлэлийн асуудлууд, хөдөлмөр эрхлэлт, халамжийн  гээд нийгмийн асуудалтай холбоотой  хуулиуд хэлэлцэж байгааг Байнгын хорооны дарга онцлоод, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгүүд хөрш зэргэлдээ улс орнуудаас энэ чиглэлийн туршлага судлах нь чухал гэдгийг хэлсэн. Мөн ирээдүйгээ даатгасан  нийгмийн хамгаалал, нийгмийн даатгалын салбарт хоёр талын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ.

Ноён Дай Шиалон цаг зав багатай байгаа ч төлөөлөгчдийг хүлээн уулзсанд Байнгын хорооны даргад талархалтай байгаагаа  илэрхийлэв. Тэрбээр,  2005 онд Тяньжин хотын захирагч байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг хүлээн авч байснаа дурсч,  монголын ард түмэн, монгол үндэстэнд сэтгэл хангалуун байдгаа хэлсэн юм. БНХАУ-ын Төрийн зөвлөл 2000 онд Нийгмийн даатгалын сан байгуулахаар тогтож, сангийн хөрөнгийг удирдан зохицуулах Үндэсний зөвлөлийг байгуулжээ.

Тус сан насжилтын асуудлыг шийдвэрлэх болон ирээдүйд нийгийн даатгалын санд гарах хомсдлыг арилгах үүднээс стратегийн нөөц хөрөнгө, хуримтлал бүрдүүлэх зорилготой  байгуулагдсан байна. Түүнчлэн сангийн тодорхой хувийг олон улсын зах зээлд хөрөнгө оруулахад зөвшөөрөгдсөн байдаг гэлээ. Ноён Дай Шиалон байгалийн баялгаас орж байгаа баялгаасаа сан бүрдүүлж ирээдүйд тэтгэвэрийн тогтолцоонд гарах эрсдлийг арилгадаг Норвеги улсын туршлагыг жишээ татан ярьж байв. Мөн тэрээр монгол улсын эдийн засгийн хөгжлийг маш гэрэл гэгээтэйгээр харж байгаагаа хэлж, цаашид нийгмийн тогтолцооны харилцааг дэмжиж хамтран ажиллах боломжтой гэлээ. Уулзалт ажил хэрэгч, элэгсэг дотно байдалд боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж