ЭТТ хувьчлал дахиад хойшлогдох уу?

Хуучирсан мэдээ: 2014.12.01-нд нийтлэгдсэн

ЭТТ хувьчлал дахиад хойшлогдох уу?

Тавантолгойн ордын эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийг менежментээр хувьчлахаар болсон. Хувьчлалыг хариуцсан ажлын хэсгийг өмнө нь тур үеийн ЗГХЭГ-ын дарга одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ахалж байсан билээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нд Тавантолгойн тенперийн ялагчийг тодруулахаар зарласан ч компаниудын идэвх муу байсан учраас дахин нэг сараар хойшлуулж арванхоёрдугаар сарын 1 хүртэл хугацааг нь сунгасан юм. Тэгвэл эх сурвалжаас авсан мэдээгээр Тавантолгойн тендерийн ялагчийг тодруулах ажил дахиад л хойшилж магадгүй байна.

Сонгон шалгаруулалтад оролцох эрхийг өмнө нь тендерт ялж байсан АНУ, Хятад, Япон, Солонгосын консерциумд олгож, үндэсний аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах бодлого барьж буй ч нүүрсний үнэ, улстөрийн нөхцөл байдлаас шалтгаалж, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьчлалд оролцох сонирхол компаниудад бага байгаа бололтой. Учир нь арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй компаниуд бичиг баримтаа Засгийн газарт ирүүлэх ёстой байсан ч сонгон шалгаруулалтад оролцохоор бичиг баримтаа явуулсан компани тун цөөн байгааг ажлын хэсгийн зарим эх сурважл онцолж байна. Одоогоор Хятадын “Шинхуа” болон Монголын “Энержи ресурс”, МАК зэрэг компаниуд хувьчлалд оролцох хүсэлтээ ирүүлжээ.

“Эрдэнэс Тавантолгой”-г менежментийн хувьчлалын гол зорилго бол өндөр технологитой, сайн менежменттэй, хөрөнгө санхүүгийн чадавхитай дотоод, гадаадын компаниудыг гэрээгээр ажиллуулж, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах явдал юм. Өөрөөр хэлбэл, өмч нь төрд, харин үйл ажиллагааг нь хувийнханд хариуцуулахаар болж байгаа юм. Тавантолгойн ордын тендерт ялсан ялагч Хятадын Чалко компаниас зээлсэн 350 сая долларын үлдэгдэл болох 110 сая долларыг өр төлөх ёстой.

Тавантолгойн  ордыг ашиглах, олборлох, борлуулах ажлыг хариуцах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох тендер 2011 онд явагдсан. Энэхүү тендерт  хоёр жилийн өмнө зургаан компани тунаж үлдсэн нь АНУ-ын “Пибоди”, БНХАУ-ын “Шинхуа Энержи”, Орос, Япон, Өмнөд Солонгосын хамтарсан консорциум болон Австралын “Экстрата Коул” , Бразилийн “Вале”, Люксембургийн “Арселар Метал”  нар юм.  Дээрх оролцогчдоос БНХАУ-ын Шинхуа  групп 40, АНУ-ын Пибоди  24, Орос-Монголын хамтарсан консерциум 36 хувь /18:18/-ийг хамтран эзэмшихээр шийдвэрлэсэн ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэхүү сонгон шалгаруулалтыг буцаасан. Тэгвэл энэ удаагийн тендерт өмнө нь тунаж үлдсэн зургаан оролцогчид дахин оролцох боломж олгож байгаа юм байна.  Тодруулбал, Тавантолгойн ордод стратегийн хөрөнгө оруулагчийг эдгээр зургаагаас дотроос сонгож, “Эрдэнэс Тавантолгой”-н  49 хувийг өгөх юм. Харин үндэсний компаниуд тус компанийн 51 хувийн төлөө өрсөлдөнө. Өмнө нь Тавантолгойн зүүн Цанхид “Эрдэнэс Тавантолгой”, баруун Цанхид стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулахаар тендер зарлаж байсан бол энэ удаад зүүн, баруун  Цанхийг хоёуланг нь хөрөнгө оруулагчид даатгахаар болжээ.  Илүү тодорхой хэлбэл, сонгон шалгаруулалтаар шалгарсан компани  “Эрдэнэс Тавантолгой”-г удирдах юм.

Одоогоор хувьчлалын ажил зогсонги байдалтай, Засгийн газрын үйл ажиллагаа эхлэхийг харж компаниуд ч хүлээлтийн байдалтай байгаа гэнэ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа авахдаа Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаа амалсан билээ.

Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж