“Миний бие дүр нас өндөр, бие чилээрхүү болжээ. Иймд амьтны тусыг төдийлөн сайн үйлдэж чадсангүй. Миний дараагийн X дүр Монгол орондоо Монгол хүн болж, шашин амьтны тусыг агуу ихээр бүтээх болно” хэмээн IX Богд Жавзундамба айлдсан. Түүний хойд төрлийн талаар ч Далай лам батлан хэлсэн юм. Харин сүүлийн үед X Богдын талаар янз янзын мэдээлэл гарах болсон. Гэхдээ албан ёсны мэдээлэл хараахан байхгүй байна. Тэгвэл уншигчиддаа сонирхуулах үүднээс Богдуудын талаарх товчхон мэдээллийг хүргэж байна.
I Богд: Халхад тодорсон анхдугаар Богд буюу Өндөр гэгээн Занабазар нь Түшээтхан Гомбодоржийн Ханджамц хатнаас 1635 онд мэндэлжээ. Тэрбээр энэ хорвоод 88 насны сүүдэр зооглож 1723 онд жанч халжээ. Түүний үхэлд Манжийн эзэн хааныг нөлөөлж, туслахаар нь хороосон хэмээн түүхийн бүдгэрч, баларсан хуудаснаа тэмдэглэжээ. Өндөр гэгээн Манжид дагаар орж байхдаа "Би өөрийн биеэр Манжаас бас гаргаж тусгаар болгоно" гэж тангараг өргөсөн гэдэг. Харин түүний энэ үг үнэн болохыг хожмын VIII дүр нь баталсан бөлгөө.
II Богд: Халх Ойрдын ван, гүн нарын Манжийн хааны эсрэг тэмцсэн бослогыг тууштай дэмжигч энэ хүнийг Лувсандэмбийдамба гэдэг. 1724 онд Чин ван Дондогдоржийнд мэндэлсэн. Ээж нь Билэгт гэдэг эмэгтэй байжээ. Тэрээр дээр өгүүлсэн босогчдыг дарагдсаны дараа 1757 онд учир битүүлгээр таалал төгсжээ. Цаад учир нь мөн л улс төрийн золиос байсан гэх таамаг бий.
III Богд: Энэ хүнээс эхлэн Халхын Богдууд Түвд орноос тодрох болов. Учир нь Монгол хүн байх нь хэт их үндэсний үзэл гаргаад байсанд оршсон гэж хутагт, хувилгаадууд үзсэн байна. Гэвч тэрбээр 16 наслаад 1773 онд таалал болсон.
IV Богд: 1775 онд Түвдийн Лха гүн Янжиндулам нарын гэрт төрсөн хүүг Халхын IV Богд хэмээн тодруулан, Лувсантөвдөнванчүг гэж нэрийдэв. Тэрбээр 1813 онд 38 насандаа жанч халжээ.
V Богд: Лувсанчүлтэмжигмэд мөн л Түвд хүн. Эцэг нь Гомбодондов, эх нь Энхбүтэд. Тэрбээр 1815-1841 онд амьдарсан.
VI Богд: Эдгээр Богдуудаас хамгийн бага насалсан нь энэ хүн. Дөнгөж зургаан насыг зооглоод өөд болжээ. Түүнийг Лувсантөвдөнчойжижалцан гэдэг бөгөөд 1843 мэндлээд 1848 онд нас барж.
VII Богд: Арваанчойжинванчүгпэрэнлайжанцо хэмээх энэ хүн Мягмар залан хэмээх Түвд айлд 1849 онд төржээ. Эх нь Дуламцоо. Тэрээр 1868 онд 19-н настайдаа жанч халжээ.
VIII Богд: Монголын түүхийн хамгийн эгзэгтэй үеүд буюу XX зууны эхний хоёр хувьсгалыг удирдаж байснаараа бусдаасаа эрс ялгарах энэ хүн Агваанлувсанчойжиннямданзанванчүг хэмээх урт нэрээрээ мөн л гоц ялгарах аж. Тэрбээр Гончигцэрэн хэмээх Түвд түшмэлийн гэрт төржээ. Ээж нь Ойдовдулам хэмээх бүсгүй байж. VIII Богд нь 1924 онд мөн л учир битүүлгээр 55 насандаа тэнгэрт халив.
IX Богд: Монголын бурхан шашинтны төвийн тэргүүнээр заларсан IX Богд Жавзундамба нь 1932 онд Төвдийн Лхас хотын ойролцоо Томсиг гэх газар төрсөн бөгөөд 4 настайд нь Халх Монголын наймдугаар богд Жавзундамбын хойд дүрээр тодруулжээ. Найман настайдаа гэцүл сахил хүртэж, Жамбалнамдолчойжижанцан хэмээх сахилын нэртэй болсон байна. Ингээд 29 нас хүртлээ номын өргөөнд шавилан сууж байгаад Энэтхэг улс руу дүрвэн гарсан бөгөөд 2010 оноос Монгол Улсад заларч, 2011 онд шашны тэргүүнээр заларчээ.
�
Холбоотой мэдээ